Гарын авлагууд болон дуудлагууд
10. Аароны санваарын чуулгууд


“10. Аароны санваарын чуулгууд,” Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь (2020).

“10. Аароны санваарын чуулгууд,” Ерөнхий гарын авлага.

Зураг
Залуу эрэгтэйчүүд Сүм дээр байгаа нь

10.

Аароны санваарын чуулгууд

10.1

Зорилго ба зохион байгуулалт

Аароны санваар нь Бурханы хүүхдүүдийг Түүний оршихуйд эргэн очиход тусалдаг. Энэ нь “тэнгэр элчүүдийн тохинууллын хийгээд наманчлалын сайн мэдээний, мөн баптисмын түлхүүрүүдийг” атгадаг (Сургаал ба Гэрээ 13; түүнчлэн энэ гарын авлагын 3.3.2-ыг үзнэ үү).

10.1.1

Зорилго

Аароны санваарын чуулгууд залуу эрэгтэйчүүдэд гэрээ байгуулж, гэрээгээ сахихад мөн Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд илүү гүн гүнзгий хөрвөгдөхөд тусалдаг.

Чуулга бол санваартнуудын зохион байгуулалттай бүлэг юм. Чуулгын зорилго бол санваартнуудад Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд оролцохоор хамтран ажиллахад нь туслах явдал юм. Аароны санваартнууд чуулгадаа бусдад үйлчилж, санваарын үүрэг хариуцлагаа биелүүлж, эв нэгдлийг үүсгэн, сургаалыг судалж, үүний дагуу амьдардаг.

10.1.2

Аароны санваарын чуулгын уриа

Аароны санваарын чуулгын уриа нь залуу эрэгтэй бүрд өөрийн бурханлаг мөн чанар, санваарын удирдагчийн хувьд зорилгоо ойлгоход тусална. Залуу эрэгтэйчүүд, тэдний удирдагчид чуулгын цуглаан, чуулгын бусад цугларалтын эхэнд уриаг давтана. Дараах уриаг хэлнэ.

“Би Бурханы хайртай хүү бөгөөд Түүнд надаар хийлгэх ажил байгаа.

Би гэр орноосоо эхлэн бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа Бурханыг хайрлаж, гэрээнүүдээ сахиж, бусдад үйлчлэхийн тулд Түүний санваарыг ашиглах болно.

Би өдөр бүр үйлчилж, итгэлээ үйлдэл болгож, наманчилж, сайжрахыг хичээснээр ариун сүмийн адислал, сайн мэдээний эцэс төгсгөлгүй баяр баясгаланг хүлээн авах боломжтой болно.

Би Есүс Христийн жинхэнэ шавь байснаар хичээнгүй номлогч, үнэнч хань, хайртай эцэг болоход бэлдэнэ.

Би бүх хүнийг Христэд ирж, Түүний Цагаатгалын адислалуудыг хүлээн авахад урьснаар Аврагчийг эргэн ирэхэд дэлхийг бэлтгэхэд тусална.”

10.1.3

Чуулгууд

Бишоп Аароны санваартнуудыг чуулгуудад дараах байдлаар зохион байгуулна. (Мөн Сургаал ба Гэрээ 107:85–88-ыг үзнэ үү.)

10.1.3.1

Диконы чуулга

Залуу эрэгтэйчүүд 12 нас хүрэх жилийнхээ 1-р сараас эхлэн диконы чуулгад ордог. Тэр үед тэд бэлтгэлтэй бөгөөд зохистой байвал мөн диконоор томилогдох эрхтэй болдог.

Диконд томилогдсон чуулгын гишүүн чуулгын ерөнхийлөгчөөр үйлчилдэг. Боломжтой бол нэг эсвэл хоёр зөвлөх, нарийн бичиг түүнтэй хамт үйлчилнэ. Зөвлөхүүд болон нарийн бичиг нь бас дикон байх ёстой.

Диконы үүрэг хариуцлагыг Сургаал ба Гэрээ 20:57–59; 84:111-д тайлбарласан байдаг. Бусад үүрэгт ариун ёслолыг түгээх болон “цаг зуурын бүх зүйлийг адислахад” (Сургаал ба Гэрээ 107:68) бишопод туслах явдал багтдаг.

10.1.3.2

Багшийн чуулга

Залуу эрэгтэйчүүд 14 нас хүрэх жилийнхээ 1-р сараас эхлэн багшийн чуулгад ордог. Тэр үед тэд бэлтгэлтэй бөгөөд зохистой байвал мөн багшаар томилогдох эрхтэй болдог.

Багшаар томилогдсон чуулгын гишүүн чуулгын ерөнхийлөгчөөр үйлчилдэг. Боломжтой бол нэг эсвэл хоёр зөвлөх, нарийн бичиг түүнтэй хамт үйлчилнэ. Зөвлөхүүд болон нарийн бичиг нь бас багш байх ёстой.

Багш нь диконы адил үүрэг хариуцлагатай. Тэд мөн ариун ёслолыг бэлдэж, тохинуулагч ахаар үйлчилдэг. Нэмэлт үүрэг хариуцлагыг Сургаал ба Гэрээ 20:53–59; 84:111-д тайлбарласан.

10.1.3.3

Пристийн чуулга

Залуу эрэгтэйчүүд 16 нас хүрэх жилийнхээ 1-р сараас эхлэн пристийн чуулгад ордог. Тэр үед тэд бэлтгэлтэй бөгөөд зохистой байвал мөн пристэд томилогдох эрхтэй болдог.

Бишоп бол пристийн чуулгын ерөнхийлөгч юм (Сургаал ба Гэрээ 107:87–88-ыг үзнэ үү). Тэр чуулгын нэг эсвэл хоёр гишүүнийг өөрийн туслахаар үйлчлүүлэхээр дууддаг. Нарийн бичгийг бас дуудаж болно. Туслахууд болон нарийн бичиг нь бас пристэд томилогдсон байх ёстой.

Прист нь дикон, багш нартай адил үүрэг хариуцлага хүлээнэ. Нэмэлт үүрэг хариуцлагыг Сургаал ба Гэрээ 20:46–52, 73–79-д тайлбарласан.

10.1.4

Санваарын түлхүүрүүд

Чуулга бүрийг санваарын түлхүүр атгадаг ерөнхийлөгч удирддаг. Диконы чуулгын ерөнхийлөгч, багшийн чуулгын ерөнхийлөгч, мөн бишоп санваарын түлхүүрүүдийг атгадаг. Эдгээр түлхүүрийн тухай нэмэлт мэдээллийг 3.4.1-ээс үзнэ үү.

10.1.5

Зураг
шигтгээ зураг, тохируулан өөрчлөх удирдамж
Чуулгуудыг орон нутгийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрчлөх

Цөөхөн залуу эрэгтэйтэй тойрог, салбарт Аароны санваарын чуулгууд хичээл, үйл ажиллагаагаа хамтдаа цуглан хийж болно.

Хэрэв тойрогт 12-оос дээш дикон байдаг бол бишоп диконы чуулгыг хувааж болно. 24-өөс дээш багш байдаг бол бас хувааж болно (Сургаал ба Гэрээ 107:85–86-г үзнэ үү). Бишоп энэ шийдвэрийг гаргахдаа чуулгын гишүүдэд үзүүлэх нөлөөг бодож үзнэ.

10.2

Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд оролцох

Бурхан дараах байдлаар бүхнийг Христэд ирж, Түүний ажилд туслахад урьдаг.

  • Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах

  • Тусламж хэрэгтэй хүмүүсийг харж халамжлах

  • Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урих

  • Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэх.

Бишопын зөвлөл, өсвөр үеийнхний чуулгын удирдагчид зөвлөхүүдийн дэмжлэг туслалцаатайгаар (10.5-ыг үзнэ үү) энэ ажлыг гүйцэлдүүлэхэд хэрхэн туслах талаар хамтдаа зөвлөлдөнө. Бурханы аврал, өргөмжлөлийн ажлын тухай нэмэлт мэдээлэл авах бол 1-р бүлгийг судална уу.

10.2.1

Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах

10.2.1.1

Эцэг эх, удирдагчдын үүрэг

Эцэг эхчүүд хүүхдүүддээ сайн мэдээг зааж, үүний дагуу амьдрахад нь туслах үүрэгтэй (Сургаал ба Гэрээ 68:25–28-ыг үзнэ үү). Бишопын зөвлөл ба өсвөр үеийнхний чуулгын удирдагчид зөвлөхүүдийн тусламжтайгаар эцэг эхчүүдэд энэ үүргээ биелүүлэхэд нь дараах байдлаар дэмжлэг туслалцаа үзүүлнэ.

  • Залуу эрэгтэйчүүд, тэдний гэр бүлийнхний хоорондын харилцааг дэмжих

  • Өсвөр үеийнхний үйл ажиллагаа гэр бүлийг дэмжиж, адисалдаг байхад анхаарах

  • Санваарт томилогдож, Мелкизедек санваар хүлээн авахад хөвгүүдээ бэлтгэхэд нь эцэг эхчүүдэд туслах

  • Ариун сүмийн хишиг хүртэх, бүрэн цагийн номлогчоор үйлчлэх, ариун сүмд гэрлэх болон эцэг болоход хөвгүүдээ бэлдэхэд нь эцэг эхчүүдэд туслах зэрэг юм.

Сайн мэдээгээр амьдрахад гэр бүлийн зүгээс хангалттай дэмжлэг авдаггүй өсвөр үеийнхэнд удирдагчид мэдрэмжтэй хандах хэрэгтэй.

Эцэг эх, удирдагчид өсвөр үеийнхэнд сайн үлгэр дуурайл үзүүлэхийг хичээнэ. Тэд Есүс Христтэй илүү адил болохын тулд хүүхдүүдийг хичээж чармайхад нь зааж зөвлөдөг. Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөр энэ хүчин чармайлтад тусалж чадна (ChildrenandYouth.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү).

10.2.1.2

Сайн мэдээнээс суралцах

Бишопын зөвлөл, өсвөр үеийнхний чуулгын удирдагчид, тэдний зөвлөхүүд залуу эрэгтэйчүүдийг болон тэдний гэр бүлийнхнийг гэр орондоо сайн мэдээнээс суралцахад урамшуулан дэмжинэ. Удирдагчид ба зөвлөхүүд сайн мэдээнээс суралцаж, сурч мэдсэн зүйлээ залуу эрэгтэйчүүдтэй хуваалцана. Тэд чуулгын гишүүдийг гэртээ сурч мэдсэн зүйлээ сүм дээр хуваалцахад урина.

Аароны санваарын чуулгууд итгэлийг бэхжүүлж; эв нэгдлийг үүсгэж; гэр бүл, гэр орныг хүчирхэгжүүлж; Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд оролцоход туслах төлөвлөгөө гаргахаар ням гарагт цугларна. Бишопын зөвлөл ба өсвөр үеийнхний чуулгын удирдагчид зөвлөхүүдийн дэмжлэг туслалцаатайгаар Ням гаргийн цуглааныг төлөвлөнө.

Зураг
Суралцаж буй залуу эрэгтэйчүүд

Чуулгын цуглаанууд сарын хоёр ба дөрөв дэх ням гарагт явагдана. Цуглаан 50 минут үргэлжилнэ. Цуглааныг залбирлаар эхлүүлнэ. Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл пристүүдийн чуулга дахь бишопын туслахуудын нэг) хөтлөн явуулна. Тэрээр чуулгыг уриагаа хэлэхэд удирдаж, даалгавар, үүрэг хариуцлага болон бусад асуудлын талаар хамтдаа зөвлөлдөнө.

Үүний дараа чуулгын гишүүн эсвэл насанд хүрсэн удирдагч сайн мэдээний хичээл заана. Чуулгын удирдагчид хэн заах талаар зөвлөхүүдтэй зөвлөлдөнө. Цуглааны хөтөлбөрийг Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангиудад зориулав гарын авлагаас авна уу (ComeFollowMe.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү). Цуглааныг залбирлаар дуусгана.

Ерөнхийдөө Аароны санваарын чуулга бүр тус тусдаа цуглардаг (10.1.5-ыг үзнэ үү). Заримдаа залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд бишопын зөвлөлийн болон Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөлийн шийдвэрээр ням гаргийн хичээлээ үе үе хамтдаа хийж болно.

Залуу эрэгтэйчүүдийг семинарт хамрагдахад урамшуулан дэмжинэ (15.1-ийг үзнэ үү).

10.2.1.3

Үйлчлэл ба үйл ажиллагаа

Бишопын зөвлөл ба өсвөр үеийнхний чуулгын удирдагчид зөвлөхүүдийн дэмжлэг туслалцаатайгаар үйлчлэл, үйл ажиллагааг төлөвлөнө. Эдгээр нь Бурханы аврал, өргөмжлөлийн ажлыг гүйцэлдүүлэхэд туслах ёстой. Үйлчлэл, үйл ажиллагаанууд нь гэрчлэлийг хөгжүүлж, гэр бүлүүдийг хүчирхэгжүүлэн, чуулгын эв нэгдлийг бэхжүүлж, бусдыг адислах боломж бололцоо гаргаж өгөх ёстой. Эдгээр нь сүнслэг байдал, нийгэм, бие махбод, оюун санааны гэсэн хувийн өсөлт хөгжлийн дөрвөн тал дээр тэнцвэртэй байх ёстой.

Өсвөр үеийнхний ихэнх үйл ажиллагааг ням гараг эсвэл даваа гаргийн үдшээс бусад цагт явуулна. Тэдгээрийг ихэвчлэн долоо хоног бүр явуулдаг. Зарим бүсэд газрын хол ойр, аюулгүй байдал эсвэл бусад хүчин зүйл нь долоо хоног бүр үйл ажиллагаа явуулах боломжгүй болгодог. Ийм бүсүүдэд үйл ажиллагаа арай бага явуулж болох ч ерөнхийдөө сард хамгийн багадаа нэг удаа явуулах ёстой. Үйл ажиллагааг ChurchofJesusChrist.org дээрх Үйлчлэл ба үйл ажиллагааны төлөвлөгөөний загвар дээр төлөвлөж болно.

Зарим үйлчлэл, үйл ажиллагаанд залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийг, ялангуяа ахлах насны өсвөр үеийнхнийг хамтад нь оролцуулах ёстой.

Олуулаа уулзаж харьцах нь өсвөр үеийнхэнд ашиг тустай. Хоёр эсвэл хоёроос дээш тойргийн өсвөр үеийнхэн заримдаа үйлчлэл, үйл ажиллагааг хамтран явуулж болно. Гадас, дүүргүүд өсвөр үеийнхэнд зориулсан үйлчлэл, үйл ажиллагааг заримдаа төлөвлөж болно (20.3.2-ыг үзнэ үү).

Насанд хүрсэн удирдагчид үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангана (safety.ChurchofJesusChrist.org; түүнчлэн энэ гарын авлагын 20.7-г үзнэ үү). Хариуцлагатай, насанд хүрсэн хамгийн багадаа хоёр хүн бүх үйл ажиллагаан дээр байлцах ёстой (10.8.1-ийг үзнэ үү).

Нэмэлт мэдээллийг AaronicPriesthoodQuorums.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү. Байдаг бол JustServe.org-ийг үзнэ үү. Эдгээр эх сурвалж нь үйлчлэл, үйл ажиллагааны санааг өгнө.

Жил тутмын үйл ажиллагаа. Өсвөр үеийнхний тогтмол явагддаг үйл ажиллагаанаас гадна залуу эрэгтэйчүүд дараах үйл ажиллагаануудад жил бүр оролцож болно. Үүнд:

  • Жилийн эхэнд өсвөр үеийнхэнд болон тэдний эцэг эхчүүдэд зориулсан уулзалт. Үүнийг залуу эрэгтэйчүүд, залуу эмэгтэйчүүдэд зориулан тусад нь эсвэл хамтад нь явуулж болно. Үүнийг мөн тойрог, гадасны хэмжээнд явуулж болно. Үүнийг пристийн чуулга дахь бишопын туслахууд ба Залуу эмэгтэйчүүдийн ахлах ангийн ерөнхийлөгчийн зөвлөл төлөвлөж, удирдан зохион байгуулах ёстой. Тухайн жилдээ 12 нас хүрч байгаа залуу эрэгтэйчүүд энэ цуглааны үеэр тэмдгүүдээ авч болно (10.8.3-ыг үзнэ үү). Нэмэлт мэдээллийг ChildrenandYouth.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.

  • Аароны санваарын чуулгын аялал (Аароны санваарын чуулгын аяллын удирдамжийг үзнэ үү). Боломжтой бол залуу эрэгтэйчүүд жилийн туршид, хонуутаар явах нэмэлт аялал, арга хэмжээ, үйл ажиллагаанд оролцож болно.

  • Гадас, тойргийн өсвөр үеийнхний чуулган эсвэл Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө (ӨҮБББТ) чуулган. ӨҮБББТ чуулганы талаарх мэдээллийг FSY.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү. Гадас, тойргийн ӨҮБББТ дуудлагууд ба хариуцлагын талаарх мэдээллийг FSYLeader.ChurchofJesusChrist.org (АНУ ба Канадад)-оос эсвэл ӨҮБББТ зохион байгуулах удирдамж-аас (бусад бүх бүсэд) үзнэ үү.

  • Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимол дахь жишгүүдийг онцолсон хамгийн багадаа нэг үйл ажиллагаа. Энэ арга хэмжээнд залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд хамтдаа оролцож болно. Эцэг эхчүүдийг бас урьж болно.

Насны шалгуур. 12 нас хүрэх жилийнхээ 1-р сараас эхлэн залуу эрэгтэйчүүд эцэг эхийнхээ зөвшөөрлөөр Аароны санваартны хонуутаар явах аялалд оролцож болно. 14 нас хүрэх жилийнхээ 1-р сараас эхлэн тэд бүжиг, өсвөр үеийнхний болон ӨҮБББТ чуулганд оролцож болно.

Үйл ажиллагааны зардлыг төлөх. Үйл ажиллагааны зардлыг, тухайлбал нөөц хангамжийг тойргийн төсвөөс гаргана. Аялал, зардал хэт өндөр байх ёсгүй.

Онцгой тохиолдолд, аялал гэх мэт олон өдрийн үйл ажиллагааны зардалд тойргийн төсөв хүрэлцэхгүй байвал удирдагчид оролцогчдоос төлбөр төлөхөд туслахыг хүсэж болно. Гэхдээ залуу эрэгтэй төлбөрт тусалж чадахгүй бол энэ нь оролцоход нь саад болох ёсгүй. Илүү мөнгө шаардлагатай хэвээр бол бишоп жилд нэг удаа хандив цуглуулах үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрч болно (20.6.5-ыг үзнэ үү).

Бишопын зөвлөл залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн үйл ажиллагаанд төсвийг хангалттай, тэгш хуваарилахад анхаарна. Аароны санваарын чуулгуудын төсвийг тойргийн залуу эрэгтэйчүүдийн тоон дээр үндэслэн гаргадаг. Залуу эмэгтэйчүүдийн төсвийг тойрог дахь залуу эмэгтэйчүүдийн тоон дээр үндэслэн гаргадаг.

ӨҮБББТ чуулганыг санхүүжүүлэх тухай мэдээллийг FSY.ChurchofJesusChrist.org дээрээс үзнэ үү.

Зураг
Гадаа буй залуу эрэгтэйчүүд

10.2.1.4

Хувийн өсөлт хөгжил

Өсвөр үеийнхнийг Аврагчтай илүү адил болохоор хичээх явцдаа сүнслэг байдал, нийгэм, бие бялдар, оюун санааны хувьд өсөж хөгжих зорилго тавихад урьдаг (Лук 2:52-ыг үзнэ үү). Өсвөр үеийнхэн юун дээр ажиллах хэрэгтэйгээ олж мэдэхийн тулд сүнслэг удирдамж эрэлхийлэх хэрэгтэй. Тэд эцэг эхийнхээ туслалцаатайгаар төлөвлөгөө гаргаж, төлөвлөгөөнийхөө дагуу үйлдэж, сурч мэдсэн зүйлээ эргэцүүлэн бодно. Мөн шаардлагатай үед удирдагчид ба зөвлөхүүд тусалж, дэмжинэ. Гэхдээ тэд залуу эрэгтэйчүүдийн зорилго, өсөлт хөгжлийг хянах ёсгүй. Эцэг эх, удирдагчид зорилго тавихыг санал болгож болох ч ямар зорилгын хойноос явахаа сүнсний өдөөлтөөр өөрсдөө эрэлхийлэх боломжийг өсвөр үеийнхэнд олгодог.

Өсвөр үеийнхнийг жилд дөрвөн тал бүр дээр тавьсан тус тус хоёр зорилгыг хийж гүйцээхэд урамшуулна. Тэд Хувийн өсөлт хөгжил: Өсвөр үеийнхэнд зориулсан удирдамж эсвэл Gospel Living аппликэйшныг ашиглан зорилго тавьж, зорилгоо тэмдэглэж болно.

Нэмэлт мэдээллийг ChildrenandYouth.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.

10.2.2

Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах

Аароны санваартнууд “цаг зуурын бүх зүйлийг адислахад” (Сургаал ба Гэрээ 107:68) бишопод тусалдаг. Тэдэнд гэр бүл дотроо болон гэр бүлийнхэнтэйгээ хамт мөн өсвөр үеийнхний үйл ажиллагааны үеэр болон хувиараа бусдад үйлчлэх боломж бололцоог байнга гаргаж өгөх ёстой. Үйлчлэлийн санааг ChildrenandYouth.ChurchofJesusChrist.org дээрээс авах боломжтой. JustServe.org боломжтой газруудад үүн дээр олон нийтэд үйлчлэх боломжуудыг санал болгодог.

10.2.2.1

Тохинуулал

Тохинуулал гэдэг нь бусдын төлөө Аврагчийн адил санаа тавих явдал юм. 14 нас хүрэх жилийнх нь 1-р сараас эхлэн Аароны санваартнуудыг тохинууллын ажилд хуваарилна. Нэмэлт мэдээллийг 21-р бүлгээс үзнэ үү.

10.2.3

Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урих

Аароны санваартнууд “Христэд ирэхэд бүхнийг ур[их]” (Сургаал ба Гэрээ 20:59) үүрэгтэй. Тэдний үүнийг хийх зарим арга замыг дурдвал:

  • Есүс Христийн шавийн хувьд сайн үлгэр дуурайл үзүүлэх

  • Найз нөхөд, гэр бүлийн гишүүдтэйгээ гэрчлэлээ хуваалцах

  • Чуулгынхаа идэвх султай гишүүдэд тохинуулах

  • Найз нөхдөө сүмд болон өсвөр үеийнхний үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхэд урих

  • Найз нөхдөө Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөрт оролцоход урих Удирдагчид эдгээр өсвөр үеийнхний эцэг эхтэй нягт хамтран ажиллаж, уг хөтөлбөрийг ойлгоход нь төдийгүй тэднийг болон тэдний хүүхдүүдийг хэрхэн оролцож болохыг тодорхойлоход туслах

  • Номлогчдоор заалгахад найз нөхдөө урих.

Эцэг эх, удирдагчид залуу эрэгтэйчүүдийг бүрэн цагийн номлолд үйлчилж, насан туршдаа сайн мэдээг хуваалцахад бэлтгэхэд нь урамшуулан дэмжинэ. Тэдний ийн үйлдэх зарим арга замыг дурдвал:

  • Залуу эрэгтэйчүүдийг Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөө, Есүс Христийн Цагаатгал мөн Түүний сайн мэдээний сэргээлтийн тухай хувийн гэрчлэлтэй болоход урамшуулан дэмжих

  • Залуу эрэгтэйчүүдэд номлолд үйлчлэхэд ирдэг адислалуудын тухай болон тэднээс юу шаардагдах талаар заах

  • Сүмд үйлчлэх боломж олгох

  • Чуулгын хурал цуглаанд болон бусад орчинд сайн мэдээг заах боломжоор хангах зэрэг юм.

Энэ бэлтгэл ажлын нэгэн хэсэг болгон бишопын болон гадасны ерөнхийлөгчийн зөвлөл номлогчийг бэлтгэх хичээлийг зохион байгуулж болно. Энэ хичээлд ашиглах үндсэн материал бол судрууд, Есүс Христийн шавьд тавигддаг номлогчийн жишиг ба Миний сайн мэдээг номло удирдамж юм. Энэ хичээлийг ням гарагт тогтмол явагддаг цуглааны үеэр хийлгэхгүй.

Missionary.ChurchofJesusChrist.org-д залуу эрэгтэйчүүдийг номлогчоор үйлчлэхээр бэлдэж байхад нь туслах нэмэлт эх сурвалжуудыг өгсөн. Нэмэлт мэдээллийг  23 болон 24-р бүлгээс үзнэ үү.

10.2.4

Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэх

Аароны санваартнууд олон арга замаар гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэхэд тусалж чадна. Тэдгээр арга замын заримыг жагсаавал:

  • Эцэг эхээ хүндлэн дээдэлж, Христийнхтэй адил амьдралыг гэр орондоо үлгэрлэх

  • Өөрийн гэсэн мөнхийн гэр бүлтэй болоход бэлдэх

  • Ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичигтэй байх

  • Мөнхийн гэрлэлт гэх мэт ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахад бэлтгэх

  • Төрөл садан, өвөг дээдсийнхээ талаар мэдэж авах (Миний гэр бүл: Биднийг нэгтгэдэг түүхүүдийг үзнэ үү).

  • Ариун сүмийн ёслолуудыг нь гүйцэтгэх хэрэгтэй өвөг дээдсээ олж тодорхойлох (FamilySearch.org-ийг үзнэ үү).

  • Боломж гарах бүрд нас барагсдын өмнөөс баптисм хүртэж, гишүүнээр батлуулах ажилд оролцох

  • Индексжүүлэлтэд оролцох (FamilySearch.org/indexing-ийг үзнэ үү).

  • Бишопын зөвлөл дуудвал ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхөөр үйлчлэх (25.2.4-ийг үзнэ үү).

10.3

Бишопын зөвлөл

Бишопын зөвлөл бол тойргийн Аароны санваарын ерөнхийлөгчийн зөвлөл юм (Сургаал ба Гэрээ 107:13–15-ыг үзнэ үү). Тэд Аароны санваарын чуулгуудын ажлыг удирдан явуулдаг. Бишопын нэн тэргүүний үүрэг бол тойргийнхоо залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийг халамжлах явдал юм. Тэр тэдний нэрийг цээжилж, гэрийнх нь нөхцөл байдлыг мэддэг болно. Тэрээр үйл ажиллагаа, Ням гаргийн цуглаан дээр нь байнга ирнэ.

Бишоп бол пристийн чуулгын ерөнхийлөгч. Түүний үүрэг бол “[пристийн] дээр тэргүүлэх, мөн тэдэнтэй зөвлөлд сууж, албан тушаалынх нь үүргүүдийг тэдэнд заах нь болой” (Сургаал ба Гэрээ 107:87).

Бишопын зөвлөлийн нэгдүгээр зөвлөх багшийн чуулгыг хариуцах үүрэгтэй. Хоёрдугаар зөвлөх диконы чуулгыг хариуцах үүрэгтэй.

Бишопын зөвлөлийн гишүүн чуулгын хурал цуглаанд оролцож, хурлыг тэргүүлдэг.

Бишопын зөвлөл Аароны санваарын чуулгад дараах нэмэлт үүрэг хариуцлага хүлээнэ. Үүнд:

  • Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүдэд болон пристийн чуулга дахь бишопын туслахуудад зааж зөвлөнө. Удирдагчийн хувьд өөрсдийн үүрэг хариуцлагыг ойлгож, биелүүлэхэд нь тэдэнд тусална. Үүнийг хийхийн тулд бишопын зөвлөл судрууд болон “Аароны санваартны болон Залуу эмэгтэйчүүдийн ангийн ерөнхийлөгчийн зөвлөлд чиглэл өгөх” (AaronicPriesthoodQuorums.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү) хэсгийг ашиглаж болно. Тэд мөн энэ гарын авлагын 4-р бүлгийг ашиглаж болно.

  • Залуу эрэгтэй бүртэй наад тал нь жилд хоёр удаа уулзана (31.3.1-ийг үзнэ үү).

  • Аароны санваарын чуулгад хяналт тавина.

  • Залуу эрэгтэйчүүдийг Мелкизедек санваар хүлээн авахад бэлдэхэд нь тусална (10.6-г үзнэ үү).

  • Аароны санваарын чуулгуудын бүртгэл, тайлан, санхүүг хянана.

Чуулгын зөвлөхүүд болон мэргэжилтнүүд шаардлагын дагуу эдгээр үүрэг хариуцлагад нь тусална (10.5-ыг үзнэ үү).

10.4

Өсвөр үеийнхний чуулгын удирдагчид

10.4.1

Дуудаж, дэмжин баталж, онцгойлон адислах

Бишоп нь нэг эсвэл хоёр пристийг пристийн чуулгыг удирдах өөрийн туслахаар дууддаг. Бишопын зөвлөлийн гишүүн мөн чуулгын нарийн бичгийг дуудаж болно.

Бишопын зөвлөлийн гишүүн диконы болон багшийн чуулгын ерөнхийлөгчдийг дуудна. Үйлчлэх Аароны санваартнуудын тоо хангалттай байвал эдгээр залуу эрэгтэй хэнийг зөвлөх, нарийн бичгээр үйлчлүүлэхээр санал болгохоо залбирч байгаад бодож үзнэ. Бишопын зөвлөл тэдний саналыг авч үзэн, дуудлага өгнө.

Залуу эрэгтэйгээс эдгээр дуудлагын аль нэгд үйлчлэхийг хүсэхийн өмнө бишопын зөвлөлийн гишүүн уг залуу эрэгтэйн эцэг эхээс зөвшөөрөл авна.

Дээрх дуудлагуудыг өгсний дараа бишопын зөвлөлийн гишүүн өсвөр үеийнхний чуулгын удирдагчдыг дэмжүүлэн батлуулахын тулд чуулгынх нь цуглаан дээр танилцуулна. Бишоп өөрийн туслахуудыг мөн диконы болон багшийн чуулгын ерөнхийлөгчдийг онцгойлон адисална. Тэрээр чуулгын ерөнхийлөгчдөд санваарын түлхүүрүүдийг өгдөг. Тэрээр өөрийн зөвлөхүүдэд ерөнхийлөгчийн зөвлөлийн бусад гишүүн, нарийн бичгүүдийг онцгойлон адислах үүрэг өгч болно.

Бишопын зөвлөлийн гишүүн эдгээр дуудлагыг ариун ёслолын цуглаан дээр зарлана. Тэр тэднийг дэмжүүлэн батлахаар танилцуулахгүй.

10.4.2

Үүрэг хариуцлага

Аароны санваарын чуулгын ерөнхийлөгчид, түүний дотор бишоп дараах үүрэгтэй. Үүнд: Тэдний зөвлөхүүд ба пристийн чуулга дахь бишопын туслахууд үүрэг хариуцлагыг нь хуваалцана.

  • Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд оролцох чуулгын ажлыг удирдан явуулна (1-р бүлгийг үзнэ үү).

  • Чуулгын гишүүн бүртэй, бас чуулгын цуглаанд ирдэггүй гишүүдтэй танилцаж, тэдэнд үйлчилнэ. Тэдний хэрэгцээ, нөхцөл байдлыг мэддэг болно.

  • Тойргийн өсвөр үеийнхний зөвлөлд үйлчилнэ (10.4.4-ийг үзнэ үү).

  • Сайн мэдээг хуваалцах, шинэ ба эргэн ирж буй гишүүдийг хүчирхэгжүүлэх тойргийн хүчин чармайлтад оролцоно. Пристийн чуулгын туслах нь зохицуулах хуралд оролцоно (23.5.7-г үзнэ үү).

  • Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцоно. Пристийн чуулгын туслах нь зохицуулах хуралд оролцоно (25.2.7-г үзнэ үү).

  • Чуулгын гишүүдэд санваарын үүргүүдийг нь заана (Сургаал ба Гэрээ 107:85–88-ыг үзнэ үү). Өөрсдийн үүрэг хариуцлагыг биелүүлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлнэ.

  • Чуулгын цуглааныг төлөвлөж, хөтлөн явуулна (10.2.1.2-ыг үзнэ үү).

  • Чуулгын үйлчлэл, үйл ажиллагааг төлөвлөж, явуулна (10.2.1.3-ыг үзнэ үү).

Чуулгын нарийн бичгүүдийг дуудсан бол тэд хурлын хөтөлбөрийг бэлтгэж, тэмдэглэл хөтөлнө. Түүнчлэн тэд бичиг хэргийн ажилтанд эсвэл чуулгын зөвлөхт ирцээ хөтлөхөд нь тусалдаг.

Бишопын зөвлөлийн гишүүд залуу эрэгтэйчүүдэд үүрэг хариуцлагыг нь зааж өгдөг (10.3-ыг үзнэ үү). Чуулгын зөвлөхүүд идэвхтэй туслах ёстой (10.5-ыг үзнэ үү).

10.4.3

Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал

Аароны санваарын чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл тогтмол хуралдана. Чуулгын ерөнхийлөгч эдгээр хурлыг хөтлөн явуулдаг. Бишопын зөвлөлийн гишүүн, зөвлөх, мэргэжилтэн гээд хамгийн багадаа насанд хүрсэн хоёр хүн суух ёстой. Эдгээр хурлын үеэр удирдагчид хамтдаа зөвлөлдөж, чуулгад зориулсан Их Эзэний тааллын тухай илчлэлт эрэлхийлдэг. Хурлын хөтөлбөрт дараах асуудлууд орж болно.

  • Бурханы аврал, өргөмжлөлийн ажлыг гүйцэлдүүлэхэд туслах

  • Шинэ гишүүдийг дэмжиж, идэвх султай гишүүдтэй холбоотой байхад онцгойлон анхаарал хандуулж, чуулгын гишүүдэд үйлчлэх

  • Өөр шашин шүтлэг, итгэл үнэмшилтэй хүмүүстэй харилцаа тогтоох

  • Чуулгын цуглаан, үйлчлэл, үйл ажиллагааг төлөвлөх

  • Чуулгын удирдагч, зөвлөхийн зүгээс удирдан чиглүүлэх заавар өгөх

Ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын загвар нь ChurchofJesusChrist.org дээр байгаа.

10.4.4

Тойргийн өсвөр үеийнхний зөвлөл

Тойргийн өсвөр үеийнхний зөвлөлийн зорилго бол бусдыг Есүс Христэд авчирч; Бурханы аврал, өргөмжлөлийн ажлыг гүйцэлдүүлэхэд туслахад нь өсвөр үеийнхэнд туслалцаа үзүүлэх явдал юм.

Бишоп тойргийн өсвөр үеийнхний зөвлөлийг тэргүүлнэ. Зөвлөлийн гишүүд дараах хүмүүсээс бүрдэнэ.

  • Бишопын зөвлөл.

  • Пристийн чуулга дахь бишопын нэг туслах, багшийн чуулгын ерөнхийлөгч болон диконы чуулгын ерөнхийлөгч

  • Залуу эмэгтэйчүүдийн ангийн ерөнхийлөгчид (эсвэл тойрогт Залуу эмэгтэйчүүдийн ганцхан анги байдаг бол ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн бүгдээрээ)

  • Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгч

Зураг
Залуу эрэгтэйчүүд, залуу эмэгтэйчүүд ярьж байгаа нь

Тойргийн өсвөр үеийнхний зөвлөл нь бусдад гэрчлэлээ хөгжүүлэх, авралын ёслолыг хүлээн авах, гэрээгээ сахих, Есүс Христийн дагалдагч болоход нь туслах арга замуудын талаар ярилцана (Moронай 6:4–5-ыг үзнэ үү). Тэд тойргийнхоо залуу эрэгтэйчүүд, залуу эмэгтэйчүүдийн хэрэгцээ шаардлагын тухай хамтдаа зөвлөлдөнө. Тэд тэдгээр хэрэгцээг нь хангах үйл ажиллагаануудын талаар ярилцана. Гэхдээ чуулгын эсвэл ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлаар үйл ажиллагааг нарийвчлан төлөвлөнө.

Тойргийн өсвөр үеийнхний зөвлөлийн тухай нэмэлт мэдээллийг 29.2.6-аас үзнэ үү.

10.5

Зөвлөх ба мэргэжилтнүүд

Бишопын зөвлөлийн гишүүн Аароны санваарын чуулгын зөвлөхөөр эрэгтэй хүнийг дуудаж, онцгойлон адисална. Эдгээр зөвлөх нь бишопын зөвлөлд Аароны санваарын чуулгын үүрэг хариуцлагаа биелүүлэхэд тусална. Тэд залуу эрэгтэйчүүдэд зааж сурган, хэрхэн сүнслэг өдөөлтийн дагуу удирдахыг зааж, Есүс Христтэй илүү адил болоход нь туслахад онцгойлон анхаарна. Шаардлагатай бөгөөд тохиромжтой бол чуулга бүрд нэгээс илүү зөвлөгчийг дуудаж болно.

Бишопын зөвлөл аялал зугаалга, өсвөр үеийнхний чуулган, спорт гэх зэрэг тодорхой үйл ажиллагаанд туслах чуулганы мэргэжилтнүүдийг дуудаж болно.

Чуулгын хурал цуглаан, үйл ажиллагаа бүрд хариуцлагатай, насанд хүрсэн, наад зах нь хоёр хүн байлцах ёстой. Түүнчлэн зөвлөх, мэргэжилтнүүд ирж оролцох нь бишопын зөвлөлийн гишүүдэд Залуу эмэгтэйчүүдийн болон Хүүхдийн хэсгийн анги, үйл ажиллагаанд айлчлан очих боломж олгодог. Зөвлөх, мэргэжилтнүүд ProtectingChildren.ChurchofJesusChrist.org дээрх сургалтыг авсан байх ёстой (10.8.1-ийг үзнэ үү).

10.6

Залуу эрэгтэйчүүдэд Мелкизедек санваар хүлээн авахаар бэлдэхэд нь туслах

18 болон түүнээс дээш насны залуу эрэгтэйчүүд Мелкизедек санваар хүлээн авах эрхтэй бөгөөд бэлтгэгдсэн мөн зохистой бол ахлагчаар томилогдож болно. Тэр эцэг эх, бишоптойгоо зөвлөлдөж энэ шийдвэрээ гаргана.

19 нас хүрэхэд эсвэл гэрээсээ хол газар явахаас нь өмнө (их сургуульд суралцах, цэрэгт явах гэх мэт) хэрэв зохистой бол түүнийг ахлагчаар томилох ёстой. 19 нас хүрэхдээ ахлагчаар томилогдоогүй байсан ч түүнийг ахлагчийн чуулгын цуглаанд суухыг хүснэ.

Эцэг эхчүүд нь хөвгүүдээ Мелкизедек санваар хүртэхэд бэлдэхэд нь туслах үндсэн үүрэгтэй. Түүнчлэн бишопын зөвлөл ба чуулгын зөвлөхүүд Аароны санваартнуудад бүх насаараа ахлагчийн хувиар үйлчлэхэд нь тэднийг бэлтгэх туршлагыг өгч тусална. Мелкизедек санваар хүлээн авахад бэлтгэх хамгийн сайн арга зам бол Аароны санваарын үүргээ биелүүлэх явдал юм.

Мелкизедек санваар хүлээн авах хүмүүс дараах зүйлийг ойлгосон байвал зохино. Үүнд:

Эдгээр сэдвийн талаарх мэдээллийг “Melchizedek Priesthood,” “Priesthood,” “Women in the Church”-өөс үзнэ үү (Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org).

Ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл ба тохинуулагч ах нар энэхүү зааврыг өгнө. Үүнийг залуу эрэгтэйн гэрт эсвэл Ням гаргийн тогтсон цуглаануудаас өөр хичээлээр ганцаарчлан өгч болно.

10.7

Зураг
шигтгээ зураг, тохируулан өөрчлөх удирдамж
Гадасны Залуу эрэгтэйчүүдийн удирдагч

Гадасны ерөнхийлөгч дээд зөвлөлийн гишүүнийг гадасны Залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгчөөр дуудаж, онцгойлон адисална. Залуу эмэгтэйчүүд болон Хүүхдийн хэсэгт томилогдсон дээд зөвлөлийн гишүүдийг зөвлөхөөр үйлчлүүлэхээр дуудаж, онцгойлон адисалж болно. Эсвэл, гадас хангалттай том бол гадасны өөр Мелкизедек санваартнуудыг зөвлөхөөр дуудаж болно. (6.5-ыг үзнэ үү.)

Гадасны Залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгч гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдлага доор үйлчилдэг. Тэрээр өөрөө, зөвлөхүүд, нарийн бичгийнхээ хамт гадасны өсвөр үеийнхний удирдлагын хороонд үйлчилдэг (29.3.10-ыг үзнэ үү). Тэдний зөвлөхүүд бишопын зөвлөлд Аароны санваарын чуулгын үүрэг хариуцлагыг нь зааж тусална.

Гадасны гишүүн ахыг гадасны Залуу эрэгтэйчүүдийн нарийн бичгээр дуудаж болно.

Гадасны Залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөл, нарийн бичгийн үүрэг хариуцлагын талаарх нэмэлт мэдээллийг 6.7.2, 6.7.3-аас үзнэ үү.

10.8

Нэмэлт удирдамж ба бодлого журам

10.8.1

Өсвөр үеийнхнийг хамгаалах

Насанд хүрсэн хүмүүс Сүмийн хүрээнд өсвөр үеийнхэнтэй харилцах үед тэдэнтэй хамт насанд хүрсэн, хариуцлагатай, наад зах нь хоёр хүн байх ёстой. Үүнийг боломжтой болгохын тулд чуулгууд хамтдаа цуглах хэрэгтэй байж болох юм.

Өсвөр үеийнхэнтэй ажилладаг бүх насанд хүрсэн хүн дэмжин батлагдсанаасаа хойш нэг сарын дотор хүүхэд, өсвөр үеийнхнийг хамгаалах талаарх сургалт авсан байх ёстой (ProtectingChildren.ChurchofJesusChrist.org). Үүнээс хойш тэд гурван жилд нэг удаа уг сургалтад давтан суусан байх ёстой.

Тохинуулагч хамтрагчдад эдгээр удирдамж заавар хэрхэн хамаарах тухай мэдээллийг 21.2.2-оос үзнэ үү.

Зураг
Сүм дээр байгаа залуу эрэгтэйчүүд

10.8.2

Тусгай хэрэгцээт залуу эрэгтэйчүүд

Чуулгын удирдагчид тусгай хэрэгцээт залуу эрэгтэйчүүдэд онцгой анхаарал хандуулна. Эдгээр залуу эрэгтэйд туслах тухай мэдээллийг disability.ChurchofJesusChrist.org-оос мөн энэ гарын авлагын 38.8.27-оос авна уу.

10.8.3

Хүүхэд, өсвөр үеийнхний тэмдэг

Залуу эрэгтэйчүүд Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөрийн хүрээнд тэмдэг авна. Залуу эрэгтэй анх Аароны санваарын чуулгын гишүүн болохдоо гишүүн гэдгийг нь харуулсан тэмдгийг чуулгынхаа удирдагчдаас авна. Тэр бас Хувийн өсөлт хөгжил: Өсвөр үеийнхэнд зориулсан удирдамж номыг авна. Үүнийг чуулгын удирдагчид түүнтэй уулзаж, чуулгад хүлээн авахдаа гүйцэтгэж болно. Үүнийг мөн өсвөр үеийнхэнтэй болон тэдний эцэг эхтэй уулзах жил бүрийн цуглааны үеэр гүйцэтгэж болно (10.2.1.3-ыг үзнэ үү).

Залуу эрэгтэй 18 нас хүрэх жилийнхээ 1-р сард өөр нэгэн тэмдгийг нэмж авдаг.

Тэрээр Аврагчтай илүү адил болохыг хичээснээр ололт амжилтын тэмдэг авдаг.

Тэмдгүүдийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг ChildrenandYouth.ChurchofJesusChrist.org дээрээс үзнэ үү.

10.8.4

Зураг
шигтгээ зураг, тохируулан өөрчлөх удирдамж
Мацгийн өргөл цуглуулах

Газар нутгийн хувьд гишүүд нягт төвлөрсөн тойргуудад бишоп нь Аароны санваартнуудад сар бүр гишүүдийнхээр очиж, мацгийн өргөлөө өгөхөд урих удирдамжийг өгч болох юм. Ийм шийдвэр гаргахдаа, бишоп Аароны санваартнуудынхаа тоо, тэдний аюулгүй байдал, очихгүй бол өргөлөө өгөх аргагүй байсан гишүүдийн авах адислалыг бодож үзэх хэрэгтэй (34.3.2-ыг үзнэ үү).

Санваартнууд мацгийн өргөлийг цуглуулахдаа хоёр хоёроороо явах хэрэгтэй. Мацгийн өргөл цуглуулсан хүмүүс өргөлийг бишопын зөвлөлийн гишүүнд тэр даруй өгнө.

Гишүүд мацгийн өргөлөөс өөр өргөлийг, тухайлбал аравны нэг болон бусад өргөлийг цуглуулж буй хүмүүст өгч болохгүй.