“Ерөнхий чуулганаас суралцах ба заах санаанууд,” Ерөнхий чуулганаас суралцах ба заах санаанууд (2020)
“Ерөнхий чуулганаас суралцах ба заах санаанууд,” Ерөнхий чуулганаас суралцах ба заах санаанууд
Ерөнхий чуулганаас суралцах ба заах санаанууд
Сэргээгдсэн Сүмийн анхны чуулганаар Их Эзэн Өөрийнх нь бошиглогчдын үгсийг “хүлээн авч”, үүнд “анхаарал тавих” хүмүүст гайхалтай амлалтуудыг өгсөн. Учир нь эдгээр зүйлийг хийснээр тамын үүд та нарыг дийлэх нь үгүй; тийм ээ, мөн Их Эзэн Бурхан харанхуйн хүчүүдийг та нарын өмнөөс сарниулж, мөн та нарын сайн сайхан бөгөөд өөрийн нэрийн алдар суугийн төлөө тэнгэрийг сэгсрэхэд хүргэх болно” (Сургаал ба Гэрээнүүд 21:4–6).
Тэрхүү анхны чуулганаас хойш Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд Их Эзэний дуу хоолойг үйлчлэгчдээр нь дамжуулан сонсохыг чих тавин хүлээдэг болсон. Та Ерөнхий чуулганы үеэр Их Эзэний бошиглогчоос, Сүмийн бусад удирдагчаас хүлээн авах захиаснуудыг хэрхэн бүрэн дүүрэн хүлээн авч, илүү анхаарал тавьж болох талаар бод.
Ерөнхий чуулганы захиаснуудаа хувиараа, гэр бүлтэйгээ, Сүмийн хичээл, цуглаанууд дээр судалж байхдаа бодож үзэх санаануудыг доор өгөв.
Хувиараа судлахад зориулсан санаа
-
Сүнсийг сонс. Чуулганы захиаснуудыг судлах нь илчлэлийг урьдаг. Судлах явцдаа ерөнхий чуулганы захиастай ямар нэг холбоогүй байсан ч Сүнснээс ирэх бодол, мэдрэмжүүдэд анхаарлаа хандуул. Эдгээр мэдрэмж нь Бурханы таныг мэдээсэй хэмээн хүссэн зүйл байж болох юм.
-
Асуулт асууж, хариултыг нь хай. Тухайн захиас юуг зааж байгааг тунгаан бодоход туслах асуултуудыг тавьж, илүү гүн гүнзгий утгыг нь олж мэд. Та “Энэ захиас Есүс Христэд итгэх миний итгэлийг хэрхэн хүчирхэгжүүлж байна вэ?” эсвэл “Энэ захиас илүү сайн шавь болоход минь хэрхэн туслах вэ?” гэсэн асуултуудыг асууж болно.
-
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ. Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэх олон арга зам байдаг. Жишээлбэл: Та өөрийн ойлголтуудаа дэвтэрт тэмдэглэх юм уу чуулганы захиасны захад тэмдэглэл бичиж болно.
-
Захиасыг өөртөө хэрэгжүүл. Хэрэв бид ерөнхий чуулганы захиасыг амьдралдаа хэрэгжүүлж, бодол санаа, шийдвэрүүдээ үүгээр удирдуулахгүй юм бол хамгийн сүнслэг нөлөө бүхий захиас ч ач тусаа өгч чадахгүй. Бурхан намайг энэ захиасыг сонсоод юу хийгээсэй гэж хүсэж байгаа бол?
-
Холбогдох эшлэлүүдийг хар. Үг хэлэгчийн захиасыг илүү гүнзгийрүүлэн ойлгохын тулд захиасанд болон төгсгөлд нь эш татсан холбогдох судрууд, бошиглолын сургаалуудыг хар.
-
Хай … Ерөнхий чуулганы захиаснуудыг судлах явцдаа олон зүйлийг хайж болдог. Судлах явцдаа дараах зүйлсийг хайх талаар бодож үз. Үүнд:
-
Есүс Христ. Аврагчийн тухай гэрчлэл, Түүний амьдрал, сургаал, Цагаатгал, Түүнийг дагадаг хүмүүст өгөгддөг хүч чадлын талаар дүрслэлүүдийг хайж ол.
-
Сүнслэг нөлөө бүхий үг, хэллэг. Танд сүнслэгээр нөлөөлсөн, чухал санагдсан, урам зориг өгсөн үг, хэллэгийн тухай өөрийн бодол санааг тодруулан тэмдэглэж эсвэл бичиж ав.
-
Зарчим ба сургаал. “Энэ захиасаар ямар зарчим, сургаалыг заасан байна вэ?” гэсэн асуултыг өөрөөсөө асуу. Заримдаа зарчим ба сургаалыг шууд илэрхийлдэг бол зарим үед түүх эсвэл жишээгээр дүрсэлдэг.
-
Жагсаалт. Заримдаа үг хэлэгч санаа, хэрэгжүүлэх үйлдэл, үнэнийг жагсаалтыг гаргаж өгдөг. Та ч бас сурч мэдсэн зүйлсийнхээ жагсаалтыг гаргах сүнслэг өдөөлтийг мэдэрч магадгүй.
-
Урилга ба адислал. Үйлдэх урилга, амлагдсан адислалуудыг эрж хай. Тэдгээр урилгыг хэрхэн хэрэгжүүлэхээ тодорхойл.
-
-
Холбоос үүсгэ. Та Gospel Library дээр чуулганы захиас, судар, бусад агуулга хооронд холбоос үүсгэж болно.
-
Сэдвээр зохион байгуул. Та Gospel Library дээр агуулгыг “Тэмдэглэгээ,” “Тэмдэглэл”-ийг ашиглан сэдэв сэдвээр нь зохион байгуулж болно. Энэ нь дараа нь таныг үг хэлэхээр эсвэл хичээл заахаар бэлдэх үед хэрэг болно.
-
Хуваарь гарга. Та Gospel Library дээр дараагийн чуулганаас өмнө захиаснуудыг судлах явцаа тэмдэглэх судлах төлөвлөгөөг гаргаж болно. Суралцах зорилгодоо хүрэхэд туслах сануулгыг мөн тавьж болно.
Гэр бүлээрээ судлах санаанууд
-
Эшлэлийг харуул. Танд утга учиртай санагдсан эшлэлийг сонгож, гэр бүлийнхээ гишүүдийн харж болох газарт байрлуул. Та мөн үүнийг цахимаар хуваалцаж болно. Гэр бүлийн тань гишүүд байршуулах эшлэлийг ээлжээр сонгож болно. Тэдгээр эшлэлийг гэр бүлээрээ цээжлэхээр шийдэж болох юм.
-
Ямар нэг зүйл бүтээ. Таны гэр бүлийн гишүүд чуулганы захиасанд заасан ямар нэг зүйлээс сүнслэгээр өдөөгдсөн зураг эсвэл номын хавчуурга гэх мэт ямар нэгэн зүйлийг хийх дуртай байж болно. Хүн бүр хийсэн зүйлээ хуваалцаж болно.
-
Түүхүүдийг эргэн үз. Гэр бүлд тань сайн мэдээний зарчмуудаас суралцахад туслах түүхүүдийг чуулганы захиаснуудаас ол. Гэр бүлийн тань гишүүд дуртай түүхээ ээлжлэн ярьж эсвэл та тэдгээрийг жүжигчлэн үзүүлж болно.
-
Сурсан зүйлээ хэрэгжүүл. Ерөнхий чуулганы захиаснаас хамтдаа суралцсаныхаа дараа уг заасан зүйлс танай гэр бүлийн туршлагатай хэрхэн холбогдож байгааг ярилц. Тэгээд сурч мэдсэн зүйлийнхээ дагуу амьдрахын тулд юу хийхээ гэр бүлээрээ шийд.
-
Сурсан зүйлээ хуваалц. Чуулганы захиаснуудыг ганцаарчлан уншаад, дараа нь ойлголт, сүнслэг нөлөө бүхий хэсгүүдийг хуваалцахаар хамтдаа цуглах нь ач тустай байдаг. Энэ нь бие биеэсээ суралцах гайхалтай арга байж болох юм.
-
Aсуулт тавь. Хэрэв танай гэр бүлийн гишүүдэд сайн мэдээний аль нэг сэдвийн талаар асуулт байвал тэр сэдвийн хариуг Чуулганы захиаснуудаас хайх цаг гарга (Gospel Library аппликэйшн дээрх “Сэдвүүд” хэсгийг үзнэ үү).
-
Бошиглогчийн захиаснуудыг судал. Сүмийн ерөнхийлөгчийн захиаснаас нэлээд хэдийг гэр бүлээрээ судлах талаар бодож үз (Gospel Library апп дээрх “Үг хэлэгч” хэсгийг үзнэ үү).
Бага насны хүүхэдтэй гэр бүлүүдэд зориулсан тодорхой санаануудыг “Хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагаанууд” (ChurchofJesusChrist.org)-аас үзнэ үү.
Сүмийн хичээлүүдийг заах санаанууд
-
Бэлдэхийг уриал. Гишүүд чуулганы захиасыг урьдчилан судалсан үед та энэ талаар илүү утга учиртай ярилцлага өрнүүлэх магадлал өндөр болно. Юу ярилцахаа гишүүдэд мэдээлэх арга замуудыг хайж ол. Та тэдэнд бэлтгэхэд нь туслахын тулд тунгаан бодох нэг юм уу хоёр асуулт тавьж болох юм.
-
Бүлгээрээ ярилц. Жижиг бүлгээр ярилцах нь илүү олон хүнийг оролцуулдаг. Гишүүдийг жижиг бүлгүүдэд хуваарилаад, бүлэг бүрд тухайн чуулганы захиасны өөр өөр хэсгийг уншиж, ярилцах даалгавар өг. Дараа нь сурч мэдсэн үнэнээ хуваалцахыг бүлэг бүрээс хүсэж болно. Эсвэл өөр өөр хэсгээс судалсан хүмүүсийг нэгтгэн шинэ бүлэг болгоод, олж мэдсэн зүйлээ бие биедээ хуваалцах боломжийг олгож болно.
-
Асуултад хариул. Дараахтай төстэй асуулт тавих нь чуулганы захиасны талаар утга учиртай ярилцлага өрнүүлэхэд хөтөлнө: Бид энэ захиаснаас сайн мэдээний ямар үнэнийг олж харж байна вэ? Бид эдгээр үнэнийг хэрхэн хэрэгжүүлэх вэ? Ямар урилга болон амлагдсан адислалууд өгөгдсөн байсан бэ? Энэ захиас нь Бурханы биднээс хийхийг хүсдэг ажлын талаар бидэнд юу зааж байна вэ?
-
Эшлэл хуваалц. Чуулганы захиас хэрхэн бидний зүрх сэтгэлд хүрч, дэм болсон тухай нэг нэгнийхээ ярихыг сонсох нь урамшмаар байж болно. Чуулганы захиаснаас утга учиртай хэсгүүдийг хуваалцахыг гишүүдээс хүсэж, таньдаг хэн нэгнийг адислахын тулд эдгээр эшлэлийг хэрхэн хуваалцаж болох талаар бодож үзэхийг хүс.
-
Үзүүлэнт хичээл заа. Хэрэв та чуулганы захиасыг ярилцах бүтээлч арга замыг хайж байгаа бол захиаснаас ямар нэг зүйлийг заахад ашиглаж болох эд зүйлсийг гэрээсээ авчрахыг цөөн хэдэн гишүүнээс урьдчилан хүс. Эдгээр зүйлс нь хэрхэн захиасны тодорхой хэсэгтэй холбогдож байгааг тайлбарлахыг гишүүдээс хүс.
-
Гэртээ хичээл заахад бэлтгэ. Гэр бүлүүдийг чуулганы захиаснуудаас гэртээ суралцахад урамшуулан дэмжих нэг арга бол чуулганы захиасыг ашиглан гэр бүлийн үдшийн хичээлийг хоёр хоёроороо төлөвлөхийг хүсэх явдал юм. Бид эдгээр захиасыг гэр бүлтэйгээ хэрхэн холбож болох вэ?
-
Туршлага хуваалц. Чуулганы захиаснууд дахь мэдэгдэл, түүхүүд нь гишүүдийг холбоотой туршлагаасаа эсвэл судруудаас жишээ хуваалцахад өдөөж болно. Эдгээр жишээ нь чуулганы захиасаар заасан сургаалыг тайлбарлаж эсвэл бататгаж болно.
-
Судрын талаар суралц. Чуулганы ихэнх захиас дотроо эсвэл төгсгөлдөө хоорондоо холбоотой судрын хэсгүүдийг агуулсан байдаг. Гишүүд чуулганы захиасанд эш татсан судрын хэсгүүдийг уншаад, уг захиасаар зааж буй зүйл хэрхэн холбоотой судрын хэсгүүдийг илүү сайн ойлгоход тусалж буй талаар ярилцаж болно.
-
Хариулт ол. Хэрэв та захиасаар заасан сайн мэдээний зарчмуудыг тунгаан бодоход эсвэл хэрэгжүүлэхэд өдөөх асуултуудыг гишүүдээс асуувал гишүүд захиаснаас илүү гүнзгий утга учрыг олох болно (тусламж авахын тулд Аврагчийн арга барилаар заах нь 31–32-ыг үзнэ үү). Та гишүүдээс нэг асуулт сонгож, чуулганы захиас ашиглан хариулт бичихийг хүсэж болно. Тэднийг жижиг бүлгүүдэд хуваагдан хариултуудаа ярилцахыг урь.
-
Дуу болон дүрс тоглуул. Захиаснаас сүнсийг мэдрэхэд гишүүдэд туслах хамгийн шилдэг аргуудын нэг бол үүнийг аудио болон дүрс бичлэг хэлбэрээр үзүүлэх явдал юм.