Номын сан
3. Номлогчийн биеэ авч явах байдал


Зураг
Улаан орхимжтой Христ, Минэрва Тайчэрт

3

Номлогчийн биеэ авч явах байдал

3.0

Оршил

Энэ хэсэгт та Есүс Христийн илүү үнэнч шавь болохын хэрээр номлолынхоо туршид дадлагажиж, хөгжүүлэх ёстой номлогчийн зан байдлын жишгүүд болон Христийнхтэй адил шинж чанаруудыг тодорхойлдог. Бошиглогч Моронайн зөвлөснөөр, “Тэдний үйлүүдээр та нар тэднийг мэдэх болно хэмээсэн Бурханы тэрхүү үгийг би санаж байна; учир нь хэрэв тэдний үйлс сайн байх аваас, тэгвэл тэд ч түүнчлэн сайн бөлгөө” (Моронай 7:5).

3.1

Христийнхтэй адил зан байдал

Талархал, сайхан сэтгэл, хайр, даруу байдал, тэвчээр, өрөвдөх сэтгэл, дуулгавартай байдал зэрэг судрууд болон Миний сайн мэдээг номло номд дүрсэлдэг Христийнхтэй адил зан чанаруудыг хөгжүүлэхийн төлөө залбирч, ажилла. Аврагчийн туслалцаа, өөрийн чин сэтгэл, хичээнгүй чармайлтаар та Христийнхтэй адил зан чанаруудыг хөгжүүлж чадна (Мозая 3:19-ийг үзнэ үү).

Сайхан сэтгэлтэй, эерэг, өөдрөг бай. Хүн бүрийн нөхцөл байдалд бодолтой хандаж, өөртөө дараах асуултуудыг тавиарай. Үүнд:

  • Энэ хүнтэй холбоо барихад хэт оройтсон уу эсвэл хэт эрт байна уу? Энэ нь гэр бүлийн эсвэл хувийн цагийг нь зохисгүйгээр тасалдуулах уу?

  • Энэ нөхцөлд миний тусалж болох зүйл байна уу?

  • Энэ үйлдэл эсвэл тайлбар хэн нэгнийг ичээж, сүрдүүлж, гомдоох уу?

  • Энэ соёлд юу тохиромжтой вэ?

Та үйлчилдэг хэсэгтээ зочин нь бөгөөд тухайн хүмүүс, газар нутагт хүндэтгэл, талархалтай хандах ёстой. Ёс заншил, шашны итгэл, үйлүүд болон танай хэсэг дэх ариун газруудыг үргэлж хүндэтгэж бай. Таны үйлдэл хэн нэгнийг гомдоохоос болгоомжил. Таны юу хэлж, юу хийснийг сонсож, ажиглаж, бичиж авч магадгүйг санаарай.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 7.3-р хэсгийн “Бусдыг хүндэтгэх” мөн Gospel Library дээрээс Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь-ийн 38.6.14 дахь Ялгаварлан гадуурхах явдал гэдгийг үзнэ үү.

3.2

Ариун сүмд орох зохистой байдал

Их Эзэн Есүс Христ таныг “тийм ээ, би та нарыг цэвэр ариун болгож болохын тулд зүрх сэтгэлээ цэвэршүүл, мөн миний өмнө гараа мөн хөлөө цэвэршүүлэгтүн” (Сургаал ба Гэрээ 88:74) хэмээн урьсан. Ариун сүмийн гэрээгээ сахих нь энэ бэлтгэлийн нэг хэсэг болдог.

3.2.1

Ариун сүмийн гэрээ

Ариун сүмд байгуулдаг дуулгавартай байдал, золиослол, ариуслын гэрээнүүдээ сахих нь таныг хүчирхэгжүүлж, Аврагчтай илүү адилхан болоход тусална.

Таны номлолд ариун сүм байхгүй ч гэсэн ариун сүмийн эрхийн бичгээ хүчинтэй байлгах нь танд гэрээнүүдээ санаж байхад тусална. Эрхийн бичгийнхээ хугацааг дуусахаас өмнө номлолын ерөнхийлөгчөөсөө ариун сүмийн эрхийн бичгийн ярилцлагад орохыг хүс.

3.2.2

Ариун сүмд шүтэн бишрэх

Хэрэв ариун сүм ойр байдаг бол таны номлолын ерөнхийлөгч таныг болон бусад номлогчийг бэлтгэлийн өдрөөрөө хааяа орж байхыг зөвшөөрч болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7.4 дэх “Ариун сүмд орох” хэсгээс үзнэ үү.

3.3

Ариун явдлын хууль

Таны байгуулсан ариун сүмийн нэг гэрээ бол ариун явдлын хуулийг дагах явдал юм. Энэхүү нандин гэрээг зөрчихөд хүргэж болох бэлгийн замын уруу таталтаас өөрийгөө, хамтрагчаа болон бусдыг хамгаалахын төлөө чадах бүхнээ хий. Ариун явдлын хуулийг зөрчих зүйлсийг үйлдэх нь зарим газарт гэмт хэрэгт тооцогдож магадгүй.

Таныг Бурханы Сүнснээс салгах аливаа бодол эсвэл үйлдлээс зайлсхийх хэрэгтэй. Үүнд завхайрал, садар самуун явдал, ижил хүйстний үйл ажиллагаа, аман хавьтал, бэлгийн сэрлийг өдөөх, зохисгүй байдлаар биед хүрэх, ёс суртахуунгүй эсвэл бэлгийн явдлын шинжтэй зураг, видео мессеж илгээх эсвэл хүлээн авах, гар хангалга хийх, порнограф үзэх эсвэл хэрэглэх зэрэг үйлдлүүд орох боловч үүгээр хязгаарлагдахгүй (7.5.3-ыг үзнэ үү). Нэмэлт мэдээлэл авах бол Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимлын “Таны бие махбод бол ариун нандин юм” сэдвийг х. 22–29-өөс үзнэ үү.

“Сатан устгахыг” (Сургаал ба Гэрээ 132:57) мөн таныг “өөрийн адил зовлонт” болгохыг эрэлхийлдэг (2 Нифай 2:27) гэж Их Эзэн заасан. Тэрээр таныг хуурч, урхидаж, сүрдүүлж, ичээхийн төлөө хүмүүсийг төдийгүй зохисгүй мэдээллийн хэрэгсэл болон өөр бусад уруу татах зүйлсийг ашиглах болно. Жишээ нь: Таны илгээсэн байж болох нэр хугалмаар эсвэл зохисгүй зураг, мессежийг илчлээгүйнхээ хариуд мөнгөн төлбөр нэхдэг хүмүүсээс илүү их болгоомжил.

Танд эдгээр жишгийг дагахад бэрхшээлтэй байдаг бол эсвэл хэн нэгэн таныг сүрдүүлж байгаа бол Их Эзэнээс тусламж хүсээд, нэн даруй номлолын ерөнхийлөгчтэйгөө ярилц.

3.4

Шударга байдал

Таны ариун сүмд орох зохистой байдалд бусадтай харилцах бүх харилцаандаа шударга байх явдал багтдаг. Номлогчийн үйлчлэлд энэ нь дараах зүйлсийг багтаана. Үүнд:

  • Ялангуяа номлолын ерөнхийлөгчдөө өөрийн биеэ авч явах байдал, гэрчлэл, ажлын дадал зуршил, сэтгэл зүйн болон бие бялдрын эрүүл мэндийн талаар үнэнийг хэлэх;

  • Та ажлынхаа тухай мөн долоо хоногийн турш цагаа хэрхэн зарцуулснаа долоо хоногийн тайландаа үнэн зөв тайлагнах;

  • Номлолын мөнгөн санг хариуцлагатай хэрэглэж, үнэн зөв баримтуудыг тушаах;

  • Найдвартай байж, хамтрагчийнхаа болон хэн нэгний тухай худал тайлан эсвэл худал мэдээлэл хэзээ ч өгөхгүй байх;

  • Хэн нэгний хувийн эд зүйлийг (хувцас, ном, электрон хэрэгсэл, үнэт эдлэл гэх мэт) зөвшөөрөлгүй зээлэх, авах, хэрэглэхгүй байх, бусдыг хүндэтгэх.

3.5

Бусадтай харилцах

Аврагч “Би та нарыг яаж хайрласан шиг та нар бие биеэ хайрлагтун. Энэ бол Миний тушаал” (Иохан 15:12) хэмээн заасан. Аврагчийн үлгэр жишээг дагахыг мөн эелдэг, аюулгүй, боломжтой нөхцөл байдалд тохируулан үйлдэхийг сонго.

3.5.1

Насанд хүрэгчидтэй харилцах ерөнхий жишиг

Зааж буй хүмүүс, бусад номлогч, тухайн газар нутгийн гишүүд зэрэг үйлчилж байгаа хүмүүстэйгээ итгэлцлийн болон утга учиртай харилцаа үүсгэ. Мэргэжлийн бөгөөд эелдэг байж, эдгээр жишгийг ажигла. Үүнд:

  • Хамтрагчтайгаа үргэлж хамт бай.

  • Насанд хүрэгчдэд хувийн асуудлынх нь талаар бүү зөвлө. Хэрэв гишүүдэд зөвлөгөө хэрэгтэй бол бишоп руу хандуул. Хэрэв өөр шашны хүний хувийн асуудалд тусламж хэрэгтэй байгаа бол номлолын ерөнхийлөгчтэйгөө ярилц.

  • Бие махбод эсвэл сүнслэг байдалд аюултай байж болох эсвэл буруу ойлголт төрүүлэх нөхцөл байдлаас зайлсхий.

  • Хэн нэгэнтэй бүү сээтгэнэ эсвэл зохисгүй байдлаар бүү харьц. Эсрэг хүйсийн хүнтэй гар барихаас бусдаар биеэр бүү хүрэлц.

  • Эсрэг хүйсийн хүн дээр зочлох, биечлэн заах, хамт явах, хоол идэх бол та болон таны хамтрагч өөртэйгөө адил хүйсийн насанд хүрсэн хүнийг үргэлж хамт байлцуул. Дээрх дүрэм зөрчигдөх аливаа нөхцөл байдалд номлолын ерөнхийлөгчөөсөө зөвшөөрөл хүс.

  • Хэл яриагаа хүндэтгэлтэй байлгаж, хар ярианы үгс хэрэглэхээс зайлсхий. Бусдад хандахдаа зохих нэрийг нь хэрэглэ. Жишээ нь: Бусад номлогч руу хандахдаа “Ахлагч” эсвэл “Эгч” гэдэг нэрсийг хэрэглэн, тэдний дуудлагыг хүндэтгэж байгаагаа харуул.

3.5.2

Хүүхдүүдтэй харилцах ерөнхий жишиг

Өөрийн болон хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс дараах удирдамжийг чанд мөрд. Үүнд:

  • Хамтрагчтайгаа үргэлж хамт бай.

  • 18-аас доош насны хүнтэй хэзээ ч ганцаараа байж болохгүй.

  • Хөл бөмбөг эсвэл бусад тоглоомд нэгдэх зэрэг бүлэг хүүхэдтэй хамт тоглохдоо болгоомжтой бай. Таны үйлдлийг буруугаар ойлгож болох ямар ч зүйлийг бүү хий.

  • Боломжтой бол хүүхдүүдтэй харьцахаасаа өмнө эцэг эхээс нь зөвшөөрөл ав.

  • Хүүхдийг гижигдэж, живхийг нь сольж, тэвэрч, өвөр дээрээ суулгаж болохгүй. Эдгээр үйлдэл нь зохисгүй мэт харагдах юм уу буруугаар ойлгогдож болно.

  • Аль ч насны хүүхдийг асрахаас найрсгаар татгалз.

  • Та хүүхдүүдтэй ганцаараа байх үйлчлэлийн үйл ажиллагаанд бүү оролц (7.2.2-ыг үзнэ үү).

3.6

Амралт, чөлөөт цаг

Ерөнхийдөө та бэлтгэлийн өдрөөрөө тухайн газар нутагтаа сонирхсон газруудаар айлчлан, үйлчилж байгаа хүмүүсийнхээ соёл, түүх, газар нутаг, уламжлалыг чин сэтгэлээсээ сонирхсоноор тэднийг бүр илүү хайрлаж сурна (2.5-ыг үзнэ үү).

Уулзсан хүмүүсээсээ айлчилж болох тохиромжтой, аюулгүй газрууд санал болгохыг хүс. Сэтгэл сэргээж, амрахад туслах үйл ажиллагааг сонго. Айлчлахад зохимжтой газруудад дараах (гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй) газрууд орно. Үүнд:

  • Түүх, соёлын дурсгалт газар

  • Музей, галерей

  • Амьтны хүрээлэн, цэцэрлэгт хүрээлэн

3.6.1

Амралт, чөлөөт цагийн ерөнхий жишиг

Номлогчид олон нийтийн газарт томоохон бүлгээр цугларахаас зайлсхий. Ер нь бол дүүргийнхээс том бүлгээр цуглаж болохгүй гэсэн үг юм. Ингэх нь шаардлагагүй зүйлд анхаарал татах юм уу хүмүүсийг сүрдэхэд хүргэнэ.

Номлолын машиныг зөвхөн номлолын ерөнхийлөгчийн зөвшөөрсөн үйл ажиллагаанд ашигла.

Номлогчийн ажилд бие бялдраа дасган зохицуулж, дасгал сургуулилт хийж, идэвхтэй бай. Гэмтэж бэртэх, хэт ядрахаас зайлсхийж, спортоор хичээллэ.

3.6.2

Зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагаа

Амралт зугаалгын үйл ажиллагаанд оролцохдоо үргэлж аюулгүй байж, аливаад бодолтой ханд. Номлогчид эрсдэлтэй үйл ажиллагаанд оролцож байгаад ноцтой гэмтэж байсан удаатай тул та номлолдоо өндөр эрсдэл бүхий үйл ажиллагаанд оролцох ёсгүй. Энд дараах үйл ажиллагаанууд ордог боловч үүгээр хязгаарлагдахгүй. Үүнд:

  • Нэг нэгэндээ хүрдэг, шүргэлцдэг, гимнастикийн болон өвлийн мөн усан спорт (сэлэлт орно)

  • Уул, хаданд авирах

  • Мотоцикл болон морь унах

  • Хувийн завинд эсвэл онгоцонд суух

  • Галт зэвсэгтэй харьцах

  • Ёслолын буудлага үйлдэх эсвэл ямар нэгэн төрлийн тэсрэх бодис хэрэглэх

Амралт зугаалгын аюулгүй байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энэ видеоноос үзнэ үү.

3.6.3

Хэвлэл мэдээлэл

Сүнсийг урьж, номлогчийн хувьд зорилгоо гүйцэлдүүлэхэд тань туслах зөвшөөрөгдсөн, зөв зохистой хэвлэл мэдээллийн хэрэгслийг сонго. Энд ерөнхийдөө дараах зүйлсийг хамааруулан ойлгоно. Үүнд:

  • Танай номлолд сайн мэдээг заахад эсвэл гэр бүлтэйгээ холбоо барихад зөвшөөрсөн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, утасны аппликэйшн онлайн мэдээллийн хэрэгслийг ашигла (3.9-ийг үзнэ үү).

  • Телевиз, кино, видео тоглоом, зөвшөөрөгдөөгүй видеонуудаас зайлсхий.

  • Есүс Христэд итгэх итгэлийг тань нэмэгдүүлэх аудио ном, дуу хөгжим, унших материалыг сонго. Тэдгээр нь ариун нандин, Сүнсийг урьдаг, урам зориг өгдөг байх ёстой (Ерөнхий гарын авлагын 19.1-ийг үзнэ үү).

Дэлгэрэнгүй мэдээллийг номлогчийн технологийн жишгээс авна уу (7.5-ыг үзнэ үү). Мэдээллийн хэрэгслийн талаарх асуултаа номлолын удирдагчидтайгаа хэлэлц.

3.6.4

Хөгжмийн зэмсэг

Хэрэв номлолын ерөнхийлөгч тань зөвшөөрвөл та номлолын талбартаа хөгжмийн зэмсэг авчирч болно. Энэ нь хямд төсөр, тээвэрлэхэд хялбар, тээшний шаардлагад нийцэх ёстой. Ням гаргийн цуглаануудад тохирсон хөгжмийн зэмсэг байвал зохино (Ерөнхий гарын авлагын 19.3.6-г үзнэ үү).

Та бэлтгэлийн өдрөөр хөгжмөө давтаж болох ба бусад тохиолдлыг номлолын ерөнхийлөгч тодорхойлно. Хөгжмийн зэмсгээр тоглох нь хөрш болон бусад номлогчид хэрхэн нөлөөлж болохыг анхаараарай. Хөгжмийн зэмсэг дээр тоглох хөгжим ариун, хүндэтгэлтэй, номлогчийн ажилд тохирсон байх ёстой.

3.7

Гэрэл зураг ба видео

Гэрэл зургууд нь номлолын амьдралаа гэрийнхэнтэйгээ хуваалцахад тусалдаг бөгөөд таны номлолын утга учиртай сануулга болж үлдэж чадна. Зураг авах эсвэл видео бичлэг хийхдээ бусад номлогчийг болон эдийн засаг, нийгэм эсвэл бие бялдрын хувьд бэрхшээлтэй байгаа хүмүүсийг эвгүй байдалд оруулж, ичээхээс болгоомжил. Зарим хүн зурган дээр авхуулсан зүйлээ танд эсвэл бусдад харуулах, хуваалцах, тэрхүү зураглалыг дахин санахыг хүсдэггүй байж болно. Зураг авах, видео бичлэг хийх болон тэдгээрийг хуваалцахаасаа өмнө зөвшөөрөл ав. Зарим номлолд тухайн газар нутгийн нууцлалын хуулиар, зааж байгаа хүнийхээ зургийг олон нийтэд хуваалцахыг зөвшөөрдөггүй.

Зарим соёл, газар нутагт зарим зураг авалтыг доромжлол эсвэл хууль бус гэж үзэж болзошгүй. Зургийг нь авч болохгүй зүйлсийн зарим жишээ:

  • Засгийн газрын болон цэргийн тодорхой барилга байгууламж

  • Онгоцны буудлын хамгаалалтын бүс, паспорт шалгалт, хил нэвтрэх, консулын газар, элчин сайдын яам

  • Хууль сахиулах байгууллага эсвэл цэргийн албан хаагч

  • Өөр шашны хүмүүс, барилга, үйл ажиллагаа

  • Үндэсний хувцастай хүмүүс зэрэг соёлын нууцлал бүхий зүйлс

  • Ядуурал, өвчин зовлон, хөгжлийн бэрхшээлтэй тэмцэж буй хүмүүс

Ерөнхий удирдамжид заасанчлан, дээр дурдсан зүйлс, газар, хүмүүсийн зургийг бүү ав. Танд ямар нэгэн асуух зүйл байвал номлолын удирдагчтайгаа ярилц.

Цуглааны байранд гэрэл зураг авах талаар Сүм тодорхой бодлого хэрэгжүүлдэг.

  • Цуглааны байрын ариун ёслолын танхимд гэрэл зураг авах юм уу видео бичлэг хийж болохгүй.

  • Ариун ёслол, баптисм, гишүүний баталгаа зэрэг ариун нандин ёслолуудын зургийг авч, илгээж, бичлэг хийж болохгүй.

Зураг авах, бичлэг хийхэд зориулсан удирдамжийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг энэ видеоноос үзнэ үү.

3.8

Технологийн хэрэглээ

Их Эзэн “Болгоогтун, бибээр өөрийн ажлыг зохих цагт нь яаравчлуулах болно” (С ба Г 88:73) хэмээн тунхагласан. Технологи нь Есүс Христийн сайн мэдээний сургаалыг хуваалцах хэрэгсэл болж болох бөгөөд үүнийг зөв ашиглах ёстой.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7.5 буюу “Технологи” хэсгээс үзнэ үү.

3.9

Гэр бүл, номлолын удирдагч, найз нөхөдтэйгөө харилцах

Таны гэр бүл, номлолын удирдагчид, найз нөхөд чинь таныг номлолд байхад маш сайн дэмжиж чадна. Бэлтгэлийн өдрөөр гэр бүлтэйгээ болон бусад бүсийн гишүүн, зааж байсан хүмүүс зэрэгтэй холбоо барь. Та гэрчлэл болон сүнслэг туршлагаа хуваалцсанаар тэднийг хүчирхэгжүүл.

Та өөр хүмүүстэй (гэр бүлийн гишүүдээс гадна) харилцах үедээ номлолын ерөнхийлөгчийнхөө зөвшөөрснөөс бусдаар, харилцаагаа утсаар эсвэл видео чаатаар бус, э-мэйл, захидал хэлбэрээр хязгаарлах хэрэгтэй.

Эхлээд эцэг эхтэйгээ, хоёрдугаарт номлолын ерөнхийлөгчтэйгөө холбоо барьснаар бэлтгэл өдрийн цагаа эрэмбэл.

Холбоо барих хугацааг тогтоохдоо ухаалаг бай. Энэ талаар шийдвэр гаргахдаа хамтрагчаа бодолцож, номлогчийн үйлчлэлийнхээ зорилгыг санаж байх нь зүйтэй.

Та долоо хоногийн турш хүлээн авах аливаа захидал харилцаагаа тохиромжтой цаг зав гарвал уншиж болно. Та яаралтай биш л бол зөвхөн бэлтгэлийн өдөр хариу бичих ёстой (3.9.7-г үзнэ үү).

3.9.1

Гэр бүл

Та гэр бүлтэйгээ долоо хоног бүрийн бэлтгэлийн өдөр захидал бичих, э-мэйл, мессеж, онлайн мессеж илгээх, утсаар ярих, видео чаат хийх зэргээр харилцаж болно.

Танд болон танай гэр бүлд хамгийн сайн тохирох, зардалд хэмнэлттэй, сарын төсөвт багтах зөвшөөрөгдсөн харилцааны хэлбэрийг ашигла. Энэ нь нөхцөл байдал, байршил, цагийн хуваариас хамаардаг.

Хэрэв эцэг эх тань өөр өөр газар амьдардаг бол та бэлтгэлийн өдрөөрөө тэдэнтэй тус тусад нь холбогдож болно.

Таныг гэр бүлтэйгээ Христийн мэндэлсний баяр, Ээжүүдийн баяр, Аавуудын баяр, ээж, аавын төрсөн өдрүүд болон танай улс, соёлд ач холбогдолтой бусад баяр зэрэг онцгой тохиолдлуудад холбоо барихад урамшуулан дэмждэг.

Мессежээр харилцах, онлайн зурвас илгээх, утсаар ярих, видео чаат хийхдээ та өөрөө бүгдийг эхлүүлэх буюу түрүүлж залгах хэрэгтэй. Таны гэр бүлийнхэнд тантай шууд харилцах шаардлага гарвал тэд эхлээд номлолын ерөнхийлөгчтэй холбогдох ёстой.

Гэр бүлтэйгээ утсаар эсвэл видео чаатаар харилцахдаа ярих хугацаагаа ухаалгаар тодорхойл. Энэ талаар шийдвэр гаргахдаа хамтрагчаа бодолцож, номлогчийн үйлчлэлийнхээ зорилгыг санаж байх нь зүйтэй.

3.9.2

Номлолын ерѳнхийлѳгч

Долоо хоног бүр бэлтгэлийн өдрөөрөө номлолын ерөнхийлөгчдөө захидал бич. Ерөнхийдөө та Номлогчийн портал ашиглан түүнд захидал илгээнэ.

Зөвхөн танай номлолын ерѳнхийлѳгч долоо хоног бүрийн захидлыг тань үзэх болно. Нээлттэй, шударга бай. Тэгвэл тэрээр танд байгаа аливаа асуудлыг ойлгож, холбогдох зөвлөгөө, саналаа хэлж чадна. Тэрээр бүх захидлыг унших боловч захидал бүрд хариу бичих боломжгүй гэдгийг анхаарна уу.

Хэрэв та гэрээсээ яаралтай анхаарал хандуулах шаардлагатай чухал мэдээ хүлээн авсан бол бэлтгэлийн өдөр эсвэл онцгой тохиолдлоос бусад өдөр гэр бүлтэйгээ холбогдохоосоо өмнө номлолын ерөнхийлөгчдөө мэдэгдээд, түүнээс асуу.

3.9.3

Номлолынхоо хүмүүстэй харилцах

Та номлолынхоо бусад хэсгийн хүмүүстэй холбоо барихдаа, таны харилцаа таны номлогчийн зорилгыг биелүүлэхэд чиглэж байгаа эсэхэд анхаарч байгаарай. 3.5.1 дэх “Насанд хүрэгчидтэй харилцах ерөнхий жишиг” мөн Технологийг аюулгүй ашиглах хэсгүүд дэх жишгүүдийг дагаж, эдгээр харилцаанд орохдоо хамтрагчаа оролцуулахаа санаарай.

3.9.4

Илгээмж ба захидал

Зарим номлол шуудан, илгээмж хүлээн авах болон буцах хаягт номлолын албаны хаягийг ашигладаг. Энэ арга нь таны аюулгүй байдлыг хамгаалж, шилжүүлгээс болж гардаг шуудангийн хулгай болон алдагдлаас урьдчилан сэргийлэхэд тусалдаг. Тийм тохиолдолд та хүлээн авсан бүх удирдамжийг дагана уу.

3.9.5

Гэрийнхээ тойргийн хүмүүстэй бий болгох номлогчийн туршлага

Таны номлолдоо зааж байгаа хүнд тус болж болох хувийн туршлага бүхий хүн танай гэрийн тойрогт байдгийг та мэддэг байж болох юм. Та уг хүнийг туршлага, гэрчлэлээ хуваалцаж болох эсэх зөвшөөрлийг номлолынхоо ерөнхийлөгчөөсөө хүсэх хэрэгтэй. Түүнтэй харилцахдаа ашиглах хамгийн тохиромжтой технологийн хэрэгсэл юу болох талаар зөвлөлд.

Хэрэв таны гэр бүл эсвэл найзууд Есүс Христийн сайн мэдээний талаар илүү ихийг сурахыг хүсвэл, таны номлолын ерөнхийлөгч танд технологи ашиглан тэдэнд заахыг зөвшөөрч болох юм (7.5.4-ийг үзнэ үү).

3.9.6

Гэр бүл, найз нөхдийн хувийн айлчлал

Ерөнхийдөө таныг номлолд үйлчлэх үеэр гэр бүлийнхэн, найз нөхөд тань айлчлан очих ёсгүй. Гэсэн хэдий ч онцгой нөхцөл байдалд номлолын ерөнхийлөгч тань үүнийг зөвшөөрч болно. Ийм айлчлал богино байж, таны номлогчийн ажилд саад болох ёсгүй. Уг айлчлал таны хамтрагч, бусад номлогч, таны зааж буй хүмүүс зэрэгт төвөг учруулах ёсгүй. Ийм айлчлал нь таны бодол санааг үйлчлэлээс холдуулах юм уу гэр бүлд тань санхүүгийн асуудал үүсгэхгүй байхад анхаарна уу.

3.9.7

Онцгой нөхцөл байдал

Хэрэв таны гэр бүл гэрт тань онцгой байдал тохиолдсоныг мэдэгдвэл, номлолын удирдагчдадаа мэдэгдэж, тэдний дэмжлэгийг аваарай. Хэрэв танд онцгой үйл явдал тохиолдвол номлолын удирдагчид таны гэр бүлтэй холбоо барих болно.