2020
Бие даасан байдлаар дамжуулан тохинуулах нь
2020 оны 8-р сар


“Бие даасан байдлаар дамжуулан тохинуулах нь,” Лиахона, 2020 оны 8-р сар

Зураг
тохинуулах нь

Тохинууллын зарчмууд, 2020 оны 8-р сар

Бие даасан байдлаар дамжуулан тохинуулах нь

Бусдыг бие даахад нь тусална гэдэг бол Их Эзэний арга замаар тусламж үзүүлж, тохинуулах явдал юм.

Гэр бүл, найз нөхөд, хөршүүдийн маань ихэнх нь илүү бие даасан болох сонирхолтой байна. Сүмийн бие даасан байдлын санаачилгыг ашиглан Сүмийн гишүүд “илүү агуу найдвар, амар амгалан, өсөлт хөгжлийг”1 авчрах зарчмуудаар бусдыг адислахдаа үйлчлэх, асран халамжлах, тохинуулах боломжийг олж авч байна.

“Би байх ёстой газраа ирсэн”

Крисси Киплэр, АНУ, Аризона

Гэр бүл маань салсны дараа би санхүүгийн хүнд байдалд орсон бөгөөд 8 жил хүүхдүүдээ асран гэртээ суусны дараа эргэж ажлын талбарт гарах арга замаа олох гэж хичээж байлаа. Би бас сүнслэг байдлын хувьд хүнд байдалд орсон байсан ба хэдийгээр өсвөр наснаасаа хойш сүмийн байранд хөл тавиагүй ч үнэн болон итгэлийг эрэлхийлж байсан юм.

Нэгэн ням гарагт би Сүмийн идэвхтэй гишүүн, том эгч Присилагийнхаа гэрт юм угааж байлаа. Тэднийд байхад Присила намайг гэрийнхэнтэйгээ хамт сүмд явахыг урьсан юм. Энэ бол 15 гаруй жилийн хугацаанд хүлээн авсан анхны урилга минь байлаа.

Эхэндээ дурамжхан байсан ч яг урьд орой нь би Бурханд хандан Өөртэй нь хэрхэн илүү ойр байж болохыг үзүүлээч хэмээн гуйж залбирсан байсан юм. Дотроос минь чангаах мэт мэдрэмж төрж, би “Насанд хүрсэн хүнийхээ хувиар өөрийн нүд, зүрх сэтгэлээр яагаад сонсож, харж болохгүй гэж?” хэмээн шийдэв.

Ариун ёслолын цуглаан дээр сууж байхдаа би Ням гаргийн мэдээллийн самбараас санхүүгийн хувьд бие даах чадвар хөгжүүлэх цуврал хичээлийн сурталчилгааны хуудсыг олж харав. Би сүмд эргэн ирэхэд бэлэн биш байсан ч 12 долоо хоногийн цуврал хичээл анхаарлыг минь татаж билээ. Өөрийн эгч, хүргэн ах хоёрынхоо дэмжлэгээр би үүнд хамрагдсан бөгөөд зөвхөн хэрхэн төсөв зохиох, өрөө хэрхэн төлөх талаар л сурна гэж бодож байв. Гэхдээ энэ анги намайг сүнслэг байдлын хувьд өөрчилсөн юм.

Эхний 2 долоо хоногийн хичээлийн сүнслэг мэдээлэл намайг гайхшируулсан ч 3 дахь хичээлийн үеэр би шинэ мөртлөө танил үнэнийг сонсож, байх ёстой газраа ирснийг минь баталсан мэдрэмжээр дүүрч билээ. Би ангиасаа гараад, шууд машинаараа Присилагийнх руу очив. “Яг энэ мэдрэмжийг би амьдралдаа хэрхэн илүү их хүлээн авч болох вэ?” гэж би нүдэндээ нулимс цийлэгнүүлэн түүнээс асууж билээ. Тэр надад зориулан номлогчдоор хичээл заалгах цаг товлов.

Бие даах чадвар хөгжүүлэх ангийнхан маань ч номлогчдын хичээлд ирж, намайг дэмждэг байлаа. Тэд миний сүнслэг байдалд асар их нөлөөлсөн бөгөөд сайн мэдээ, орчин үеийн бошиглогчдын талаар гэрчлэлтэй болоход тусалсан.

Цуврал хичээлийг авч дуусах үед би сүнслэг болон материаллаг байдлын хувьд хэд хэдэн өөрчлөлт хийсэн. Би сайн компанид ажил мэргэжлийнхээ алхмыг шинээр эхэлсэн бөгөөд хэд хэдэн зээлээ дарж дуусгав.

Энэхүү цуврал хичээлийн ачаар би гайхалтай сайхан найз нөхөдтэй болж, бишопынхоо урам дэмээр эерэг харилцаа холбоо тогтоон, аравны нэгийн тухай гэрчлэлтэй болсон төдийгүй ариун сүмийн эрхийн бичгээ авч, хувийн хишгээ хүртэн, 2 том хүүхдээ баптисм хүртэхийг харсан зэрэг гүн гүнзгий, шинэ адислалууд хүлээн авсан юм.

Бие даах чадвараа хөгжүүлэх зам маань миний өмнө зурайсаар байгаа ч би үлдсэн амьдралынхаа туршид сурч мэдсэн зүйлүүдээ нандигнан, олж авсан найз нөхдөө хайрласаар байх болно.

“Хичээл бүрийн дараа би хайр мэдэрдэг”

2016 оны 12-р сард Кэйти Фанк 10 настай хүү Винсэнттэйгээ Юта мужийн Солт Лэйк Сити дэх Ариун сүмийн талбайд зочлохдоо, өөрийгөө “хангалттай агностик үзэлтэн” гэж боддог байжээ. Тэрээр Сүмийг 16 настайдаа орхиж, 17 насандаа ганц бие эх болж, шивээс хийлгэж, кофенд дуртай болсон байв. Харин Ариун сүмийн талбайд зочлох үед Винсэнт Ариун Сүнсийг мэдэрч, номлогчдоос хичээл авч болох эсэхийг ээжээсээ асуужээ.

Хэдийгээр Кэйти 2 газар, долоо хоногт 80 цаг ажилладаг ч Винсэнттэй хамт сайн мэдээнээс суралцаж, номлогчидтой уулзах хоорондоо хүүгийнхээ асуултын хариултыг судалдаг байв. 2017 оны зун гэхэд тэр Сүмийн цуглаанд ирэх болж, бие даах чадвар хөгжүүлэх цуврал хичээлийн талаар мэдэж авчээ.

“Тэдгээр хичээл надад тус болох юм байна гэдгийг би ойлгосон. Магадгүй би 2 газар ажиллаж, үлдсэн амьдралынхаа туршид эцэг эхдээ найдах хэрэггүй болох байх” гэж бодсон тухайгаа тэр хэлсэн юм.

Олон зүйлийг сурч мэдэхээс гадна бие даах чадвар хөгжүүлэх бүлэг нь түүнийг халуун дотно хүлээн авч, түүнд тохинуулсан тул Кэйти энэхүү цуврал хичээлийг “материаллаг ба сүнслэг байдлын хувьд гайхалтай хүчирхэгжүүлдэг” хэмээн хэлсэн.

Эшлэл

  1. “Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг,” Бие даахын тулд хувийн санхүүгээ зохицуулах нь (2016), i.