Гарын авлагууд болон дуудлагууд
18. Санваарын ёслол, адислалуудыг гүйцэтгэх


“18. Санваарын ёслол, адислалуудыг гүйцэтгэх,” Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь (2020).

“18. Санваарын ёслол, адислалуудыг гүйцэтгэх,” Ерөнхий гарын авлага.

Зураг
Ариун сүмийн ойролцоо алхаж буй гэр бүл

18.

Санваарын ёслол, адислалуудыг гүйцэтгэх

18.0

Оршил

Ёслол, адислалууд бол санваарын эрх мэдлээр, Есүс Христийн нэрийн өмнөөс гүйцэтгэдэг ариун нандин зан үйл юм. Санваартнууд ёслол, адислалуудыг гүйцэтгэхдээ бусдыг адисалсан Аврагчийн үлгэр жишээг дагадаг. Санваарын ёслол, адислалууд нь Бурханы хүчийг хүлээн авах боломж олгодог (Сургаал ба Гэрээ 84:20-ийг үзнэ үү).

Ёслол, адислалуудыг Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд итгэх итгэлтэйгээр мөн Ариун Сүнсний удирдамжийн дагуу гүйцэтгэх ёстой. Удирдагчид нь тэдгээрийг зохих зөвшөөрөл (шаардлагатай бол), санваарын шаардагдах эрх мэдэл, тохирох арга замаар мөн зохистой оролцогчдоор гүйцэтгүүлж байгаа эсэхийг бататгана (18.3-ыг үзнэ үү).

Санваарын ёслол, адислалуудын талаарх бодлого журмыг 38.2-оос үзнэ үү.

18.1

Аврал, өргөмжлөлийн ёслолууд

Аврал, өргөмжлөлд зайлшгүй шаардлагатай сайн мэдээний ёслолуудыг гүйцэтгэх эрх мэдэл санваарт хамаардаг. Хүмүүс эдгээр ёслолыг хүлээн авахдаа Бурхантай ариун нандин гэрээ байгуулдаг. Аврал, өргөмжлөлийн ёслолуудыг жагсаавал:

  • Баптисм

  • Гишүүний баталгаа ба Ариун Сүнсний бэлэг

  • Мелкизедек санваар хүртээх, санваарын албанд томилох (эрэгтэйчүүдэд)

  • Ариун сүмийн хишиг

  • Ариун сүмийн лацдан холболт

Оюуны тусгай хэрэгцээт хүмүүст эдгээр ёслолыг гүйцэтгэх тухай мэдээллийг дараахаас үзнэ үү. Үүнд:

  • Баптисм ба гишүүний баталгаа (38.2.8.1)

  • Мелкизедек санваарын албанд томилох (38.2.9.7)

  • Ариун сүмийн хишиг хүртэх, лацдан холбогдох (27.2.1.3 ба 27.3.1.2)

Гэрээнд төрсөн хүүхэд 8 нас хүрэхээсээ өмнө нас барсан бол ямар ч ёслолыг гүйцэтгэх шаардлагагүй. Хэрвээ уг хүүхэд гэрээнд төрөөгүй бол тэрээр эцэг, эхтэйгээ лацдан холбуулахад л хангалттай. 8 нас хүрэхээсээ өмнө нас барсан бүх хүүхэд Аврагчийн Цагаатгалын ачаар “тэнгэрийн селестиел хаант улсад аврагддаг” (Сургаал ба Гэрээ 137:10, мөн Moронай 8:8–12-ыг үзнэ үү).

18.2

Бусад ёслол ба адислал

Бусад ёслол, адислал нь Бурханы хүүхдүүдэд Түүний хүч, эдгэрэлт, тайтгарал, удирдамж чиглүүлгийг хүлээн авах боломж олгодог. Тэдгээр ёслол, адислалыг жагсаавал:

  • Хүүхдэд нэр өгч, адислах

  • Ариун ёслол

  • Аароны санваар хүртээх, санваарын албанд томилох (залуу эрэгтэйчүүд ба насанд хүрсэн эрэгтэйчүүдэд)

  • Дуудлагад үйлчлүүлэхээр гишүүдийг онцгойлон адислах

  • Тосыг ариулан адислах

  • Өвчтөнийг адислах

  • Эцгийн адислал ба тайтгарал, зөвлөгөө өгөх адислал

  • Гэр орныг онцгойлон адислах

  • Булшийг онцгойлон адислах

  • Томилогдсон патриархын өгөх патриархын адислал

Зураг
Адислал хүлээн авч буй нялх хүүхэд

18.3

Ёслол эсвэл адислалд оролцох

Ёслол, адислалыг гүйцэтгэх эсвэл үүнд оролцох хүмүүс зохих санваарын эрх мэдэлтэй бөгөөд зохистой байх ёстой. Ерөнхийдөө, зохистой байдлын жишгийг ариун сүмийн зөвшөөрлийн бичигтэй байхтай холбон ойлгодог. Гэхдээ бишоп, гадасны ерөнхийлөгч Сүнсний удирдамж болон энэ бүлэгт өгсөн зааврын дагуу, ариун сүмд орох бүрэн зохистой биш байсан ч шаардлагатай санваарыг атгадаг бол эцгүүдэд болон нөхрүүдэд нь зарим ёслол, адислалыг гүйцэтгэх эсвэл тэдгээрт оролцох зөвшөөрлийг олгож болно. Шийдвэрлэгдээгүй ноцтой нүгэлтэй санваартан оролцож болохгүй.

Ерөнхийдөө зөвхөн санваарын удирдагчид ба гэр бүлийн гишүүдийн ойрын төрөл садан, найз нөхөд нь болох бусад санваартан ёслол эсвэл адислалд оролцоно.

Ёслолыг хүлээн авч байгаа хүн, гэр бүлийн гишүүд болон санваарын удирдагчид хамтдаа зөвлөлдөж, хэн бас хэдэн хүн оролцохыг шийднэ. Үүнийг ёслол гүйцэтгэхээс өмнө аль хэдийн шийдсэн байх хэрэгтэй.

Нэг, хоёр санваартан оролцож байгаа бол тэд хоёул тухайн хүний толгой дээр хоёр гараа хоёуланг тавина. Хэд хэдэн хүн оролцож байвал тэд ёслол, адислалыг хүлээн авч байгаа хүнийг тойрон зогсоно. Хүн нэг бүр баруун гараа тухайн хүний толгой дээр (нялх хүүхдийн хувьд доороос нь барьж) зөөлөн тавьж, харин зүүн гараа зүүн гар талд байх ахын мөрөн дээр тавина. Нэг нь ярьж, ёслолыг гүйцэтгэж эсвэл адислал өгнө.

Зарим ёслол, адислалыг гүйцэтгэх эсвэл хүлээн авахын тулд шаардлагатай санваарын түлхүүрийг атгадаг удирдагчаас зөвшөөрөл авах шаардлагатай (3.4.1-ийг үзнэ үү). Шаардлагатай үед зөвшөөрлийг удирдагчийн эрх мэдэл олгосон зөвлөх өгч болно. Дараах хүснэгтийг үзнэ үү. Гадасны ерөнхийлөгчид хамаарах зүйлс номлолын ерөнхийлөгчид мөн адил хамаарна. Бишопод хамаарах зүйлс салбарын ерөнхийлөгчид мөн адил хамаарна.

Аврал, өргөмжлөлийн ёслолуудыг гүйцэтгэх эсвэл хүлээн авах зөвшөөрөл өгөх түлхүүрүүдийг аль удирдагчид атгадаг вэ?

Ёслол

Хэн түлхүүрүүдийг атгадаг вэ?

Ёслол

Баптисм

Хэн түлхүүрүүдийг атгадаг вэ?

Бишоп (8 настай хүүхдүүд, оюуны хөгжлийн бэрхшээлээс болж, баптисм нь хойшлогдсон 9 ба түүнээс дээш насны бүртгэлтэй гишүүдэд)

Номлолын ерөнхийлөгч (хөрвөгчдөд)

Ёслол

Гишүүний баталгаа ба Ариун Сүнсний бэлэг

Хэн түлхүүрүүдийг атгадаг вэ?

Бишоп (8 настай хүүхдүүд, оюуны хөгжлийн бэрхшээлээс болж, баптисм нь хойшлогдсон 9 ба түүнээс дээш насны бүртгэлтэй гишүүдэд)

Номлолын ерөнхийлөгч (хөрвөгчдөд)

Ёслол

Мелкизедек санваар хүртээх, санваарын албанд томилох (эрэгтэйчүүдэд)

Хэн түлхүүрүүдийг атгадаг вэ?

Гадасны ерөнхийлөгч

Ёслол

Ариун сүмийн хишиг

Хэн түлхүүрүүдийг атгадаг вэ?

Бишоп ба гадасны ерөнхийлөгч

Ёслол

Ариун сүмийн лацдан холболт

Хэн түлхүүрүүдийг атгадаг вэ?

Бишоп ба гадасны ерөнхийлөгч

Бусад ёслол, адислалыг гүйцэтгэх эсвэл хүлээн авах зөвшөөрөл өгөх түлхүүрүүдийг аль удирдагч атгадаг вэ?

Ёслол эсвэл адислал

Хэн түлхүүрүүдийг атгадаг вэ?

Ёслол эсвэл адислал

Хүүхдэд нэр өгч, адислах

Хэн түлхүүрүүдийг атгадаг вэ?

Бишоп

Ёслол эсвэл адислал

Ариун ёслол

Хэн түлхүүрүүдийг атгадаг вэ?

Бишоп

Ёслол эсвэл адислал

Аароны санваар хүртээх, санваарын албанд томилох (залуу эрэгтэйчүүд ба насанд хүрсэн эрэгтэйчүүдэд)

Хэн түлхүүрүүдийг атгадаг вэ?

Бишоп

Ёслол эсвэл адислал

Дуудлагад үйлчлэх гишүүдийг онцгойлон адислах

Хэн түлхүүрүүдийг атгадаг вэ?

30.8-ыг үзнэ үү.

Ёслол эсвэл адислал

Тосыг ариулан адислах

Хэн түлхүүрүүдийг атгадаг вэ?

Зөвшөөрөл авах шаардлагагүй

Ёслол эсвэл адислал

Өвчтөнийг адислах

Хэн түлхүүрүүдийг атгадаг вэ?

Зөвшөөрөл авах шаардлагагүй

Ёслол эсвэл адислал

Эцгийн адислал ба тайтгарал, зөвлөгөө өгөх адислал

Хэн түлхүүрүүдийг атгадаг вэ?

Зөвшөөрөл авах шаардлагагүй

Ёслол эсвэл адислал

Гэр орныг онцгойлон адислах

Хэн түлхүүрүүдийг атгадаг вэ?

Зөвшөөрөл авах шаардлагагүй

Ёслол эсвэл адислал

Булшийг онцгойлон адислах

Хэн түлхүүрүүдийг атгадаг вэ?

Ёслолыг тэргүүлж буй санваарын удирдагч

Ёслол эсвэл адислал

Патриархын адислал

Хэн түлхүүрүүдийг атгадаг вэ?

Бишоп

18.4

Бага насны хүүхдүүдэд зориулсан ёслолууд

Бага насны хүүхдэд дараах ёслол, адислалуудыг хүлээн авахад шаардагдах эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг авах удирдамж бүхий хэсгүүдийг жагсаав. Үүнд:

  • Нэр өгч, адислах: 38.2.7.2 ба 38.2.7.3

  • Баптисм ба гишүүний баталгаа: 38.2.8.2

  • Санваарын албанд томилох: 38.2.9.2

Гадасны ерөнхийлөгч болон бишопт эцэг эх, асран хамгаалагчийн хууль ёсны эрхийн талаар асуух зүйл гарвал Сүмийн зөвлөгөө өгөх ерөнхий албанаас эсвэл бүсийн албанаас хууль зүйн зөвлөгөө авна (38.8.23-ыг үзнэ үү).

18.5

Тусгай хэрэгцээт хүмүүст зориулан гүйцэтгэх мөн тэднээр гүйцэтгүүлэх ёслол

38.2.4 ба 38.2.5-ыг үзнэ үү.

18.6

Хүүхдэд нэр өгч, адислах

“Христийн сүмийн хүүхэдтэй гишүүн бүр тэднийг сүмийн өмнө ахлагчдад авчрах ёстой, тэд Есүс Христийн нэрээр тэдэн дээр гар тавин, мөн түүний нэрээр тэднийг адислах ёстой” (Сургаал ба Гэрээ 20:70).

Ерөнхийдөө эцэг эх нь амьдардаг тойргийн мацгийн буюу гэрчлэлийн цуглааны үеэр хүүхдэд нэр өгч, адисалдаг. Энэ нь хүүхдийн эцэг эхийн гэрлэсэн эсэхээс үл хамааран хэрэгжих зүйл юм. Хэрэв эцэг эх нь хамтдаа амьдардаггүй бол ёслолыг ихэвчлэн хүүхдийн голчлон амьдрах үндсэн тойрогт хийж гүйцэтгэнэ.

Хүүхдийн адислалыг ердийнхөөс өөр газар өөр цагт өгөх онцгой тохиолдлыг бишоп зөвшөөрсөн байх ёстой. Боломжтой онцгой тохиолдлуудад ялангуяа олон нялх хүүхэдтэй тойргийн хувьд мацгийн бус ням гарагт адислах мөн нялх хүүхдийн эмээ өвөө эсвэл гэр бүлийнх нь олон гишүүн амьдардаг өөр тойрогт адислах зэрэг тохиолдлууд орно. Хүүхдийг гэрт нь адислах эрхийг бишоп Мелкизедек санваартнуудад олгож болно. Бишопын зөвлөлийн гишүүн тэргүүлнэ.

Хүүхдэд нэр өгч адислах онцгой тохиолдлуудын тухай мэдээллийг 38.2.7-оос үзнэ үү.

18.6.1

Хэн адислал өгөх

Хүүхдийг нэрлэж, адислах ёслолыг Мелкизедек санваартнууд Сургаал ба Гэрээ 20:70-д зааварласны дагуу гүйцэтгэнэ. Хүүхдэд нэр өгч, адислахын өмнө энэ тухай санваарын удирдагчид гишүүдэд мэдээлэх ёстой. Удирдагчид хувь хүн, гэр бүлүүдийг эвгүй байдалд оруулах эсвэл гомдоохоос зайлсхийхийн тулд чадах бүхнээ хийх ёстой.

Хүүхдэд нэр өгч, адислах хүсэлтэй хувь хүн, гэр бүл ёслолыг бишоптой хамтран зохион байгуулна. Тэрээр тойргийн хүүхдүүдийг нэрлэж, адислах санваарын түлхүүрийг атгадаг.

Бишоп Мелкизедек санваартай эцэг нь ариун сүмд орохуйц бүрэн дүүрэн зохистой биш байсан ч хүүхдэдээ нэр өгч, адислах зөвшөөрлийг түүнд олгож болно (18.3-ыг үзнэ үү). Бишоп эцгүүдийг өөрсдийн хүүхдийг адислахаар бэлдэхэд урамшуулан дэмждэг.

Хүүхдэд адислалын үг хэлэхээр өөр тойргоос ирсэн хүн ариун сүмийн хүчинтэй эрхийн бичгээ тэргүүлж буй удирдагчид үзүүлэх ёстой. Эсвэл тэр бишопын зөвлөлийн гишүүний гарын үсэг зурсан Ёслол гүйцэтгэх эрхийн бичгээ үзүүлж болно.

18.6.2

Заавар

Бишопын зөвлөлийн удирдлаган доор Мелкизедек санваартнууд хүүхдийг нэрлэж, адислахаар тойрон зогсоно. Нялх хүүхдийг тэд гар дээрээ авч, харин арай том хүүхдийн хувьд гараа толгой дээр нь зөөлөн тавина. Үүний дараа адисалж байгаа хүн дараах зааврыг дагах ёстой.

  1. Тэнгэрлэг Эцэгт хандаж залбирна.

  2. Адислалыг Мелкизедек санваарын эрх мэдлээр гүйцэтгэж байгааг хэлнэ.

  3. Хүүхдэд нэр өгнө.

  4. Хүүхдэд хандан ярина.

  5. Сүнсний удирдамжийн дагуу хүүхдэд адислалын үгс хэлнэ.

  6. Есүс Христийн нэрээр төгсгөнө.

18.6.3

Хүүхдийн бүртгэлийн маягт ба адислалын гэрчилгээ

Хүүхдийг адислахын өмнө бичиг хэргийн ажилтан Удирдагч, бичиг хэргийн ажилтны мэдээллийн санг (УБХАМС) ашиглан Хүүхдийн бүртгэлийн маягт-ыг бэлдэнэ. Адислалын дараа тэр уг системд гишүүнчлэлийн бүртгэл нээж, Адислалын гэрчилгээ бэлдэнэ. Энэхүү гэрчилгээн дээр бишоп гарын үсгээ зураад, хүүхдийн эцэг эхэд эсвэл асран хамгаалагчид өгнө.

Гишүүнчлэлийн бүртгэл, гэрчилгээн дээрх нэр төрсний гэрчилгээ, иргэний бүртгэл дээрх эсвэл одоогийн хууль ёсны нэртэй нь тохирч байх ёстой.

18.7

Баптисм

Хувь хүн Сүмийн гишүүн болж, Ариун Сүнс хүлээн авахын тулд эрх бүхий хүнээр усанд умбуулах баптисм хүртээлгэсэн байх шаардлагатай. Өргөмжлөл авахаар эрэлхийлж буй бүх хүн эдгээр ёслолыг хүлээн авснаар Аврагчийн жишээг дагах ёстой. (Матай 3:13–17; Иохан 3:3–7; Үйлс 2:37–38; 2 Нифай 31:5–21-ийг үзнэ үү.)

Баптисмыг онцгой нөхцөл байдалд гүйцэтгэх тухай мэдээллийг 38.2.8-аас үзнэ үү.

Зураг
Баптисм хүртэж буй хүү

18.7.1

Хувь хүнд баптисм хүртэж, гишүүнээр батлуулах зөвшөөрөл олгох

18.7.1.1

Сүмд бүртгэлтэй хүүхдүүд

Бишоп нь Сүмд бүртгэлтэй тойргийн баптисм хүртэх 8 настай гишүүдийг гишүүнээр батлах санваарын түлхүүрийг атгадаг. Эдгээр хүүхэд 8 нас хүрснийхээ дараахан аль болох цаг алдалгүй баптисм хүртэж, гишүүнээр батлуулсан байх ёстой (Сургаал ба Гэрээ 68:27-г үзнэ үү). Энэ бол Сүмд гишүүнчлэлийн бүртгэлтэй болсон хүүхдүүд юм (13.6.2-ыг үзнэ үү). Тэднийг 8 нас хүрэхэд сайн мэдээг хүлээн авч, баптисм хүртэн, гишүүнээр батлуулах бүх боломж бололцоог бүрдүүлэхэд бишоп анхаарна.

Оюуны тусгай хэрэгцээтэй хүнд баптисм хүртээж, гишүүнээр батлах тухай мэдээллийг 38.2.4 ба 38.2.8.1-ээс үзнэ үү.

Бишоп эсвэл томилогдсон зөвлөх бүртгэлтэй хүүхдийн баптисмын болон гишүүний баталгааны ярилцлагыг явуулдаг. Зааврыг 31.2.3.1-д өгсөн.

Баптисм ба гишүүний баталгааны бүртгэлийг бөглөх тухай мэдээллийг 18.8.3-аас үзнэ үү.

Бишоп тойрог дахь 7 настай хүүхдүүдийг онцгойлон анхаарч, тэдний эцэг эх, Хүүхдийн хэсгийн удирдагч, багш нар, гэр бүлд нь тохинуулдаг ах, эгч нар тэдэнд баптисм хүртэн, гишүүнээр батлуулахаар бэлдэхэд нь тусалж байгаа эсэхэд анхаарна. Түүнчлэн ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн удирдагчид үр хүүхдээ эдгээр ёслолд бэлтгэхэд эцэг эхчүүдийг урамшуулан дэмжинэ.

18.7.1.2

Хөрвөгчид

Номлол дахь хөрвөгчдөд баптисм хүртээх санваарын түлхүүрийг номлолын ерөнхийлөгч атгадаг. Энэ шалтгаанаар, бүрэн цагийн номлогчид хөрвөгчидтэй баптисмын болон гишүүний баталгааны ярилцлагыг явуулдаг. Зааврыг 31.2.3.2-т өгсөн.

Баптисм ба гишүүний баталгааны бүртгэлийг бөглөх тухай мэдээллийг 18.8.3-аас үзнэ үү.

18.7.1.3

Эцэг эх нь гэрлээгүй хүүхдүүд (гэр бүл цуцалсныг оролцуулан)

Бага насны хүүхдэд баптисм хүртээж, гишүүнээр батлах тухай удирдамжийг 38.2.8.2-аас үзнэ үү.

18.7.2

Баптисмын үйл ажиллагаа

Баптисмын үйл ажиллагаа энгийн, богино, сүнслэг байх ёстой. Үүнд дараах зүйлc орж болно.

  1. Оршил хөгжим

  2. Үйл ажиллагааг хөтлөн явуулж байгаа ах нээлтийн товч үг хэлэх

  3. Нээлтийн дуулал ба залбирал

  4. Баптисм, Ариун Сүнсний бэлэг зэрэг сайн мэдээний сэдвээр нэгээс хоёр товчхон захиас хэлэх

  5. Дуу хөгжмийн хөтөлбөр

  6. Баптисм

  7. Баптисмд оролцсон хүмүүс хуурай хувцас сольж өмсөж байх хоорондох хүндэтгэлийн цаг (энэ үеэр сүмийн дуулал, Хүүхдийн хэсгийн дууг тоглож эсвэл дуулж болно)

  8. Сүмд бүртгэлтэй 8 настай гишүүдийг гишүүнээр батална; мөн хэрэв бишоп шийдсэн тохиолдолд хөрвөгчдийг гишүүнээр батална (18.8-ыг үзнэ үү)

  9. Хүсвэл шинэ хөрвөгч гэрчлэлээ хуваалцана

  10. Хаалтын дуулал ба залбирал

  11. Төгсгөлийн хөгжим

Бүртгэлтэй хүүхэд баптисм хүртэхээр бэлдэж байвал бишопын болон Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн баптисмын үйл ажиллагааг төлөвлөж, цаг товлохоор гэр бүлийнхэнтэй нь зөвлөлдөнө. Бишопын зөвлөлийн гишүүн үйл ажиллагааг хөтлөн явуулна. Хэрэв сард нэгээс олон хүүхэд баптисм хүртэх бол баптисмын үйл ажиллагааг хамтатган явуулж болно.

Бүртгэлтэй олон хүүхэдтэй гадасны хувьд хэд хэдэн тойргийн хүүхдүүд нийлж нэг баптисмын үйл ажиллагаа явуулж болно. Энэ тохиолдолд гадасны ерөнхийлөгчийн эсвэл Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн юм уу дээд зөвлөлийн гишүүн баптисмын үйл ажиллагааг төлөвлөж, цаг товлохоор хүүхдүүдийн гэр бүлийнхэнтэй зөвлөлдөнө. Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн эсвэл томилогдсон дээд зөвлөлийн гишүүн үйл ажиллагааг хөтлөн явуулна. Хүүхэд бүрд онцгой гэдгийг нь мэдрүүлэхийн тулд тойрог эсвэл гэр бүл нь үйл ажиллагааны тодорхой хэсгийг тусдаа явуулж болно. Жишээлбэл: Баптисм хүртээх, гишүүнээр батлах эсвэл тойргийн буюу гэр бүлийн гишүүн үг хэлэх зэргийг тусдаа явуулж болно. Үйл ажиллагааны тухайн хэсгийг бишопын зөвлөлийн гишүүн хөтлөн явуулна.

Хөрвөгчид 31.2.3.2-т тавигдсан шаардлагыг хангамагц баптисмын үйл ажиллагааны өдрийг товлох ёстой. Гэр бүлийн гишүүдийн баптисмыг эцэг нь санваар хүлээн авч, баптисмыг өөрөө гүйцэтгэх хүртэл хойшлуулах ёсгүй.

Бишопын зөвлөлийн удирдамжийн дагуу тойргийн номлолын удирдагч (дуудагдсан бол) эсвэл тойргийн номлогчийн ажлыг удирддаг ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн нь хөрвөгчдийн баптисмын үйл ажиллагааг төлөвлөж, хөтлөн явуулна. Тэд бүрэн цагийн номлогчидтой хамт зохицуулна.

18.7.3

Хэн ёслолыг гүйцэтгэх

Баптисмын ёслолыг прист эсвэл Мелкизедек санваартан гүйцэтгэнэ. Баптисм хүртээх хүнд бишоп (бүрэн цагийн номлогч баптисм хүртээж байгаа бол номлолын ерөнхийлөгч) зөвшөөрөл олгосон байх ёстой.

Бишоп нь мөн прист эсвэл Мелкизедек санваартай эцэг хүн ариун сүмд орохуйц бүрэн дүүрэн зохистой биш байсан ч түүнд хүүхдэдээ баптисм хүртээх зөвшөөрөл олгож болно (18.3-ыг үзнэ үү). Бишоп эцгүүдийг өөрийн хүүхдэд баптисм хүртээлгэхээр бэлдэхэд нь урамшуулан дэмждэг.

Баптисм хүртээхээр өөр тойргоос ирсэн хүн ариун сүмийн хүчинтэй эрхийн бичгээ тэргүүлж буй удирдагчид үзүүлэх ёстой. Эсвэл тэр бишопын зөвлөлийн гишүүний гарын үсэг зурсан Ёслол гүйцэтгэх зөвшөөрлийн бичиг үзүүлж болно.

18.7.4

Хаана ёслолыг гүйцэтгэх

Баптисмын сан байдаг бол тэнд баптисм хүртээх ёстой. Баптисмын сан байдаггүй бол аюулгүй гол, нуур, цөөрөм ашиглаж болно. Энэ нь ёслолыг гүйцэтгэж байгаа болон баптисм хүртэж байгаа хоёр хүн хоёулаа босоогоороо зогсоход багтахуйц хангалттай том байх ёстой. Баптисмд зориулан усыг онцгойлон адисалдаггүй.

Хэрэв усан санг ашиглах бол хариуцагч бишопын тойргийн томилогдсон гишүүнээр дамжуулан цагаа авна.

Аюулгүй байдлыг хангах үүднээс насанд хүрсэн хариуцлагатай хүн усан санг дүүргэх явцад байлцаж, усыг юүлж, цэвэрлэж, аюулгүй болтол тэнд үлдэх ёстой. Баптисмын үйл ажиллагаа бүрийн дараа усан сангаас усыг тэр даруй юүлнэ. Усан санг ашиглаагүй үедээ хаалгыг нь түгжсэн байх ёстой.

18.7.5

Хувцас

Баптисм хүртээж байгаа болон хүртэж байгаа хоёр хүн нороход нэвт гэрэлтэхээргүй цагаан хувцас өмссөн байна. Ариун сүмийн хишиг хүртсэн хүн баптисм хүртээх үедээ хувцасныхаа дотуур ариун сүмийн гарментаа өмсөнө. Орон нутгийн нэгжүүд төсвийн мөнгөөрөө баптисмын хувцас худалдан авдаг бөгөөд хэрэглүүлсний хураамж авах ёсгүй.

18.7.6

Гэрчүүд

Тэргүүлж буй удирдагчийн зөвшөөрлөөр хоёр гэрч баптисм бүрийг ажиглаж, зохих ёсоор гүйцэтгэж буй эсэхийг ажиглана. Хүүхэд, өсвөр үеийнхэн зэрэг баптисм хүртсэн Сүмийн гишүүд гэрчээр үйлчилж болно.

Хэрэв үгийг яг Сургаал ба Гэрээ 20:73-т өгснөөр хэлээгүй бол баптисмыг дахин хүртээх ёстой. Түүнчлэн хүний биеийн хэсэг, үс эсвэл хувцас усан дотор бүрэн ороогүй бол дахин хүртээх ёстой.

18.7.7

Заавар

Баптисмын ёслолыг гүйцэтгэхийн тулд прист эсвэл Мелкизедек санваартан дараах зааврыг дагах ёстой. Үүнд:

  1. Баптисм хүртэж байгаа хүнтэй хамт усан дотор зогсоно.

  2. Уг хүний баруун бугуйг зүүн гараараа барина (эвтэйхэн мөн аюулгүй байдлыг хангах зорилгоор). Баптисм хүртэж байгаа хүн санваартны зүүн бугуйг зүүн гараараа барина.

  3. Баруун гараа тэгш өнцөг гарган өргөнө.

  4. Уг хүний бүтэн нэрийг хэлээд, “Есүс Христийн итгэмжилснээр би танд Эцэг, мөн Хүү, мөн Ариун Сүнсний нэрээр баптисм хүртээж байна. Амен” (Сургаал ба Гэрээ 20:73-ыг үзнэ үү) гэж хэлнэ.

  5. Тухайн хүнийг хамраа баруун гараараа чимхсэний (эвтэйхэн байлгах зорилгоор) дараа санваартан баруун гараа нуруун дээр нь байрлуулж, биеийг нь бас хувцсыг нь ч усанд бүрэн умбуулна. Баптисм хүртэж байгаа хүн өвдгөө нугалбал усанд умбуулахад арай амар хялбар байна.

  6. Дараа нь уснаас гарч ирэхэд нь уг хүнд тусална.

18.7.8

Баптисмын бүртгэл

Баптисмын бүртгэл хийх тухай мэдээллийг 18.8.3-аас үзнэ үү.

18.8

Гишүүний баталгаа ба Ариун Сүнсний бэлэг

Хувь хүнд баптисм хүртээсний дараа уг хүний толгой дээр нь гараа тавьж, Сүмийн гишүүнээр баталж, Ариун Сүнсний бэлэг өгдөг (Сургаал ба Гэрээ 20:41; Үйлс 19:1–6-г үзнэ үү). Энэ хоёр ёслол хоёул хийгдэж, зохих ёсоор бүртгэгдсэний дараа тухайн хүн Сүмийн гишүүн болдог (Иохан 3:5, Сургаал ба Гэрээ 33:11; 3 Нифай 27:20-ийг үзнэ үү).

Гишүүний баталгааг онцгой нөхцөл байдалд гүйцэтгэх тухай мэдээллийг 38.2.8-аас үзнэ үү.

Сүмд бүртгэлтэй 8 настай тойргийнхоо гишүүдийг гишүүнээр батлах санваарын түлхүүрийг бишоп атгадаг. Хөрвөгчдийг гишүүнээр батлах түлхүүрийг номлолын ерөнхийлөгч нь атгадаг (хөрвөгчийн баптисмын тодорхойлолтыг 31.2.3.2-оос үзнэ үү).

Бишоп бүх гишүүний баталгааны гүйцэтгэлд хяналт тавина. Ихэвчлэн найман настай хүүхдүүдийг баптисм хүртсэн өдөр нь гишүүнээр баталдаг. Хөрвөгчдийг ихэвчлэн амьдардаг тойргийнх нь аль нэгэн ариун ёслолын цуглаан дээр, боломжтой бол баптисмын дараах ням гарагт гишүүнээр батална. Гэхдээ баптисмын үйл ажиллагаан дээр гишүүнээр батлах онцгой зөвшөөрлийг бишоп олгож болно.

Бишопын зөвлөлийн гишүүн шинэ гишүүдийг танилцуулахдаа 29.2.1.1 дэх зааврыг дагаж мөрдөх ёстой.

Зураг
Гишүүнээр батлуулж буй залуу эмэгтэй

18.8.1

Хэн ёслолыг гүйцэтгэх

Гишүүнээр батлах ёслолыг Мелкизедек санваартан гүйцэтгэнэ. Адислал өгөх хүнд бишоп (бүрэн цагийн номлогч гишүүнээр баталж байгаа бол номлолын ерөнхийлөгч) зөвшөөрөл олгосон байх ёстой.

Зөвхөн ариун сүмд орохуйц зохистой Мелкизедек санваартан гишүүнээр батлахад дуу хоолой болж болно. Гэхдээ бишоп нь Мелкизедек санваартай эцэг хүн ариун сүмд орохуйц бүрэн зохистой биш байсан ч хүүхдийг нь гишүүнээр батлах үеэр тойрогт зогсох зөвшөөрлийг түүнд олгож болно (18.3-ыг үзнэ үү).

Хамгийн багадаа бишопын зөвлөлийн нэг гишүүн энэ ёслолд заавал оролцоно. Номлогч ахлагчид тухайн хөрвөгчид хичээл заасан бол бишоп тэднийг оролцоход урина.

Энэ ёслолын залбирлыг хэлэхээр өөр тойргоос ирсэн хүн ариун сүмийн хүчинтэй эрхийн бичгээ тэргүүлж буй удирдагчид үзүүлэх ёстой. Эсвэл тэр бишопын зөвлөлийн гишүүний гарын үсэг зурсан Ёслол гүйцэтгэх эрхийн бичгээ үзүүлж болно.

18.8.2

Заавар

Бишопын зөвлөлийн удирдлаган доор нэг эсвэл түүнээс дээш Мелкизедек санваартан гишүүнээр батлах ёслолд оролцож болно. Тэд гараа уг хүний толгой дээр зөөлөн тавина. Үүний дараа дуу хоолой болж байгаа хүн дараах зааврыг дагах ёстой. Үүнд:

  1. Уг хүнийг овог нэрээр нь дуудна.

  2. Уг ёслолыг Мелкизедек санваарын эрх мэдлээр гүйцэтгэж байгааг хэлнэ.

  3. Уг хүнийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүнээр батална.

  4. “Ариун Сүнсийг хүлээн авна уу” гэж хэлнэ (“Ариун Сүнсний бэлгийг хүлээн авна уу” гэхгүй).

  5. Сүнсний удирдамжийн дагуу адислан үг хэлнэ.

  6. Есүс Христийн нэрээр төгсгөнө.

18.8.3

Баптисм ба гишүүний баталгааны бүртгэл, гэрчилгээ

Сүмд бүртгэлтэй хүүхэдтэй ярилцах баптисмын ярилцлагын өмнө бичиг хэргийн ажилтан УБХАМС-г ашиглан Баптисмын болон гишүүний баталгааны маягт-ыг бэлдэнэ. Бишоп эсвэл томилогдсон зөвлөх ярилцлагыг хөтлөн явуулж, маягтад гарын үсгээ зурна. Баптисм хүртээж, гишүүнээр баталсны дараа бичиг хэргийн ажилтан энэ маягтыг ашиглан хүүхдийн гишүүнчлэлийн бүртгэлийг УБХАМС дээр шинэчилнэ.

Бүрэн цагийн номлогч хөрвөгчийн баптисмын ярилцлагыг явуулахдаа Баптисмын болон гишүүний баталгааны маягтыг Area Book Planner (ABP) аппликэйшныг ашиглан бөглөнө. Баптисм болон гишүүний баталгааны дараа номлогчид мэдээллийг ABP-д бүртгэж, тойргийн бичиг хэргийн ажилтан руу цахимаар илгээнэ. Тойргийн бичиг хэргийн ажилтан УБХАМС дээрх мэдээллийг хянаж, гишүүнчлэлийн бүртгэл үүсгэнэ.

Гишүүнчлэлийн бүртгэлийг нээсний дараа бичиг хэргийн ажилтан Баптисмын болон гишүүний баталгааны гэрчилгээг бэлтгэнэ. Энэ гэрчилгээн дээр бишоп гарын үсгээ зуран, тухайн хүнд өгнө.

Гишүүнчлэлийн бүртгэл, гэрчилгээн дээрх нэр нь төрсний гэрчилгээ, иргэний бүртгэл дээрх эсвэл одоогийн хууль ёсны нэртэй тохирч байх ёстой.

18.9

Ариун ёслол

Сүмийн гишүүд Бурханыг шүтэн биширч, ариун ёслолоос хүртэхийн тулд Хүндэтгэлийн өдөр цуглардаг (Сургаал ба Гэрээ 20:75; 59:9; Моронай 6:5–6-г үзнэ үү). Энэ ёслолын үеэр тэд Аврагчийн бие, цусаараа үйлдсэн золиосыг санахаар мөн баптисмын ариун нандин гэрээнүүдээ шинэчлэхийн тулд талх, уснаас хүртдэг (Матай 26:26–28, Иосеф Смитийн Орчуулга, Марк 14:20–25, Лук 22:15–20, 3 Нифай 18, Моронай 6:6-г үзнэ үү). Ариун ёслолыг адисалж, түгээж байх үеэр хүн бүр хүндэтгэлтэй байх ёстой.

18.9.1

Ариун ёслолыг явуулах зөвшөөрөл

Бишоп тойрогтоо ариун ёслолыг удирдан явуулах санваарын түлхүүрийг атгадаг. Ариун ёслолыг бэлдэж, адислан, түгээхэд оролцох бүх хүн бишопоос юм уу бишопын удирдлаган доорх хэн нэгнээс зөвшөөрөл авсан байх ёстой.

Тойргийнх нь гишүүд гэр орон, асрах газар эсвэл эмнэлгээс гарч ариун ёслолоос хүртэх боломжгүй бол эдгээр гишүүнд зориулан ариун ёслол түгээх санваартнуудыг бишоп томилж болно. Гишүүд түр хугацаагаар тойргийн хил хязгаараас гадуур байсан ч бишоп зөвшөөрөл олгож болно. Гэвч үүнээс өөр нөхцөлд гишүүд тойргийн хил хязгаараас гадуур байх тохиолдолд тэрээр ариун ёслол түгээх зөвшөөрөл олгохгүй.

Ховор тохиолдолд ариун ёслолыг хэсэг хугацаанд явуулахгүй байж болно. Ийм нөхцөлд бишоп нь тойргийнхоо зохистой санваартнуудад Хүндэтгэлийн өдөр бүр ариун ёслолыг гэртээ бэлдэж, түгээх зөвшөөрөл олгож болно. Бишоп мөн гэрт нь санваартан байдаггүй тойргийн гишүүдэд зориулан ариун ёслол бэлдэж, түгээх зөвшөөрлийг тэдэнд олгож болно.

Бишоп нь Сүмийн тогтсон үйлчлэлийн хүрээнээс гадуур ариун ёслолыг бэлдэж, түгээх зөвшөөрөл олгосон тохиолдолд ч гэсэн 18.9.2 дээрх ёслолыг хэн гүйцэтгэх тухай зааврыг дагана.

18.9.2

Хэн ёслолыг гүйцэтгэх

  • Багш нар, пристүүд, Мелкизедек санваартнууд ариун ёслолыг бэлтгэж болно.

  • Прист, Мелкизедек санваартнууд ариун ёслолыг адисалж болно.

  • Дикон, багш, прист, Мелкизедек санваартнууд ариун ёслолыг түгээж болно.

Хангалттай олон тооны Аароны санваартан байвал ихэвчлэн тэд эдгээр үүрэгт ажлыг гүйцэтгэдэг. Ариун ёслолыг түгээх хангалттай тооны дикон байхгүй үед диконы чуулгын ерөнхийлөгч хэнийг урьж туслалцаа авах талаар бишоптой зөвлөлдөнө. Ерөнхийдөө тэр ахлагч, дээд пристүүдээс тусламж хүсэхээсээ өмнө багш, пристүүдээс тусламж хүснэ.

18.9.3

Ариун ёслолд зориулсан заавар

Ариун ёслол нь ариун нандин шинж чанартай тул санваарын удирдагчид үүнийг эмх цэгцтэй, хүндэтгэлтэй удирдан явуулахын тулд хянамгай бэлдэх ёстой. Ариун ёслолын ширээний бүтээлгүүд цагаан, цэвэрхэн, индүүдсэн байвал зохино. Ариун ёслолын тавиур сав цэвэрхэн байх ёстой. Ариун ёслолын тавиур, аягануудыг нэлээн эртнээс захиалсан байна.

Ариун ёслолыг удирдан явуулж буй хүмүүс үүнийг хүндэтгэлтэй байдлаар, Их Эзэнийг төлөөлж байгаа гэдгээ ухааран үйлдэх ёстой. Бишопын зөвлөл тэднийг ариун ёслолыг бэлтгэж, адисалж, түгээхдээ Аврагчийн Цагаатгалын тухай тунгаан бодоход урамшуулан дэмждэг.

Ариун ёслолыг удирдан явуулж байгаа хүмүүс цэвэр цэмцгэр байх ёстой. Тэд ариун ёслолын зорилго болох шүтэн бишрэх, гэрээ байгуулах зэргээс анхаарлыг сарниулах хувцас өмсөж, гоёл чимэглэл зүүх ёсгүй. Хэрэв бишоп энэ асуудлаар санваартантай зөвлөлдөх хэрэгтэй бол үүнийг хайрласан сэтгэлээр хийнэ. Тэр мөн тухайн хүний Сүмд хэрхэн төлөвшсөн байдлыг бодолцож үзнэ.

Ариун ёслолыг түгээх нь хэт албархуу биш энгийн байх ёстой. Жишээлбэл, тодорхой үйлдлүүд (зүүн гараа нурууныхаа ард үүрэх гэх мэт) эсвэл тодорхой хувцаслалт (хувцсаараа ижилсэх гэх мэт) шаардлагагүй.

Талхаа хувааж байх зуур цугларсан хүмүүс ариун ёслолын дуу дуулна. Энэ дууллыг гоцлон дуулаачдаар дуулуулах юм уу хөгжмийн зэмсгээр орлуулж болохгүй. Ариун ёслолыг түгээх үеэр эсвэл түгээж дуусангуут хөгжим тоглох ёсгүй.

Хэрэв гишүүн хоолны харшилтай эсвэл цавуулаг бүтээгдэхүүн идэж чаддаггүй бол тэрээр энэ талаар бишопын зөвлөлийн гишүүнтэй ярилцаж, ариун ёслолд ямар зохицуулалт хийж болохыг ярилцана. Шаардлагатай үед бишопын зөвлөл ариун ёслолыг тэдэнд түгээх үйл явцыг өөрчилж болно.

Ерөнхийдөө талхыг ариун ёслолын үйл явцын нэг хэсэг болгон хуваадаг. Гэхдээ тодорхой нэг гишүүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг бататгахын тулд тухайн гишүүн харшил өгдөггүй талх эсвэл хуваасан талхыг орлох өөр ямар нэгэн зүйлийг уутанд эсвэл аяганд битүүмжлэн авчирч өгч болно. Тэд үүнийгээ тусад нь тавиурт тавиулахаар санваартанд өгнө. Бишопын зөвлөл энэхүү харшил өгдөггүй зүйлийг хэнд өгөх ёстойг мэдэхэд нь ариун ёслол түгээж байгаа хүмүүст хэлж тусална.

Хүнсний харшлын талаарх удирдамжийг disability.ChurchofJesusChrist.org дээрээс үзнэ үү.

Хэдийгээр ариун ёслол нь Сүмийн гишүүдэд зориулагдсан ч бусдыг үүнээс хүртэхийг хориглох ямар нэгэн зүйл хийх ёсгүй.

Зураг
Залуу эрэгтэй ариун ёслолыг түгээж байгаа нь

18.9.4

Заавар

  1. Ариун ёслолыг бэлдэж, адисалж, түгээх хүмүүс эхлээд гараа савангаар эсвэл өөр ямар нэгэн цэвэрлэгчээр угаана.

  2. Багш, прист эсвэл Мелкизедек санваартнууд цуглаан эхлэхээс өмнө талхны тавиур хуваагаагүй бүтэн талхтай, усны тавиур цэвэр устай аягатай, ширээний цэвэрхэн бүтээлгүүд байрандаа байхад анхаарна.

  3. Тойргийн гишүүд ариун ёслолын дууллыг дуулж байх үеэр ариун ёслолыг адислах хүмүүс хүндэтгэлтэйгээр зогсон, талхны тавиуруудын бүтээлгийг сөхөж, талхыг жижиглэн хуваана.

  4. Дууллын дараа талх адислах хүн өвдөг сөгдөж, талханд зориулан ариун ёслолын залбирлыг хэлнэ (Сургаал ба Гэрээ 20:77-г үзнэ үү).

  5. Ариун ёслолын залбирлыг тод, зөв, хүндэтгэлтэй хэлсэн байхад бишоп анхаарна. Хэрэв адисалж байгаа хүн үгийн алдаа гаргаж, өөрийгөө залруулах юм бол нэмж залруулах шаардлагагүй. Хэрэв хүн алдаагаа залруулахгүй бол залбирлыг давтаж хэлэхийг бишоп эелдгээр хүснэ. Залбирлыг давтаж хэлэхийг хүсэхдээ бишоп сэмхэн мэдэгдэх ёстой. Ийн хүсэхдээ тэр эвгүй байдалд оруулахгүй эсвэл ёслолоос анхаарлыг сарниулахгүй байхаар үйлдвэл зохино. Хэрэг гарвал ариун ёслолын ширээний дэргэд байгаа өөр хүн тусалж болно.

  6. Залбирлын дараа санваартнууд талхыг хүндэтгэлтэйгээр гишүүдэд түгээнэ. Эхлээд тэргүүлж байгаа удирдагч хүртсэний дараа, цааш хэнд түгээх талаар тогтоосон дараалал байдаггүй. Тавиурыг гишүүдэд гардуулж өгсний дараа тэд нэг нэгэндээ дамжуулж болно.

  7. Гишүүд болж өгвөл баруун гараараа хүртэх ёстой.

  8. Талхыг бүх гишүүнд түгээсний дараа ариун ёслолыг түгээсэн хүмүүс тавиурыг ариун ёслолын ширээн дээр буцааж авчирна. Ариун ёслолыг адисалж байгаа хүмүүс талхны тавиурыг бүтээлгээр бүтээгээд, усны тавиурын бүтээлгийг сөхнө.

  9. Усыг адислах хүн өвдөг сөгдөн, усанд зориулан ариун ёслолын залбирлыг хэлнэ (Сургаал ба Гэрээ 20:79-ийг үзнэ үү). Тэрээр дарсыг гэх үгийн оронд усыг гэж хэлнэ.

  10. Залбирлын дараа санваартнууд усыг гишүүдэд хүндэтгэлтэйгээр түгээнэ. Эхлээд тэргүүлж байгаа удирдагч хүртсэний дараа цааш нь хэнд түгээх талаар тогтоосон дараалал байдаггүй.

  11. Усыг бүх гишүүнд түгээсний дараа ариун ёслолыг түгээсэн хүмүүс тавиурыг ариун ёслолын ширээн дээр буцааж тавина. Ариун ёслолыг адисалсан хүмүүс тавиурыг бүтээлгээр бүтээн, ариун ёслолыг адисалж, түгээсэн хүмүүс хүндэтгэлтэйгээр суудлаа эзэлнэ.

  12. Цуглааны дараа ариун ёслолыг бэлдсэн хүмүүс уг газраа цэвэрлэж, бүтээлгийг эвхэн хурааж, хэрэглээгүй талхыг авна.

18.10

Санваар хүртээж, санваарын албанд томилох

Санваар нь Аароны болон Мелкизедек гэж хоёр хэсэгт хуваагддаг (3.3; Сургаал ба Гэрээ 107:1, 6-г үзнэ үү). Хэн нэгэнд санваар хүртээхдээ уг санваарын албанд бас томилдог. Дээрх хоёр санваарын аль нэгийг хүртээсний дараа уг эрэгтэйг зөвхөн тухайн санваарын өөр бусад албанд томилно.

Санваарын томилгоог онцгой нөхцөл байдалд гүйцэтгэх тухай мэдээллийг 38.2.9-өөс үзнэ үү.

18.10.1

Мелкизедек санваар

Гадасны ерөнхийлөгч Мелкизедек санваар хүртээх, ахлагч, дээд пристийн албанд томилох санваарын түлхүүрүүдийг атгадаг. Гэхдээ бишоп ихэвчлэн эдгээрт томилох хүмүүсийн нэрийг дэвшүүлдэг.

18.10.1.1

Ахлагчид

Зохистой ах нар 18 ба түүнээс дээш нас хүрсэн үед Мелкизедек санваар хүртэж, ахлагчаар томилогдож болно. Тухайн хүний нөхцөл байдалд тулгуурлан, залуу эрэгтэйг 18 нас хүрмэгц ахлагчаар томилохоор дэмжүүлэх эсвэл пристийн чуулгадаа арай удаан хугацаагаар үлдэх эсэхийг бишоп шийднэ. Эдгээр нөхцөл байдалд залуу эрэгтэйн:

  • Гэрчлэл ба төлөвшил

  • Сургууль төгссөн байдал

  • Үеийнхэнтэйгээ цаашид найзлах хүсэл

  • Их сургуульд сурч байгаа эсэх зэрэг нь багтана.

Бишоп энэ шийдвэрийг гаргахдаа юуны өмнө залуу эрэгтэйтэй болон эцэг эхтэй эсвэл асран хамгаалагчидтай нь зөвлөлдөнө. Зохистой эрэгтэйчүүдийг 19 нас хүрэхээс өмнө эсвэл их сургуульд сурах, бүрэн цагийн номлолд үйлчлэх, цэрэгт явах эсвэл бүрэн цагийн ажлаар гэрээсээ явахаас өмнө ахлагчаар томилсон байх хэрэгтэй.

Саяхан баптисм хүртсэн 18 ба түүнээс дээш насны ах нарыг дараах зүйлсийг хийсний дараа ахлагчаар томилно. Үүнд:

  • Аароны санваар хүртэж, пристээр үйлчилсэн.

  • Сайн мэдээний тухай хангалттай сайн ойлголттой болсон.

  • Зохистой байдлаа харуулсан.

Сүмийн гишүүн байх тодорхой хугацаа шаардлагагүй.

18.10.1.2

Дээд прист

Эрэгтэйчүүд гадасны ерөнхийлөгчийн зөвлөл, дээд зөвлөл, бишопын зөвлөлд дуудагдсан үед дээд пристээр томилогддог. Бусад үед гадасны ерөнхийлөгч залбирч байгаад бодож үзэн, сүнслэгээр өдөөгдсөн шийдвэрээр тэднийг томилдог.

18.10.1.3

Ярилцах ба дэмжүүлэх

Бишоп гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвшөөрлөөр Мелкизедек санваарын томилгооны маягтан дээрх зааврын дагуу уг ахтай ярилцана. Дараа нь гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн түүнтэй мөн ярилцана. Номлолын ерөнхийлөгчийн зөвшөөрлөөр дүүргийн ерөнхийлөгч ахлагчаар томилогдох ахтай ярилцаж болно (6.3-ыг үзнэ үү). Эдгээр ярилцлагын талаарх мэдээллийг 31.2.6-аас үзнэ үү.

Энэ ярилцлагын дараа гадасны ерөнхийлөгчийн зөвлөл уг ахыг томилох шийдвэрийг дэмжихийг дээд зөвлөлөөс хүсдэг. Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн, дараа нь гадасны чуулганы ерөнхий хуралдаан дээр түүнийг дэмжүүлэн батлуулахаар танилцуулна (18.10.3-ыг үзнэ үү). Номлолын ерөнхийлөгчийн зөвшөөрлөөр, дүүргийн ерөнхийлөгч ахлагчаар томилогдох ахыг дэмжүүлэн батлуулахаар танилцуулж болно (6.3-ыг үзнэ үү).

18.10.2

Аароны санваар

Бишоп нь Аароны санваар хүртээх мөн дикон, багш, пристийн албанд томилох санваарын түлхүүрүүдийг атгадаг. Ихэвчлэн зохистой ах нарыг зохих насанд хүрснийх нь дараа, дараах албанд томилно. Үүнд:

  • 12 нас хүрэх жилийнх нь эхэнд диконоор

  • 14 нас хүрэх жилийнх нь эхэнд багшаар

  • 16 нас хүрэх жилийнх нь эхэнд пристээр

Бишоп эсвэл томилогдсон зөвлөх дикон, багшаар томилогдох ах нартай сүнслэгээр бэлтгэгдсэн эсэхийг нь тодорхойлохоор ярилцана. Пристээр томилогдох ах нартай бишоп ярилцлага хийнэ.

Бишоп залуу эрэгтэйтэй санваарын томилгооны ярилцлагад орохын өмнө эцэг, эх, асран хамгаалагчаас амаар зөвшөөрөл авна. Уг үйлдлийг эсэргүүцэх хууль эрх зүйн үндэслэлгүй эцэг эх, асран хамгаалагчаас зөвшөөрөл авах шаардлагагүй.

Хэрэв ярилцлагад орж байгаа ахыг зохистой гэж үзвэл бишопын зөвлөлийн гишүүн түүнийг ариун ёслолын цуглаан дээр дэмжүүлэхээр танилцуулна (18.10.3-ыг үзнэ үү).

Саяхан баптисм хүртсэн ах нарыг томилох тухай мэдээллийг 38.2.9.1-ээс үзнэ үү.

18.10.3

Гишүүнийг томилохоосоо өмнө дэмжүүлэхээр танилцуулах

Ахтай ярилцаж, санваарын албанд томилох зохистой гэж үзвэл түүнийг дэмжүүлэхээр танилцуулдаг (Сургаал ба Гэрээ 20:65, 67-г үзнэ үү). Ахлагчаар эсвэл дээд пристээр томилогдох ах нарыг гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн нь гадасны чуулганы ерөнхий хуралдаан дээр танилцуулна (дүүргийн ерөнхийлөгчид хамаатай зааврыг 6.3-аас үзнэ үү). Дикон, багшаар эсвэл пристээр томилох ах нарыг бишопын зөвлөлийн гишүүн ариун ёслолын цуглаан дээр дэмжүүлэн батлуулахаар танилцуулдаг.

Дэмжүүлэх ажил хэргийг хөтөлж буй хүн ахыг босож зогсоход урина. Тэрээр уг ахад Аароны эсвэл Мелкизедек санваарыг (хэрэв шаардлагатай бол) олгож, санваарын албанд томилох санал оруулж байгаагаа зарлана. Тэр дараа нь уг саналыг дэмжихэд гишүүдийг урина. Жишээлбэл, ахыг ахлагчийн албанд томилохоор танилцуулж байгаа бол тэрээр дараахтай адил үгсийг ашиглаж болно.

“Бид [уг хүний нэр]-ийг Мелкизедек санваар хүлээн авч, ахлагчийн албанд томилуулахаар санал оруулж байна. Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү. [Түр хүлээнэ] Татгалзаж байгаа хүн байвал гараа өргөнө үү. [Түр хүлээнэ]

Танилцуулагдаж буй хүн санал өгөхөд оролцох ёстой. Хэрэв нэгээс илүү хүн танилцуулагдаж байгаа бол тэднийг хамтад нь дэмжүүлж болно.

Зохистой гишүүн уг томилгооноос татгалзвал тэргүүлж буй удирдагч эсвэл томилогдсон санваарын удирдагч түүнтэй цуглааны дараа ганцаарчлан уулзаж ярилцана. Удирдагч тухайн гишүүнийг татгалзаж байгаа шалтгааныг ойлгохыг хичээнэ. Тэрээр санваарын албанд томилогдож байгаа хүнийг уг албанд тэнцэхгүй болгох ямар үйлдлийг мэдэж буй талаар уг гишүүнээс олж мэднэ.

Зөвхөн зохистой гишүүд дэмжин батлахад оролцож болно. Хэрэв зохистой бус гишүүн эсвэл гишүүн бус хүн татгалзах санал өгсөн бол гадасны ерөнхийлөгч эсвэл бишоп цуглааны дараа түүнтэй ганцаарчлан уулзаж, түүний санааг зовоож буй зүйлийг сонсож болно.

Зарим тохиолдолд, аль нэг ахыг гадасны чуулган дээр дэмжүүлэхээс нь өмнө ахлагчаар эсвэл дээд пристээр томилох шаардлага гарч болно. Энэ тохиолдолд түүнийг тойргийнх нь ариун ёслолын цуглаан дээр танилцуулж дэмжүүлнэ. Тэгээд түүний томилгоог баталгаажуулахаар дараагийн гадасны чуулган дээр танилцуулж дэмжүүлнэ (дэмжүүлэх явцыг дээр тайлбарласнаар тааруулан өөрчилнө). Энд дэмжсэн эсвэл татгалзсан санал өгөх боломжийг гадасны гишүүдэд олгох явдал багтдаг.

Зураг
Томилогдож буй эрэгтэй хүн

18.10.4

Хэн ёслолыг гүйцэтгэх

Гадасны ерөнхийлөгч эсвэл түүний удирдлаган доорх Мелкизедек санваартан нь ахыг ахлагчийн албанд томилж болно. Номлолын ерөнхийлөгчийн зөвшөөрлөөр дүүргийн ерөнхийлөгч эсвэл түүний заавраар удирдлаган доорх нэг хүн нь томилгоог гүйцэтгэж болно (6.3-ыг үзнэ үү). Зөвхөн Мелкизедек санваартнууд тойрогт зогсож болно.

Гадасны ерөнхийлөгч эсвэл түүний удирдлаган доор дээд прист аливаа ахыг дээд пристийн албанд томилж болно. Зөвхөн дээд пристүүд тойрогт зогсож болно.

Аливаа ахыг Мелкизедек санваарын албанд томилж байгаа хүн ариун сүмд орохуйц зохистой байх ёстой. Гадасны ерөнхийлөгч эсвэл түүний томилсон хүн тэнд байх ёстой.

Прист эсвэл Мелкизедек санваартан аливаа ахыг дикон, багш, пристийн албанд томилж болно. Тэрээр бишопоос зөвшөөрөл авсан байх хэрэгтэй. Бишоп эсвэл түүний томилсон хүн тэнд байх ёстой.

Аароны санваарт томилох ёслолд оролцохын тулд тухайн хүн прист эсвэл Мелкизедек санваартай байх ёстой.

Бишоп мөн прист эсвэл Мелкизедек санваартай эцэг хүнийг ариун сүмд орохуйц бүрэн дүүрэн зохистой биш байсан ч хүүгээ дикон, багш, пристийн албанд томилох зөвшөөрөл олгож болно (18.3-ыг үзнэ үү). Бишоп нь өөрсдийн хөвгүүдийг томилохоор бэлдэхэд эцгүүдийг урамшуулан дэмждэг.

Энэ ёслолыг гүйцэтгэхээр өөр тойргоос ирсэн хүн ариун сүмийн хүчинтэй эрхийн бичгээ тэргүүлж буй удирдагчид үзүүлэх ёстой. Эсвэл тэр бишопын зөвлөлийн гишүүний гарын үсэг зурсан Ёслол гүйцэтгэх эрхийн бичгээ үзүүлж болно.

18.10.5

Заавар

Санваар хүртээж, уг хүнийг санваарын албанд томилохын тулд эрх мэдэл бүхий нэг эсвэл түүнээс олон санваартан толгой дээр нь гараа зөөлөн тавина. Үүний дараа дуу хоолой болж байгаа хүн зааврыг дагах ёстой. Үүнд:

  1. Уг хүнийг бүтэн овог нэрээр нь дуудна.

  2. Ёслол гүйцэтгэх өөрийн эрх мэдлийг хэлнэ (Аароны эсвэл Мелкизедек санваарын).

  3. Өмнө нь Аароны болон Мелкизедек санваар хүртээгүй бол зохих санваарыг хүртээнэ.

  4. Уг хүнийг Аарон эсвэл Мелкизедек санваарын албанд томилж, уг албаны эрх, хүч, эрх мэдлийг олгоно. (Бишопыг томилж байгаа биш л бол санваар хүртээхэд эсвэл албанд томилоход санваарын түлхүүр өгдөггүй.)

  5. Сүнсний удирдамжийн дагуу адислан үг хэлнэ.

  6. Есүс Христийн нэрээр төгсгөнө.

Зохих санваарыг хүртээсэн байгаа бол уг хүнийг санваарын албанд томилохдоо томилох ёслолыг гүйцэтгэх хүн 3 дахь алхмыг алгасна.

Томилох бол адислал өгөх боломж юм. Тухайн хүний үүрэг хариуцлагын талаарх дэлгэрэнгүй зөвлөгөө, зааврыг томилохын өмнө болон дараа өгдөг. Тэдгээрийг уг адислалын голлох зүйлс болгох ёсгүй. Хэн нэгнийг томилоход залбирч, гэрчлэл хуваалцаж, заавар өгөх шаардлагагүй.

18.10.6

Томилгооны бүртгэл ба гэрчилгээ

Тухайн ахыг Мелкизедек санваарын албанд томилох ярилцлагын өмнө бичиг хэргийн ажилтан УБХАМС-г ашиглан, Мелкизедек санваарын томилгооны бүртгэл-ийг бэлдэнэ. Гадасны ерөнхийлөгч эсвэл томилсон зөвлөх ярилцлагыг хөтлөн явуулж, зохистой байдлын бүх шаардлагыг хангаж байвал маягт дээр гарын үсгээ зурна.

Томилсны дараа гадасны ерөнхийлөгч эсвэл түүний томилсон төлөөлөгч маягтыг гүйцээж бөглөн, бичиг хэргийн ажилтанд өгнө. Тэрээр томилгоог УБХАМС-д бүртгэж, томилгооны гэрчилгээг бэлдэнэ. Энэ гэрчилгээн дээр гадасны ерөнхийлөгч гарын үсгээ зуран, тухайн хүнд өгнө.

Тухайн ахыг Аароны санваарын албанд томилох ярилцлагын өмнө бичиг хэргийн ажилтан УБХАМС-г ашиглан Аароны санваарын томилгооны бүртгэлийг бэлтгэнэ. Бишоп эсвэл томилсон зөвлөх ярилцлагыг хөтлөн явуулж, зохистой байдлын бүх шаардлагыг хангаж байвал маягт дээр гарын үсгээ зурна.

Томилсных нь дараа бишоп эсвэл түүний томилсон зөвлөх маягтыг гүйцээж бөглөн, бичиг хэргийн ажилтанд өгнө. Тэрээр томилгоог УБХАМС-д бүртгэж, томилгооны гэрчилгээг бэлдэнэ.

Томилгооны бүртгэл ба гэрчилгээн дээр тухайн хүний одоогийн хууль ёсны нэрийг ашигласан байх ёстой.

18.11

Дуудлагад үйлчлүүлэхээр гишүүдийг онцгойлон адислах

Сүмийн ихэнх албанд дуудагдан, дэмжүүлэн батлуулсан гишүүдийг тухайн албанд нь үйлчлүүлэхээр онцгойлон адислах ёстой (Иохан 15:16; Сургаал ба Гэрээ 42:11-ийг мөн энэ гарын авлагын 3.4.3.1-ийг үзнэ үү). Онцгойлон адислах үеэр тухайн хүнд (1) дуудлагад үйлчлэх эрх мэдэл өгч мөн (2) Сүнсний удирдамжийн дагуу адислан үг хэлдэг.

Гадасны ерөнхийлөгч, бишоп, чуулгын ерөнхийлөгчид онцгойлон адислагдахдаа ерөнхийлөгчийн зөвлөлийн түлхүүрүүдийг хүлээн авдаг (3.4.1.1-ийг үзнэ үү). Гэхдээ ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөх гэх мэт бусад дуудлагад үйлчлүүлэхээр гишүүдийг онцгойлон адислахдаа түлхүүр гэсэн үгийг ашиглах ёсгүй.

Бишопуудыг дуудан, томилж, онцгойлон адислах тухай мэдээллийг 30.7-оос үзнэ үү.

18.11.1

Хэн онцгойлон адислах

Онцгойлон адислах ёслолыг Мелкизедек санваартан гүйцэтгэнэ. Тэрээр санваарын зохих түлхүүрийг атгадаг удирдагчаас зөвшөөрөл авсан байх ёстой. Хэн онцгойлон адислах ёслолыг гүйцэтгэх эрх мэдэлтэй талаар 30.8-д харуулсан. Тухайн хүнийг дээд прист болоход шаардагдах дуудлагад онцгойлон адислах үед ахлагч тойрогт зогсох юм уу адислалыг хэлэх ёсгүй.

Тэргүүлж буй удирдагчийн удирдлаган доор онцгойлон адислах ёслолд нэг эсвэл түүнээс олон Мелкизедек санваартан оролцож болно. Ерөнхийлөгчийг зөвлөхүүдээс нь түрүүлж онцгойлон адисалдаг.

Тэргүүлж буй удирдагч Мелкизедек санваартай нөхөр эсвэл эцгийг ариун сүмд орохуйц бүрэн дүүрэн зохистой биш байсан ч эхнэр, хүүхдүүдийг нь онцгойлон адислах үеэр тойрогт зогсох зөвшөөрлийг түүнд олгож болно (18.3-ыг үзнэ үү).

18.11.2

Заавар

Зөвшөөрөл авсан нэг эсвэл түүнээс олон Мелкизедек санваартан уг хүний толгой дээр гараа зөөлөн тавина. Үүний дараа дуу хоолой болж байгаа хүн дараах зааврыг дагах ёстой.

  1. Уг хүнийг овог нэрээр нь дуудна.

  2. Тэрээр Мелкизедек санваарын эрх мэдлээр үйлдэж байгаагаа хэлнэ.

  3. Уг хүнийг гадас, тойрог, чуулга эсвэл ангийн дуудлагад онцгойлон адисална.

  4. Хэрэв тухайн хүн түлхүүр хүлээн авах ёстой бол түлхүүрүүдийг өгнө.

  5. Сүнсний удирдамжийн дагуу адислан үг хэлнэ.

  6. Есүс Христийн нэрээр төгсгөнө.

Онцгойлон адислах нь залбирал, гэрчлэлтэй албан ёсны цуглаан биш юм. Энэ үеэр мөн дэлгэрэнгүй заавар өгдөггүй. Дэлгэрэнгүй зааврыг адислалын нэгэн хэсэг болгон өгөлгүй, сургалтын үеэр өгдөг.

18.12

Тосыг ариулан адислах

Мелкизедек санваартан чидун жимсний тосыг өвчтэй, зовж шаналсан хүмүүсийг тослохоор хэрэглэхийнхээ өмнө ариулан адислах ёстой (Иаков 5:14-ийг үзнэ үү). Өөр тос ашиглаж болохгүй.

Ариулан адисалсан тосыг гишүүд уух эсвэл биеийн гэмтэж бэртсэн хэсгүүд дээр түрхэх ёсгүй.

18.12.1

Хэн ёслолыг гүйцэтгэх

Нэг эсвэл түүнээс олон Мелкизедек санваартан тосыг ариулан адисалж болно. Тэд ийн үйлдэхдээ санваарын удирдагчаас зөвшөөрөл авах хэрэггүй.

18.12.2

Заавар

Тосыг ариулан адислахын тулд Мелкизедек санваартан:

  1. Чидун жимсний тосны онгойлгосон савыг гартаа барина.

  2. Тэнгэрлэг Эцэгт хандаж залбирна.

  3. Мелкизедек санваарын эрх мэдлээр үйлдэж байгаагаа хэлнэ.

  4. Тосыг ариулан (савыг нь биш), өвдсөн, зовж шаналсан хүмүүст түрхэж, адислахаар онцгойлон адисална.

  5. Есүс Христийн нэрээр төгсгөнө.

18.13

Өвчтөнийг адислах

Итгэлийнх нь дагуу адислал өгөгдсөн байхын тулд өвчтөнийг ихэвчлэн өөрийнх нь эсвэл санаа зовж байгаа хүмүүсийн хүсэлтээр адисалдаг (Иаков 5:14; Сургаал ба Гэрээ 24:13–14; 42:43–44, 48–52-ыг үзнэ үү).

“Гар тавилтаар” өвчтөнийг адислах нь тослох, түрхсэн тосоо адислалаар лацдах гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Хэрэв ариулан адисалсан тос байхгүй бол тослохгүйгээр, Мелкизедек санваарын эрх мэдлээр адисалж болно.

Хэрэв хүн нэг өвчинд нэгээс илүү адислал авахыг хүсвэл дахин тослох хэрэггүй. Санваартан гар тавилтаар мөн Мелкизедек санваарын эрх мэдлээр дахин адисалж болно. Гэхдээ бас дахин тосолж болно.

Эмнэлэгт очиж байгаа Мелкизедек санваартнууд өвчтэй хүмүүсийг адислах хүсэлт тавьж болохгүй.

Зураг
Санваарын адислал авч буй эмэгтэй

18.13.1

Хэн адислал өгөх

Зөвхөн зохистой Мелкизедек санваартан өвчтэй эсвэл зовж шаналсан хүмүүсийг адисалж болно. Тэд ийн үйлдэхдээ санваарын удирдагчаас зөвшөөрөл авах хэрэггүй. Боломжтой бол Мелкизедек санваартай эцэг хүн гэр бүлийнхээ өвчтэй гишүүдийг адисална.

Ерөнхийдөө хоёр эсвэл түүнээс олон Мелкизедек санваартан өвчтэй хүнийг адисалдаг. Хэдий тийм ч нэг санваартан тослох, лацдахын аль алиныг гүйцэтгэж болно.

18.13.2

Заавар

Өвчтөнийг адислах нь (1) тослох, (2) түрхсэн тосоо лацдах гэсэн хоёр хэсгээс бүрддэг.

Нэг Мелкизедек санваартан тосолно. Тэрээр:

  1. Тухайн хүний толгой дээр ариулан адисалсан тос дусаана.

  2. Толгой дээр нь гараа зөөлөн тавьж, бүтэн овог нэрээр нь дуудна.

  3. Мелкизедек санваарын эрх мэдлээр үйлдэж байгаагаа хэлнэ.

  4. Өвдсөн, зовж шаналсан хүнийг тосолж, адислахад зориулан ариулан адисалсан тосоор тосолж байгаагаа хэлнэ.

  5. Есүс Христийн нэрээр төгсгөнө.

Түрхсэн тосоо лацдахын тулд нэг эсвэл түүнээс олон Мелкизедек санваартан уг хүний толгой дээр гараа зөөлөн тавина. Үүний дараа тосыг лацдаж байгаа хүн:

  1. Тухайн хүнийг бүтэн овог нэрээр нь дуудна.

  2. Мелкизедек санваарын эрх мэдлээр уг түрхсэн тосыг лацдаж байгаагаа хэлнэ.

  3. Сүнсний удирдамжийн дагуу адислан үг хэлнэ.

  4. Есүс Христийн нэрээр төгсгөнө.

18.14

Эцгийн адислал ба тайтгарал, зөвлөгөө өгөх адислал

18.14.1

Хэн адислалыг өгөх

Мелкизедек санваартан өөрийн гэр бүлийн гишүүдэд, түүнчлэн хүссэн бусад хүнд тайтгарлын болон зөвлөгөө өгөх адислал өгч болно. Эдгээр адислалыг ихэвчлэн гэр бүлийн гишүүд, тохинуулагч ах нар, санваарын удирдагчид өгдөг.

Мелкизедек санваартай эцэг хүүхдүүддээ эцгийн адислал өгч болно. Энэ адислал нь хүүхдүүд сургуульд орох, номлолд явах, гэрлэх, цэрэгт явах эсвэл ямар нэг хэцүү сорилт бэрхшээлтэй тулгарах үед онцгой тустай байж болно. Хэрэгтэй үедээ эцгээсээ адислал авахыг хүсэхэд эцэг эхчүүд хүүхдүүдээ урамшуулан дэмжинэ. Эцгийн адислалыг хувийн хэрэглээндээ зориулан бичлэг хийн авч болно.

Мелкизедек санваартан тайтгарлын болон зөвлөгөө өгөх эсвэл эцгийн адислал өгөхдөө санваарын удирдагчдаас зөвшөөрөл авах шаардлагагүй.

18.14.2

Заавар

Тайтгарлын болон зөвлөгөө өгөх адислал эсвэл эцгийн адислал өгөхийн тулд нэг юм уу түүнээс олон Мелкизедек санваартан тухайн хүний толгой дээр гараа зөөлөн тавина. Үүний дараа адислал хэлж байгаа хүн дараах зааврыг дагах ёстой.

  1. Уг хүнийг овог нэрээр нь дуудна.

  2. Уг адислалыг Мелкизедек санваарын эрх мэдлээр үйлдэж байгаагаа хэлнэ.

  3. Сүнсний удирдамжийн дагуу адислал, тайтгарал, зөвлөгөөний үг хэлнэ.

  4. Есүс Христийн нэрээр төгсгөнө.

Зураг
Номлогчид эмэгтэйд адислал өгч байгаа нь

18.15

Гэр орныг онцгойлон адислах

Сүмийн гишүүд гэр орноо Мелкизедек санваарын эрх мэдлээр онцгойлон адисалж болно. Онцгойлон адислахын тулд гэр орон нь өөрийн эзэмшилд буюу зээлийн барьцаанаас гарсан байх шаардлагагүй. Гэр орныг Сүмийн барилгуудын адил Их Эзэнд ариулан адисалдаггүй.

18.15.1

Хэн онцгойлон адислах ёслолыг гүйцэтгэх

Гэр орныг онцгойлон адислах ёслолыг Мелкизедек санваартан гүйцэтгэнэ. Гэрт нь Мелкизедек санваартан байдаггүй бол дараах зааврыг дагах ёстой.

  • Гэр бүлийнхэн Мелкизедек санваартай ойр дотнын найз, хамаатан садан эсвэл тохинуулагч ахаа урьж, гэр орноо онцгойлон адислуулж болно. Тухайн хүн ийн адислахдаа санваарын удирдагчаас зөвшөөрөл авах хэрэггүй.

  • Гэр бүлийнхэн цугларч, Сүнсний удирдамжийн дагуу залбирч болно. Залбиралд 18.15.2, дугаар 3-т тусгагдсан зүйлсийг дурдаж болно.

18.15.2

Заавар

Гэр орныг онцгойлон адислахын тулд Мелкизедек санваартан:

  1. Тэнгэрлэг Эцэгт хандаж залбирна.

  2. Мелкизедек санваарын эрх мэдлээр үйлдэж байгаагаа хэлнэ.

  3. Гэр орныг Ариун Сүнс оршиж болох ариун газар болгон онцгойлон адисалж, Сүнсний удирдамжийн дагуу өөр бусад үгийг хэлнэ. Жишээлбэл, тэрээр гэр бүлийн гишүүд шүтэн бишрэх, дэлхийгээс хамгаалагдах, сүнслэг байдлаар өсөж хөгжих, гэр бүлийн мөнхийн харилцаанд ороход бэлтгэх ариун газар болгон гэр орныг адисалж болно.

  4. Есүс Христийн нэрээр төгсгөнө.

18.16

Булшийг онцгойлон адислах

18.16.1

Хэн булшийг онцгойлон адислах

Булшийг онцгойлон адисалж байгаа хүн Мелкизедек санваартай байх ёстой бөгөөд уг ёслолыг хөтлөн явуулж байгаа санваарын удирдагчаас зөвшөөрөл авсан байна.

Хэрэв тухайн гэр бүл хүсвэл, булшийг онцгойлон адислахын оронд залбирал хэлж болно. Энэ залбирлыг гэр бүлийн хэн нь ч хэлж болно.

Булшийг онцгойлон адислахаар өөр тойргоос ирсэн хүн ариун сүмийн хүчинтэй эрхийн бичгээ ёслолыг тэргүүлж буй санваарын удирдагчид үзүүлэх ёстой. Эсвэл тэр бишопын зөвлөлийн гишүүний гарын үсэг зурсан Ёслол гүйцэтгэх эрхийн бичгээ үзүүлж болно.

18.16.2

Заавар

Булшийг онцгойлон адислахын тулд Мелкизедек санваартан:

  1. Тэнгэрлэг Эцэгт хандаж залбирна.

  2. Мелкизедек санваарын эрх мэдлээр үйлдэж байгаагаа хэлнэ.

  3. Булшийг нас барсан хүний биеийг тавих газар байхаар зориулан, ариутган адисална.

  4. Тухайн газар ариусгагдаж, Амилуулалт болох хүртэл хамгаалагдахын (хэлэхэд зохимжтой бол) төлөө залбирна.

  5. Тэнгэрлэг Эцэгээс гэр бүлийг нь тайтгаруулахыг хүсэж, Сүнсний удирдамжийн дагуу бодлоо илэрхийлнэ.

  6. Есүс Христийн нэрээр төгсгөнө.

Хэрэв Сүмийн гишүүний цогцсыг чандарлаж байгаа бол чандар хадгалах газрыг адислах эсэхийг тэргүүлж буй удирдагч шийднэ. Тэрээр гэр бүлийн хүсэл сонирхол, орон нутгийн ёс заншил, хуулийг харгалзан үзэх хэрэгтэй. Залбирах булшийг онцгойлон адислах зааврыг тохируулан ашиглаж болно.

18.17

Патриархын адислал

Баптисм хүртсэн, зохистой гишүүн бүр патриархын адислал авах эрхтэй. Энэ адислалд Тэнгэрлэг Эцэг сүнслэг удирдамжаар хангадаг (Эхлэл 48:14–1649; 2 Нифай 4:3–11-ийг үзнэ үү). Эцэг эх, Сүмийн удирдагчид гишүүдийг патриархын адислалаа авахаар сүнслэг байдлын хувьд бэлдэхэд урамшуулдаг.

Бишоп эсвэл томилогдсон зөвлөх патриархын адислал авахыг хүссэн гишүүдтэй ярилцлага хийнэ. Хэрэв гишүүн зохистой бол ярилцлага хийсэн хүн Патриархын адислалын зөвшөөрлийн бичгийг бэлдэнэ. Тэр уг бичгийг ChurchofJesusChrist.org дээрх Patriarchal Blessing System-ээр дамжуулан оруулна.

Гишүүн нь патриархын адислалын ач холбогдол, ариун нандин чанарыг ойлгох хэмжээнд төлөвшсөн байх ёстойг Патриархын адислалын зөвшөөрлийн бичиг олгож байгаа хүн анхаарна. Уг гишүүн хойшдын амьдралдаа олон чухал шийдвэр гаргах насны залуу хүн байх нь нэн тохиромжтой. Гэвч ахимаг насны насанд хүрэгчдийг ч бас патриархын адислалаа авахыг дэмждэг. Патриархын адислал авах гишүүний насны доод хязгаарыг санваарын удирдагчид тогтоох ёсгүй.

Шинэ хөрвөгч патриархын адислал авахынхаа өмнө сайн мэдээний үндсэн сургаалыг ойлгосон байх ёстой.

Патриархын адислалыг онцгой нөхцөл байдалд өгөх тухай мэдээллийг 38.2.10-аас үзнэ үү.

18.17.1

Патриархын адислал авах

Гишүүн зөвшөөрлийн бичгээ авсныхаа дараа патриархтай холбоо барьж, патриархын адислал авах цагаа товлоно. Товлосон өдрөө гишүүн патриарх руу очихдоо, залбирч байгаад мөн ням гарагт өмсдөг хувцсаа өмсөн очих ёстой. Гишүүд мацаг барьж болох ч заавал барих шаардлагагүй.

Патриархын адислал бүр ариун нандин, нууц, хувийн шинж чанартай. Иймээс үүнийг гэр бүлийн тодорхой тооны гишүүдийг байлцуулахаас бусад тохиолдолд ганцаарчлан өгдөг.

Патриархын адислал авах хүн адислалын үгсийг нандигнаж, тэдгээрийг тунгаан бодож, амласан адислалуудыг энэ болон мөнх амьдралд хүлээн авахаар зохистой амьдрах ёстой.

Сүмийн гишүүд адислалуудыг хооронд нь харьцуулж мөн гэр бүлийнхээ ойр дотнын гишүүдээс бусад хүнтэй хуваалцах ёсгүй. Патриархын адислалыг Сүмийн цуглаан дээр болон олон хүн цугласан бусад газарт унших ёсгүй.

Хэрэв патриархын адислалд нь Израилын овгийг заагаагүй бол патриарх дараа нь овог заан, нэмж оруулж болно.

Зураг
Санваарын адислал авч буй эмэгтэй

18.17.2

Патриархын адислалын хуулбарыг авах

Патриархын адислал авсан хүн адислалын хэвлэсэн хувийг нандигнан хадгалах ёстой. Харин энэ хувийг алдсан эсвэл устгасан бол шинээр авах хүсэлт илгээж болно. Тэр энэ хүсэлтээ ChurchofJesusChrist.org дээрх Patriarchal Blessings-ээр илгээж болно. Боломжгүй бол тэрээр бишоптойгоо холбогдон, тусламж авч болно.

18.17.3

Дэлгэрэнгүй мэдээлэл

Патриархын адислалын тухай нэмэлт мэдээллийг 38.2.10 болон “Patriarchal Blessings”-ээс үзнэ үү.

18.18

Ариун сүмийн хишиг хүртэх, лацдан холбуулах

Ариун сүмд хишиг хүртэх, лацдан холбох тухай мэдээллийг 27-р бүлгээс үзнэ үү.

18.19

Томилгооны хүснэгт

Алба

Санал дэвшүүлэх хүн

Зөвшөөрөл олгох хүн

Дэмжин батлах хүн

Ярилцаж, томилох хүн

Алба

Патриарх

Санал дэвшүүлэх хүн

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл

Зөвшөөрөл олгох хүн

Арван хоёр төлөөлөгчийн чуулга

Дэмжин батлах хүн

Гадасны чуулганд оролцож буй гишүүд

Ярилцаж, томилох хүн

Гадасны ерөнхийлөгч Арван хоёр төлөөлөгчийн чуулгаас зөвшөөрөл авсны дараа; эсвэл Тэргүүн зөвлөлийн гишүүн эсвэл Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүн

Алба

Дээд прист

Санал дэвшүүлэх хүн

Бишоп ба гадасны ерөнхийлөгчийн зөвлөл

Зөвшөөрөл олгох хүн

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл ба дээд зөвлөл

Дэмжин батлах хүн

Гадасны чуулганд оролцож буй гишүүд

Ярилцаж, томилох хүн

Бишоп, гадасны ерөнхийлөгч эсвэл зөвлөх нь ярилцлага хийж, гадасны ерөнхийлөгчийн удирдлага доор санваарт томилогдсон

Алба

Ахлагч

Санал дэвшүүлэх хүн

Бишоп

Зөвшөөрөл олгох хүн

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл ба дээд зөвлөл

Дэмжин батлах хүн

Гадасны эсвэл дүүргийн чуулганд оролцож буй гишүүд

Ярилцаж, томилох хүн

Бишоп мөн гадасны ерөнхийлөгч эсвэл томилогдсон зөвлөх нь ярилцлага явуулна (дүүргийн хувьд номлолын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн эсвэл хэрэв томилогдсон бол дүүргийн ерөнхийлөгч нь ярилцана; 6.3-ыг үзнэ үү)

Гадасны ерөнхийлөгчийн удирдлаган доор санваарт томилно (дүүргийн хувьд, номлолын ерөнхийлөгч эсвэл томилогдсон бол дүүргийн ерөнхийлөгчийн удирдлаган доор санваарт томилно)

Алба

Бишоп

Санал дэвшүүлэх хүн

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл, УБХАМС-г ашиглан

Зөвшөөрөл олгох хүн

Тэргүүн Зөвлөл ба Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга

Дэмжин батлах хүн

Ариун ёслолын цуглаан дээрх гишүүд

Ярилцаж, томилох хүн

Тэргүүн зөвлөлөөс зөвшөөрөл авсны дараа гадасны ерөнхийлөгч (30.7-г үзнэ үү)

Алба

Прист

Санал дэвшүүлэх хүн

Бишоп

Зөвшөөрөл олгох хүн

Бишопын зөвлөл

Дэмжин батлах хүн

Ариун ёслолын цуглаан дээрх гишүүд

Ярилцаж, томилох хүн

Бишоп ярилцлага хийж, бишопын удирдлага доор томилогдсон

Алба

Багш эсвэл дикон

Санал дэвшүүлэх хүн

Бишоп

Зөвшөөрөл олгох хүн

Бишопын зөвлөл

Дэмжин батлах хүн

Ариун ёслолын цуглаан дээрх гишүүд

Ярилцаж, томилох хүн

Бишоп эсвэл томилогдсон зөвлөх ярилцлага хийж, бишопын удирдлага доор томилогдсон