Институт
7 Хамтран үйлчлэгчид


“Хамтран үйлчлэгчид,” 7-р бүлэг Гэгээнтнүүд: Хожмын үеийн Есүс Христийн Сүмийн түүх, 1-р боть, Үнэний жишиг, 1815–1846 (2018)

7-р бүлэг: “Хамтран үйлчлэгчид”

7-р бүлэг

Хамтран үйлчлэгчид

Зураг
Ой модон дахь үзэгдлүүд

1829 оны хавар 5-р сар гарчихаад байхад хүйтэн, хур тунадастай хэвээр байлаа. Хармонигийн эргэн тойрны фермерүүд гэртээ өнжицгөөж, цаг агаар сайжиртал хаврын тариалалтаа хойшлуулсан тэр үед Иосеф, Оливер хоёр цэдгээс чадлынхаа хэрээр аль болох ихийг орчуулжээ.1

Тэд ийнхүү орчуулсаар Есүсийг Иерусалимд нас барах үед нифайчууд болон леменчүүдийн хооронд юу болсон тухай түүхийг өгүүлсэн хэсэгт хүрэв. Уг түүхэнд өгүүлснээр хүмүүсийг сүйрүүлж, газар нутгийн хэлбэр байдлыг өөрчилсөн асар их газар хөдлөлт болж, салхи шуурга дэгдэн, зарим хот газрын гүнд живж, зарим нь галд автан, шатжээ. Олон цагийн туршид цахилгаан цахиж, нар үл цухуйн, амьд үлдэгсдийг гүн харанхуй нөмрөн авав. Хүмүүс нас барагсдынхаа төлөө гурав хоногийн турш уйлан, гашууджээ.2

Эцэст нь Есүс Христийн дуу хоолой түнэр харанхуйг нэвтэлсэн юм. “Эдүгээ би та нарыг эдгээж болохын тулд та нар надад эргэн ирж, мөн нүглүүдээ наманчилж, мөн хөрвүүлэгдэхгүй гэж үү?” хэмээн Тэр асуусан.3 Тэрээр харанхуйг үлдэн хөөсөн ба хүмүүс ч наманчилсан. Удалгүй тэдний зарим нь Өгөөмөр хэмээх газар нутаг дахь ариун сүмд цугларч, газар нутагт нь тохиолдсон гайхамшигт өөрчлөлтүүдийн талаар ярьцгаав.4

Хүмүүс бие биетэйгээ ярилцаж байх үедээ тэнгэрээс буун ирж буй Бурханы Хүүг харжээ. “Болгоогтун, би бол дэлхийд ирэх болно хэмээн бошиглогчдын гэрчилсэн тэр Есүс Христ” хэмээн Тэр хэлэв.5 Тэрээр тэдний дунд хэсэг зуур байж, Өөрийн сайн мэдээг заан, нүглээсээ ангижрахын тулд усанд умбуулалтаар хийх баптисм хүртэхийг тэдэнд зарлигласан.

“Мөн надад итгэсэн, мөн баптисм хүртсэн хэн боловч, мөнхүү тэр нь аврагдах болно; мөн тэд бол Бурханы хаант улсыг өвлөх хүмүүс юм” гэж Тэр тунхаглав.6 Тэрээр тэнгэрт дээшлэн одохоосоо өмнө, Өөрт нь итгэгч хүмүүст баптисм хүртээх эрх мэдлийг зөв шударга хүмүүст өгчээ.7

Иосеф, Оливер хоёр орчуулж байх үедээ эдгээр сургаалд автан гайхширч байлаа. Иосеф ах Алвиныхаа адил хэзээ ч баптисм хүртээгүй байсан бөгөөд тэр уг ёслолын тухай болон ёслол гүйцэтгэхэд шаардлагатай эрх мэдлийн талаар илүү ихийг мэдэхийг хүсэж байв.8


1829 оны 5-р сарын 15-нд бороо зогсож, Иосеф, Оливер хоёр Сасквиеханна голын ойролцоох ой мод руу алхлаа. Тэд өвдөг сөгдөн, баптисм болон нүглүүдийн ангижралын талаар Бурханаас асуув. Тэднийг залбирч байтал Гэтэлгэгчийн дуу хоолой тэдэнд амар амгаланг ярьж, тэнгэр элч гэрэлт үүлэн дотроос гарч ирээд, өөрийгөө Иохан Баптист хэмээн танилцуулж, тэдний толгой дээр гараа тавилаа. Бурханы хайр тэднийг хүрээлэн авахад зүрх сэтгэл нь баяр баясгалангаар дүүрэв.

“Миний нөхөд үйлчлэгч та нарт би Мессиагийн нэрээр, тэнгэр элчүүдийн тохинууллын хийгээд наманчлалын сайн мэдээний, мөн нүглүүдийн ангижралын тулд усанд умбуулалтаар хийх баптисмын түлхүүрүүдийг атгагч Аароны санваарыг хүртээж байна” хэмээн Иохан тунхаглалаа.9

Тэнгэр элчийн дуу хоолой намуухан байсан ч Иосеф, Оливер хоёрын зүрхийг нэвтэлж байгаа мэт байв.10 Тэрээр Аароны санваар тэдэнд баптисм гүйцэтгэх эрх мэдэл өгч байгааг тайлбарлаад, өөрийг нь явсны дараа тэр хоёрыг нэг нэгэндээ баптисм хүртээхийг зарлиглав. Тэр мөн нэг нэгэндээ болон баптисм хүртсэн хүмүүст Ариун Сүнсний бэлэг хүртээх эрх мэдлийг олгох нэмэлт санваарын хүчийг дараа нь тэд хүлээн авах болно гэдгийг хэлэв.

Иохан Баптистыг явсны дараа Иосеф, Оливер хоёр гол руу явж, голын усанд орлоо. Иосеф эхлээд Оливерт баптисм хүртээсэн бөгөөд Оливер уснаас гарч ирэнгүүтээ удахгүй болох зүйлсийн талаар бошиглож эхлэв. Тэгээд Оливер Иосефт баптисм хүртээхэд Иосеф уснаас гарч ирэхдээ тэдний дунд Их Эзэний байгуулахаар амласан тэрхүү Христийн сүмийн сэргэн мандалтын тухай бошиглосоор гарч иржээ.11

Иохан Баптистын зааврын дагуу тэд ой мод руу буцаж очин, бие биенээ Аароны санваарт томилов. Иосеф, Оливер хоёр Бурханы нэрээр үйлдэх эрх мэдлийн талаар Библийг судалж, эртний цэдгийг орчуулах явцдаа олон удаа уншжээ. Одоо тэд тэрхүү эрх мэдэлтэй болсон байв.

Иосеф Смит, Оливер Каудери хоёр баптисм хүртсэнийхээ дараа ойлгоход хэцүү, нууцлаг байсан судрууд нь гэнэт ойлгомжтой болсныг олж мэдлээ. Үнэн болон ойлголт тэдний оюунд иржээ.12


Оливерын Нью-Йоркт байдаг найз Давид Витмер нь Иосефын ажлын тухай ихийг олж мэдэхийг эрмэлзэж байлаа. Давид Манчестерээс 48 километрийн зайд байх Фейеттэд амьдардаг байсан ч Оливерыг сургуульд багшилж, Смитийнхтэй хамт амьдарч байхад тэд найзууд болжээ. Тэд алтан ялтаснуудын талаар байнга ярьдаг байсан бөгөөд Оливер Хармони руу нүүхдээ орчуулгын талаар Давид руу бичнэ гэж амласан юм.

Тун удалгүй захидлууд ирж эхлэв. Оливер Бурханы илчлэлтээр л биш бол өөрөөр хэн ч мэдэх боломжгүй амьдралынх нь нарийн ширийнийг Иосеф мэдэж байсныг бичжээ. Тэр Иосефт өгсөн Их Эзэний үгсийг болон цэдгийн орчуулгын талаар дүрслэн бичсэн. Нэг захиандаа Оливер орчуулгаас хэдэн өгүүлбэр хуваалцаж, үнэн байдлынх нь талаар гэрчилсэн байна.

Өөр нэгэн захиандаа, Бурханы хүсэл бол Давидыг хөллөгөөний морьд, бүхээгт тэрэгнүүдийг авч Хармонид ирэн, орчуулгаа хийж дуусгахад нь туслахын тулд Иосеф, Эмма, Оливер нарыг Фейеттэд байх Витмерийн гэр рүү нүүхэд туслах явдал болохыг мэдээлжээ.13 Хармони дахь хүмүүс Смитийнхэнд тийм ч дотно хандахаа больсон байв. Хэсэг эр Иосеф Смит, Оливер хоёр руу халдаж дайрахаар заналхийлсэн бөгөөд Эммагийн гэр бүлийн нөлөөгөөр тэд ноцтой гэмтэж бэртээгүй аж.14

Давид Оливерын захиануудыг эцэг эх, ах дүүстээ хуваалцаж, тэд Иосеф, Эмма, Оливер нарыг гэртээ хүлээн авахыг зөвшөөрчээ. Витмерийнхэн уг бүс нутаг дахь герман хэлтэй суурьшигчдын үр удам байсан төдийгүй шаргуу хөдөлмөр, сүсэг бишрэлээрээ нэр хүндтэй байв. Тэдний ферм Смитийн гэр рүү зочилж очиход ойрхон байсан ч хорон санаатнуудын саад учруулахаас хамгаалж чадахуйц хол байлаа.15

Давид Хармони руу даруйхан явахыг хүссэн ч аав нь түүнийг явахаасаа өмнө хоёр өдөр хүнд хүчир ажил хийх ёстойг сануулсан байна. Тариалалтын улирал байсан тул Давид хорин акр газар хагалж, тарианыхаа ургалтыг сайжруулахын тулд хөрсийг нь шохойн бордоогоор баяжуулах хэрэгтэй байлаа. Аав нь түүнийг одоо явах зайлшгүй шаардлагатай эсэхээ мэдэхийг хүсэн залбирах хэрэгтэй гэж хэлэв.

Давид эцгийнхээ зөвлөгөөг даган, залбирахдаа Сүнс түүнд Хармони руу явахаасаа өмнө гэрийн ажлаа дуусга хэмээн хэлж байгааг мэдэрчээ.

Маргааш өглөө нь Давид талбай руугаа очоод, өмнөх орой нь хагалаагүй байсан газарт олон эгнээ шан татсан байхыг олж харав. Талбайгаа цааш сайтар шинжтэл урьд шөнө нь зургаан акр газрыг хагалсан байсан төдийгүй хамгийн сүүлийн шанг татах газарт анжис нь түүнийг ажлаа дуусгахад туслахаар бэлэн хүлээж байлаа.

Давидын аав юу болсныг мэдээд гайхаж хоцров. “Чиний энэ ажилд агуу их хүч тусалж байгаа нь гарцаагүй. Чи шохойн бордоогоор бордож дуусангуутаа Пеннсильвани руу явах хэрэгтэй гэж би бодож байна” хэмээн тэр хэлжээ.

Давид үлдсэн талбайгаа хагалж, амжилттай тариалахад зориулан хөрсөө бэлтгэхийн тулд шаргуу ажиллав. Тэр ажлаа дуусгаад, шууд хүчит морьддоо бүхээгт тэргээ хөллөн, Хармони руу төлөвлөснөөсөө эрт явлаа.16


Иосеф, Эмма, Оливер нарыг Фейеттэд нүүж ирсний дараа Давидын ээж тун завгүй байв. Мари Витмер болон түүний нөхөр Петр нар 15–30 насны 8 хүүхэдтэй байсан бөгөөд тусдаа гарсан хэдэн хүүхэд нь ойрхон амьдардаг байлаа. Мари тэдний хэрэгцээг хангахын тулд өдөржин ажилладаг байсан бөгөөд гурван зочин ирснээр ажил нь бүр их нэмэгджээ. Мари Иосефын дуудлагад итгэдэг байсан бөгөөд гомдоллохгүй байсан ч ядарч байлаа.17

Фейеттийн тэр зуны халуун тамирдуулмаар байлаа. Мари хувцас угааж, хоол бэлтгэж байхад дээд давхрын өрөөнд Иосеф орчуулгыг хэлж бичүүлдэг байв. Ихэнхдээ Оливер түүнд бичиж өгдөг байсан ч хааяа Эмма юм уу Витмерийнхний нэг ээлжлэн бичдэг байжээ.18 Заримдаа Иосеф, Оливер хоёр орчуулгын ажлын ачааллаас болж ядрахдаа ойролцоох цөөрөм рүү алхан очиж, усан дээгүүр чулуу үсэргэдэг байв.

Марид амрах цаг тун бага байсан ба түүнд өгөгдсөн нэмэлт ажил, ачаалал үүрэхэд үнэхээр хүнд байв.

Нэгэн өдөр тэр үнээ саадаг саравчныхаа хажууд байхдаа үүргэвч үүрсэн буурал үстэй эрэгтэйг олж харжээ. Түүнийг гэнэт хараад айсан ч уг эрэгтэй Марид хандан аядуу зөөлөн ярихад тэр тайвшрав.

Тэрээр “Намайг Моронай гэдэг” гэж хэлээд, “Чи хийх шаардлагатай олон нэмэлт ажлаас болоод их ядарсан байна” гэв. Түүнийг мөрнөөсөө үүргэвчээ буулган тайлж, амыг нь нээхийг Мари харав.19

“Чиний үнэхээр их итгэлтэй мөн ажилдаа хичээнгүй байгаа явдал зөв зохистой тул гэрчлэл хүлээн авч, итгэл чинь хүчирхэгжих ёстой” гэж тэр үргэлжлүүлэн хэлэв.20

Моронай үүргэвчээ нээн, алтан ялтаснуудыг гаргаж ирэв. Тэр ялтаснуудыг түүний урд барин, хуудаснуудыг нь эргүүлэхэд Мари тэдгээрийн дээр байх бичээсийг харж байлаа. Тэр хамгийн сүүлийн хуудсыг эргүүлээд, энэхүү нэмэлт ачааг арай удаан үүрэхдээ тэвчээртэй, итгэлтэй байхыг түүнд сануулан, үүнийхээ төлөө адислагдах болно хэмээн амлав.21

Хормын дараа настай эрэгтэй замхран алга болж, Мари ганцаар хоцорсон байлаа. Түүнд хийх ажил байсаар байсан ч тэр түүртэхээ больсон юм.22


Витмерийн ферм дээр Иосеф хурдтай орчуулж байсан ч зарим өдөр хэцүү байв. Түүний бодол санаа бусад асуудал руу хазайж, сүнслэг зүйлсэд төвлөрч чадахгүй байлаа.23 Витмерийнхний жижиг байшин үргэлж үйл явдал, анхаарал сарниулах зүйлсээр дүүрэн байдаг байв. Тийшээ нүүнэ гэдэг бол Эмма, тэр хоёр Хармонид байсан шигээ тааваараа байх боломжгүй болно гэсэн үг байлаа.

Нэгэн өглөө Иосеф орчуулахаар бэлдэж байхдаа Эммад бухимдав. Дараа нь тэр дээд давхрын өрөөнд Оливер, Давид нартай ажиллахаар ороод нэг ч үг орчуулж чадахгүй байсан аж.

Иймд тэрээр өрөөнөөс гарч яван, жимсний цэцэрлэгт очоод, бүтэн цагийн турш залбирчээ. Тэр эргэн ирэхдээ буруугаа хүлээж, Эммагаас уучлалт гуйв. Тэгээд тэр урьдын адил орчуулж эхэлжээ.24

Тэрээр одоо уг цэдгийн сүүлийн хэсэг болох Нифайн бага ялтаснуудыг орчуулж байгаа бөгөөд энэ нь үнэндээ номын эхний бүлэг байв. Түүний Мартинтай хамт орчуулаад, алдсантай адилхан түүхийг илчлэх энэхүү бага ялтаснуудад Бурхан Нифай гэдэг залуу эрийн гэр бүлийг Иерусалимаас амлагдсан шинэ газар руу удирдсан тухай гарч байлаа. Энэ нь цэдгийн гарал үүсэл, нифайчууд болон леменчүүдийн хоорондох эртний тэмцэл тулааныг тайлбарласан байв. Илүү чухал нь гэвэл, уг түүхэнд Есүс Христийн тухай болон Түүний Цагаатгалын талаар хүчирхэг гэрчлэл хуваалцсан байв.

Иосеф сүүлийн ялтсан дээрх бичээсийг орчуулж байхдаа энэ нь цэдгийн зорилгыг тайлбарлаж, цэдэгт уг номыг эмхэтгэсэн эртний бошиглогч–түүхчийн нэрээр Мормоны Ном хэмээн нэрлэсэн болохыг олж мэджээ.25

Иосеф Мормоны Номыг орчуулж эхэлснээсээ хойш Бурханы ажил дахь өөрийн ирээдүйн үүргийн талаар ихийг сурч авсан байна. Үүний хуудаснаас тэрээр Библиэс сурсан үндсэн сургаалуудыг болон Есүс Христ, Түүний сайн мэдээний талаарх шинэ үнэнүүд ба гүн ойлголтуудыг олж мэджээ. Тэр мөн Их Эзэний үг, алдагдсан мэдлэг, гэрээнүүдийг урагш авчрах Иосеф хэмээх сонгогдсон үзмэрчийн талаар бошиглосон хожмын өдрүүдийн тухай хэсгүүдийг илрүүлсэн.26

Тус цэдэгт хүмүүний уншиж үл чадах лацдагдсан номны талаарх Исаиагийн бошиглолын тухай Нифайн дэлгэрэнгүй өгүүлснийг тэр мэдэж авав. Иосеф уг бошиглолыг уншихдаа профессор Антонтой хийсэн Мартин Харрисын ярилцлагын талаар боджээ. Энэ нь гагцхүү Бурхан тус номыг газар шорооноос гарган авчирч, Христийн сүмийг хожмын өдрүүдэд байгуулж чадна гэдгийг баталгаажуулж өгчээ.27


Иосеф найзуудынхаа хамт орчуулгыг дуусгах үедээ Мормоны Номонд болон Өөрийн илчлэлтүүдэд өгсөн Их Эзэний амлалт болох гурван гэрчид ялтаснуудыг үзүүлэхэд санаа бодлоо хандуулав. Иосефын эцэг эх, Мартин Харрис нар тухайн үед Витмерийн фермд зочилж ирээд байсан бөгөөд нэгэн өглөө Мартин, Оливер, Давид гурав өөрсдийг нь гэрч болгохыг Иосефоос гуйв. Иосеф залбирч, харин Их Эзэн тэднийг бүх зүрх сэтгэлээрээ Өөрт нь найдан, үнэнийг гэрчлэхээ амлавал ялтаснуудыг үзэж болно хэмээн хариулжээ.28

“Чи гэм нүглийнхээ өршөөлийг олж авахын тулд энэ өдөр Бурханы өмнө өөрийгөө даруусгах ёстой” хэмээн Иосеф Мартинд онцгойлон хэлэв.29

Иосеф тэр өдөртөө Витмерийн гэрийн ойролцоох ойд гурван эрийг дагуулан иржээ. Тэд өвдөг сөхөрч, ялтаснуудыг үзэхийн тулд ээлжлэн залбирсан ч юу ч болсонгүй. Хоёр дахь удаагаа оролдоод ч юу ч болсонгүй. Эцэст нь Мартин босоод, өөрийгөө тэнгэр нээгдэхгүй байгаагийн шалтгаан болохыг хэлээд, явж одов.

Иосеф, Оливер, Давид нарыг залбирч эхлэхэд тун удалгүй тэнгэр элч тэдний дээр тод гэрэлд үзэгдлээ.30 Тэрээр гартаа ялтаснуудыг барьсан байсан ба нэг нэгээр нь эргүүлэн, хуудас бүрд сийлэгдсэн бэлгэ тэмдгүүдийг тэдэнд харуулав. Түүний хажууд ширээ байсан ба уг ширээн дээр Мормоны Номонд дүрслэгдсэн эртний түүхэн дурсгалууд болох хөрвүүлэгчид, цээжний хуяг, илд, Нифайн гэр бүлийг Иерусалимаас амлагдсан газар руу удирдсан гайхамшигт луужин зэрэг зүйлс байлаа.

“Эдгээр ялтас Бурханы хүчээр илчлэгдсэн ба эдгээрийг Бурханы хүчээр орчуулсан. Та нарын харсан тэрхүү орчуулга үнэн зөв бөгөөд би та нарт харсан мөн сонссон зүйлийнхээ талаар гэрчлэхийг зарлиглаж байна” хэмээн тунхаглах Бурханы дуу хоолойг тэд сонсов.31

Тэнгэр элчийг одоход Иосеф ойн гүн рүү явж, өвдөг сөгдөн сууж буй Мартиныг оллоо. Мартин Их Эзэнээс гэрчлэл хараахан хүлээн аваагүй байгаа ч ялтаснуудыг үзэх хүсэлтэй хэвээр байгаагаа Иосефт хэлээд, түүнийг өөртэйгөө хамт залбирахыг хүсэв. Иосеф түүний хажууд өвдөг сөгдөж, тэд үгсээ бүрэн хэлж ч амжаагүй байхдаа ялтас болон бусад эртний эд зүйлийг үзүүлсэн тэрхүү тэнгэр элчийг олж харлаа.

“Энэ нь хангалттай! Энэ нь хангалттай!” гэж Мартин хашгираад, “Би нүдээрээ харлаа! Би нүдээрээ харлаа!” гэв.32


Үдээс хойш Иосеф гурван гэрчийн хамт Витмерийн байшинд буцан очлоо. Иосефыг өрөө рүү яаран ороход Мари Витмер Иосефын аав, ээжтэй ярилцаж байв. “Аав аа! Ээж ээ!” гэж тэр дуудаад, “Намайг ямар их баяртай байгааг та нар мэдэхгүй!” гэв.

Тэрээр ээжийнхээ хажууд ухасхийн суугаад “Их Эзэн ялтаснуудыг надаас гадна өөр гурван хүнд үзүүлсэн. Би хүмүүсийг хууран мэхэлдэггүйг тэд өөрсдөө мэддэг боллоо” гэж хэллээ.

Иосефт мөрнөөс нь хүнд ачаа авсан мэт санагдлаа. “Тэд одоо энэ ачаанаас үүрэлцэнэ. Би дэлхий дээр орь ганцаараа биш боллоо” гэж тэр хэлэв.

Дараа нь Мартин өрөөнд орж ирэхдээ баяр хөөрөө багтааж ядан, “Би тэнгэр элчийг харсан! Бурхан намайг Өөрийн агуу ажлын гэрч болгон өршөөн соёрхсонд би чин сэтгэлээсээ талархаж байна!” хэмээн хашгиран хэлэв.33

Хэдхэн өдрийн дараа Витмерүүд Смитийн гэр бүлийнхэнтэй Манчестер дахь фермд нь уулзлаа. Их Эзэн Өөрийн үгийг “тэрээр байвал зохино хэмээсэн тооны гэрчүүдийн амаар нотлуулах болно” гэдгийг мэддэгийн хувьд Иосеф өөрийн аав, Хайрум, Самуел, Давид Витмерийн дөрвөн хүү болох Кристиан, Иаков, Бага Петр, Жон болон тэдний хүргэн ах Хайрам Пейж нарын хамт ой руу явав.34

Смитийн гэр бүлийнхний ганцаараа залбирахаар байнга очдог нэгэн газарт эдгээр эр цугларав. Их Эзэний зөвшөөрөлтэйгөөр Иосеф ялтаснуудыг ил гарган, тэдэнд харуулжээ. Тэд Гурван гэрчийн адил тэнгэр элчийг хараагүй боловч Иосеф тэдэнд ялтаснуудыг гартаа барьж, хуудсыг эргүүлэн, эртний бичээсийг нь шалгах боломж олгосон юм. Ялтаснуудыг гартаа барьж үзсэнээр тэнгэр элч болон эртний цэдэг үнэн хэмээх Иосефын гэрчлэлд итгэх тэдний итгэлийг баталгаажуулжээ.35

Орчуулга дуусаж мөн өөрийнх нь гайхалтай гэрчлэлийг дэмжих гэрчүүдтэй болсон тул Иосефт ялтаснууд хэрэггүй болов. Тэдгээр эрийг ойгоос гарч, байшин руу буцаж явсны дараа тэнгэр элч үзэгдэн, Иосеф ялтаснуудыг түүний халамжинд эргүүлэн өгсөн билээ.36