2020
Ариун сүмийн үйлчлэлээр дамжуулан тохинуулах
2020 оны 3-р сар


Тохинууллын зарчмууд, 2020 оны 3-р сар

Ариун сүмийн үйлчлэлээр дамжуулан тохинуулах

Бид бусдад ариун сүмийн адислалуудад баясахад нь туслахдаа тэдэнд тохинуулж байгаа хэрэг юм.

Зураг
ministering

Дэвсгэр зургуудыг Getty Images-ээс авав; Хондурасын Тегусигальпа ариун сүмийн зураг

Ариун сүмд орохын төлөө гаргасан хичээл зүтгэл маань үнэ цэнтэй. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “ариун сүмд өнгөрүүлсөн цаг хугацаа маань бидний болон гэр бүлийнхний маань аврал, өргөмжлөлд амин чухал. …

… Хүн нэг бүрд зөвхөн Их Эзэний өргөөнд хүлээн авах боломжтой сүнслэг байдлын байнгын хүчирхэгжүүлэлт болон заавар хэрэгтэй байдаг”1 хэмээн заасан.

Ариун сүмд орохын тулд бид цаг зав, үүрэг хариуцлага, нөөц бололцоогоо зохицуулахаас гадна сүнслэгээр бэлтгэгдсэн байх шаардлагатай байдаг. Бид ах, эгч нарынхаа ариун сүмд ороход саад болж байгаа бэрхшээлүүдийг олж тогтоогоод, шийдэл олоход нь тусалж байгаа нь тэдэнд тохинуулж байгаа хэрэг юм.

Ариун сүм бол хэний ч хүртэж болох адислал

Саяхан буцаж ирсэн номлогч Мэг Хавайн Кона ариун сүмийн хаалгыг чиглэн алхаж явахдаа гаднах сандал дээр ганцаараа суугаа нэгэн залуу эмэгтэйг олж харжээ. Мэг тэр залуу эмэгтэйтэй ярилцах ёстой гэсэн мэдрэмжийг хүлээн авсан боловч чухам юу хэлэхээ сайн мэдэхгүй байв. Тэгээд тэр залуу эмэгтэйн шагайн дээрх шивээсний утгыг түүнээс асуув. Энэ нь тэдний хооронд яриа өрнөхөд хүргэж, залуу эмэгтэй Ланид түүхээ хуваалцах боломжийг олгосон юм.

Лани Сүмд эргэн ирж, идэвхтэй явахаар хичээж байгаагаа мөн өөрт нь тусалж байгаа сайхан сэтгэлтэй гишүүдийн тухай болон нэг л өдөр нялх охинтойгоо лацдан холбуулна хэмээн найдаж байгаа тухайгаа Мэгд ярьж өгчээ.

Мэг Ланиг ариун сүмийн хүлээлгийн өрөөнд орж, хамт суухыг урив. Тэд ариун сүм рүү дотогш орох боломжгүй байсан боловч босгыг нь давах боломжтой байсан юм. Лани зөвшөөрч, тэд хамтдаа гол хаалгаар нь оров. Ариун сүмийн ажилтан Аврагчийн зургийн доорх сандлыг зааж өгөв.

Тэднийг хамт сууж байхад Лани “Би өнөөдөр ариун сүм дотор орохыг үнэхээр их хүсэж байсан ч сандраад байсан” гэж шивнэж хэлэв. Мэг Сүнсийг дагасан учраас Ланигийн чимээгүй үйлдсэн залбиралд хариулахад тусалсан.

Эрхийн бичиггүй хүмүүст туслах санаанууд

Ариун сүмийн эрхийн бичгээ аваагүй хүмүүс ч гэсэн ариун сүмээр адислагдаж болно.

  • Их Эзэн таныг ариун сүмийн ажлаар дамжуулан хэрхэн адисалсан тухай сэтгэгдлээ хуваалц.

  • Хэн нэгнийг ариун сүмийн нээлттэй хаалганы өдөрлөгт эсвэл зочид хүлээн авах төвд зочлохыг урина уу. Болох гэж буй нээлттэй хаалганы өдөрлөгийн талаар temples.ChurchofJesusChrist.org-оос олж мэднэ үү.

  • Тухайн ариун сүмийн талаар илүү ихийг мэдэж, зургийг нь үзэхийн тулд temples.ChurchofJesusChrist.org руу орно уу.

Бусдыг ариун сүмд ороход илүү амар болгох нь

Ариун сүмийн эрхийн бичигтэй гишүүдэд ч ариун сүмд орох нь хүндрэлтэй байж болно. Зарим хүн их хол аялах шаардлагатай байдаг. Бусад нь бага насны хүүхдүүдтэй эсвэл асардаг өндөр настай гэр бүлийн гишүүдтэй байж болно. Бид ариун сүмийн үйлчлэлийг бүх хүнд боломжтой болгохын тулд хамтран ажиллаж болно.

Леола Чандлэр өвчтэй нөхөр болон дөрвөн хүүхдээ асрах гэж цөхөрч байлаа. Тиймээс тэр мягмар гараг бүр ойрхон байдаг ариун сүмд орж байхаар цагаа зохицуулахаар шийдсэн юм. Энэ нь түүний амьдралд амар амгалан, хүч чадлын эх сурвалж болжээ.

Нэг өдөр тэрээр тойргийнх нь ахимаг насны хэдэн эгч ариун сүм орохыг маш их хүсэж байгаа боловч явах унаагүй байгаа тухай сонсжээ. Леола тэднийг хүргэж өгөхийг санал болгосон байна. Түүнээс хойш 40 жилийн турш тэр ариун сүм рүү ганцаараа явсан тохиолдол ховор аж.2

Леола өөрөө адислагдсан төдийгүй ариун сүм рүү хамт явахыг санал болгосноор бусдыг адисалсан.

Бусдад ариун сүмд ороход нь туслах санаанууд

Та бусдад ариун сүм рүү илүү ойр ойрхон явахад нь хэрхэн тусалж чадах вэ? Эдгээр санаа танд ч мөн тусалж байгааг анзаарч болох юм.

  • Хамт яв. Хэн нэгэнд унааг нь зохицуулж өгөх юм уу та өөрөө хүргэж өгөхийг санал болго. Энэ нь хэн нэгнийг ариун сүмд ороход урамшуулж болно.

  • Гэр бүлийнхээ эсвэл тойргийнхоо гишүүдээс өвөг дээдсийн тань төлөө ёслолуудыг хийлгэхийг хүс. Ялангуяа танд ёслол хийлгэхэд бэлэн маш олон гэр бүлийн нэр байгаа бол тийн асууж болно.

  • Эцэг эхчүүдэд ариун сүмд орох боломж олгохын тулд хүүхдүүдийг нь харж өгөхийг санал болго. Эсвэл нэг нэгнийхээ хүүхдүүдийг ээлжлэн харахаар зохицуул.

Ариун сүм алс хол байгаа тохиолдолд

Шри Ланкийн Коломбо хотын оршин суугчид болох Чандрадас “Рошан,” Шерон Антони хоёр ариун сүмд лацдан холбуулахаар шийджээ. Тэдний найзууд Анн, Антон Кумарасами хоёр тэдний төлөө маш их баярлаж байлаа. Гэвч Филиппинийн Манила ариун сүм рүү явахад амар биш, хямдхан ч биш гэдгийг тэд мэдэж байсан.

Рошан, Шерон хоёр мөнгөө хуримтлуулж байгаад төлж чадах нислэгээ олон сарын өмнөөс захиалсан байна. Эцэст нь явах өдөр нь болов. Гэвч Малайз улсаар дамжин цааш Филиппин рүү явахын тулд тэд виз авсан байх ёстой эсвэл өөр компанийн нислэгээр нисэх ёстой гэдгийг олж мэджээ. Виз авах боломжгүй бөгөөд өөр нислэгийн тасалбар авахад ч мөнгө нь хүрэлцэхгүй байсан юм. Гэвч лацдан холбуулахгүйгээр буцах тухай бодоход ч хүндхэн байв.

Өөр юу хийхээ мэдэхгүй байсан Рошан Антон руу залгажээ. Антон, Анн хоёр туслахыг маш их хүсэж байв. Тэд ариун сүмд лацдан холбуулсан Шри Ланка дахь цөөхөн хосын нэг байсан бөгөөд энэ нь ямар их адислал болохыг мэдэж байсан. Гэвч тэд гэр бүлийнхээ гишүүнд туслахын тулд хадгаламжаа зарцуулсан байсан учраас Рошан, Шерон хоёрт өөр нислэгийн тасалбар авахад нь туслах хангалттай мөнгөгүй байлаа.

Шри Ланкийн уламжлалаар, нөхөр нь нас барсан үед эхнэр нь мөнгөтэй байж болохын тулд сүйт залуу нь сүйт бүсгүйдээ алтан зүүлт худалдан авч өгөх ёстой байдаг аж. Анн өөрийнхөө алтан зүүлтийг зарж, тасалбар авахад нь туслахаар шийджээ. Түүний сэтгэл харамгүй бэлэг Рошан, Шерон хоёрт Манила дахь ариун сүмд товлосон цагтаа очих боломжийг олгосон юм.

“Би ариун сүмд лацдан холбогдохын үнэ цэнийг мэднэ.” “Шерон, Рошан хоёр салбартаа маш их тус нэмэр болж чадна гэдгийг би мэдэж байсан. Би тэднийг энэ боломжоо алдаасай гэж хүсээгүй юм”3 хэмээн Анн ярьжээ.

Ариун сүмд орох боломжгүй хүмүүст туслах санаанууд

Та ариун сүмд ойр ойрхон орох боломжгүй эсвэл зай юм уу зардлаас шалтгаалан ариун сүмд орох ямар ч боломжгүй хүмүүст тохинуулахаар дуудагдсан байж болно. Гэсэн ч та тэдэнд ариун сүмийн адислалуудад талархалтай байхад нь тусалж чадна.

  • Ариун сүмд ороход бэлдэх юм уу гэр бүлийн түүхийн ангид зааж эсвэл хамтдаа сууж болно.

  • Тэдэнд гэр орондоо өлгөж болох ариун сүмийн зураг өг.

  • Хэрвээ та ариун сүмд орж байсан бол тэрхүү туршлагынхаа талаарх мэдрэмж болон ариун сүмийн ёслолуудын талаарх гэрчлэлээ хуваалц.

  • Тэдэнд байгуулсан гэрээнүүдийнхээ талаар илүү ихийг сурч мэдэн, сахихад нь тусал. 2012 оны 7-р сарын Лиахона дээр гарсан “Бурхантай байгуулсан гэрээнүүдээ ойлгох нь: Бидэнд өгсөн хамгийн чухал амлалтуудын тойм”-ыг ашиглах талаар бодож үз.

Эшлэлүүд

  1. Рассэлл М.Нэлсон, “Үлгэр жишээ хожмын үеийн гэгээнтнүүд болох нь,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 119.

  2. LaRene Gaunt, “Finding Joy in Temple Service,” Ensign, Oct. 1994, 8-ыг үзнэ үү.

  3. Анн, Антон хоёр ариун сүмд очих зардлаа гаргах боломжгүй гишүүдэд санхүүгийн нэг удаагийн тусламж үзүүлдэг Ариун сүмд явах гишүүдэд туслах Сүмийн сангаас нөхөн олговор авсныхаа дараа зүүлтээ буцааж авч чадсан юм.