2010–2019
Сүмийн зөв нэр
2018 оны 10-р сар


Сүмийн зөв нэр

Есүс Христ Сүмийг Өөрийнхөө нэрээр нэрлэхэд биднийг чиглүүлж удирдсан, учир нь энэ бол Түүний хүчээр дүүргэгдсэн Түүний Сүм юм.

Хайрт ах, эгч нар минь, энэ үзэсгэлэнтэй сайхан Хүндэтгэлийн өдөр бид Их Эзэнээс ирсэн олон адислалдаа хамтдаа баясаж байна. Бид Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний тухай та нарын гэрчлэлд болон Түүний гэрээний зам дээр үлдэх юм уу эргэн ирэхийн тулд гаргасан золиослолуудад мөн Түүний Сүмд зориулсан үйлчлэлийн тань төлөө маш их талархаж байна.

Өнөөдөр би та нартай нэгэн тун чухал асуудлын талаар зайлшгүй ярих ёстой гэж мэдэрлээ. Хэдэн долоо хоногийн өмнө би Сүмийн нэрийг зөв хэлэх тухай нэгэн мэдэгдэл гаргасан билээ.1 Их Эзэн Өөрийн Сүмийн буюу Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн төлөө илчилсэн нэр хэчнээн чухал болохыг оюун санаанд минь ойлгуулан мэдрүүлсэн учраас би үүнийг хийсэн.2

Та нарын хүлээж байсанчлан, энэ мэдэгдэлд болон шинэчлэгдсэн хэв маягийн удирдамжинд3 янз бүрийн хариу үйлдэл үзүүлж байна. Олон гишүүн өөрсдийн блог, олон нийтийн сүлжээний хуудсан дээрээ Сүмийн нэрийг тэр даруй засаж бичсэн. Бусад нь дэлхий дээр болж байгаа энэ бүх зүйлийн хажуугаар ямар нэгэн ийм “авцалдаагүй” зүйлийг яагаад онцлох хэрэгтэй гэж хэмээн гайхсан. Мөн зарим нь огт бүтэхгүй юмыг оролдоод яах ч юм билээ гэж хэлсэн. Бид энэ асуудалд яагаад ийм нухацтай санаа тавих ёстойг би тайлбарлая. Гэвч эхлээд энэ хичээл зүтгэл чухам ямар зүйл биш вэ гэдгийг хэлье.

  • Энэ бол нэр өөрчилж буй хэрэг биш юм.

  • Энэ нь худалдааны тэмдэгт шинэчилж байгаа хэрэг биш.

  • Энэ бол өнгөлөн далдлалт биш.

  • Энэ бол илүү зан гаргаж байгаа хэрэг биш.

  • Энэ бол авцалдаагүй зүйл биш.

Харин энэ бол зөв болгож байгаа хэрэг юм. Энэ бол Их Эзэний зарлиг. Иосеф Смит сэргээгдсэн Сүмийг өөрөөрөө нэрлээгүй. Мормон ч мөн адил. “Учир нь эцсийн өдрүүдэд миний сүм ийн, бүр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм хэмээн нэрлэгдэх ёстой”4 хэмээн Аврагч Өөрөө хэлсэн билээ.

Үүнээс хамаагүй өмнө, МЭ 34 онд амилсан Их Эзэн Америк тивд айлчилж байхдаа Өөрийн Сүмийн гишүүдэд адил зааварчилгааг өгсөн. Тэр үед Тэрээр:

“Тиймийн тул та нар сүмийг миний нэрээр нэрлэх болно; …

Мөн энэ нь миний нэрээр нэрлэгдэхгүй аваас яахан миний сүм байх билээ? Учир нь хэрэв сүм Мосегийн нэрээр нэрлэгдсэн байвал энэ нь Мосегийн сүм; эсвэл хэрэв энэ нь хүмүүний нэрээр нэрлэгдсэн байвал уг сүм нь хүмүүний сүм байна; харин энэ нь миний нэрээр нэрлэгдвэл, … тэгвэл энэ нь миний сүм мөн”5 хэмээн хэлсэн.

Тиймээс Сүмийн нэр дээр харилцан тохиролцоо гэж байхгүй юм. Аврагч Өөрийнх нь Сүм ямар нэрээр нэрлэгдэх ёстойг тодорхой хэлэхдээ, тэр ч бүү хэл Тэрээр тунхаглалаа “миний сүм ийн … нэрлэгдэх ёстой” хэмээн эхэлснээрээ үүнд нухацтай хандаж байв. Хэрэв бид хочилсон нэрүүдийг хэрэглэж, хүлээн зөвшөөрч эсвэл бүр тэдгээр хочилсон нэрийг өөрсдөө дэмжвэл Тэр гомдох болно.

Нэрэнд учир байна уу эсвэл энэ тохиолдолд хочилсон нэрэнд учир байна уу? “ХҮГ Сүм,” “Мормоны Сүм” эсвэл “Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм” зэрэг Сүмийн хочилсон нэрүүдийг авч үзвэл хамгийн чухал зүйл нь гэвэл Аврагчийн нэр байхгүй байгаа явдал билээ. Их Эзэний Сүмээс Их Эзэний нэрийг авч хаях нь Сатаны томоохон ялалт юм. Бид Аврагчийн нэрийг хэрэглэхгүй байснаар Есүс Христийн бидний төлөө хийсэн бүхнийг, тэр тусмаа Түүний Цагаатгалыг өөрийн эрхгүй үл тоодог.

Үүнийг Түүний алсын хараагаар бодоод үзье. Тэрээр мөнх бус байдлын өмнөх амьдралд Хуучин Гэрээний Бурхан, Иехова байсан. Тэр Эцэгийнхээ удирдлаган доор энэ болон бусад дэлхийн Бүтээгч байсан.6 Тэрээр Эцэгийнхээ хүсэлд захирагдаж, өөр хэн ч хийж чадахгүй зүйлийг Бурханы бүх хүүхдэд зориулан хийхийг сонгожээ. Тэрээр алдар суугаа орхин, Эцэгийн Төрсөн Ганц Хүү болон дэлхий дээр махбодтой болж ирээд, балмадаар доромжлуулж, басамжлуулж, нулимуулж, ташуурдуулсан билээ. Гетсеманийн цэцэрлэгт Аврагч маань бүхий л өвчин, гэм нүглийг мөн та нарын төдийгүй миний, мөн амьдарч байсан эсвээс амьдрах бүгдийн хэзээ нэгэн цагт мэдрэх бүх зовлон зүдгүүр, шаналлыг Өөртөө авсан. Улам бүр шаналган зовоох ачаанаас болж Түүний сүв бүрээс цус шүүрсэн билээ.7 Энэ бүх зовлон шаналал Түүнийг Калваригийн загалмай дээр харгисаар цовдлогдох үед улам гаарсан.

Эдгээр шаналант тохиолдлоор буюу Түүний хэмжээлшгүй Цагаатгалаар дамжуулан Тэр мөнх бус амийг бүгдэд өгч, наманчлах нөхцөлтэйгөөр бидний хүн тус бүрийг гэм нүглийн нөлөөллөөс гэтэлгэсэн юм.

Аврагчийг амилсны дараа болон Түүний төлөөлөгчдийг нас барсны дараа дэлхий олон арван жилийн турш харанхуйд автав. Тэгээд 1820 онд Бурхан Эцэг Өөрийн Хүү Есүс Христийн хамт бошиглогч Иосеф Смитэд үзэгдсэнээр Их Эзэний Сүмийн сэргээлт эхэлсэн.

Түүний тэвчсэн бүгдийн дараа, Түүний хүн төрөлхтний төлөө хийсэн бүгдийн дараа бид Их Эзэний сэргээгдсэн Сүмийг өөрөөр нэрлэх бүрдээ Есүс Христийн ариун нэрийг хассаныг мөн үүнийг санаандгүй байдлаар үг дуугүй хүлээн зөвшөөрснийг олж мэдээд, би ихэд халаглалаа.

Ням гараг бүр бид ариун ёслолоос зохистойгоор хүртэхдээ Тэнгэрлэг Эцэгт Түүний Хүү Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авах хүсэлтэй байгаагаа гэрчилсэн ариун амлалтаа шинэчилдэг.8 Бид Түүнийг дагаж, наманчилж мөн зарлигуудыг нь дагаж, үргэлж Түүнийг санана гэж амладаг.

Бид Их Эзэний нэрийг Түүний Сүмээс хассанаараа Түүнийг амьдралынхаа гол хэсгээс санамсаргүй авч хаяагүй байгаа?

Аврагчийн нэрийг өөрсөд дээрээ авах гэдэг нь бусдад үйл хөдлөл, үг хэлээрээ Есүс бол Христ гэдгийг тунхаглаж, гэрчлэхийг хэлдэг. Бид Өөрийнх нь нэрээр нэрлэгдсэн Түүний Сүмийн нэрэнд Аврагчаа хамгаалж чадаагүй атлаа биднийг “мормончууд” хэмээн дуудах хэн нэгнийг гомдоохоосоо тэгтлээ айж байна уу?

Хэрэв хувь хүн болон хүмүүс биднийг цэвэршүүлэх, эдгээх, хүчирхэгжүүлэх, өсгөн нэмэгдүүлэх, цаашлаад биднийг өргөмжлөх Есүс Христийн Цагаатгалын хүчинд нэвтрэн орох ёстой бол Түүнийг тэр хүчний эх сурвалж гэдгийг маш тодорхой хүлээн зөвшөөрөх ёстой. Бид Түүний Сүмийг зарлигласан нэрээр нь нэрлэснээр үүнийг эхэлж чадна.

Дэлхийнхний ихэнхийн хувьд, Их Эзэний Сүм одоогоор “Мормоны Сүм” гэдгээр харагддаг. Гэвч Их Эзэний Сүмийн гишүүд бидний хувьд тэргүүнд нь хэн зогсдогийг мэднэ. Есүс Христ Өөрөө зогсдог. Харамсалтай нь, Мормон хэмээх нэр томьёог сонссон олон хүн биднийг Мормоныг шүтдэг гэж боддог. Тийм биш! Бид тэр Америкийн эртний агуу бошиглогчийг хүндэтгэн дээдэлдэг.9 Харин бид Мормоны шавь нар биш. Бид бол Их Эзэний шавь нар.

Сүм сэргээгдсэн эхний өдрүүдэд Moрмоны Сүм болон мoрмончууд10 гэдэг нэр томьёо эдгээр хожмын өдөр Есүс Христийн Сүмийн сэргээлт дэх Бурханы мутрыг оргүй алга болгох зорилгоор хэлсэн харгис болоод доромжилсон нэр томьёоны зүйрлэл байсан юм.11

Ах, эгч нар аа, Сүмийн зөв нэрийг сэргээхийг эсэргүүцсэн дэлхийн тайлбар дүгнэлт их бий. Бидний амьдарч байгаа цахим ертөнц Их Эзэний Сүмийнтухай мэдээллийг төдийгүй хэрэгтэй мэдээллээ бараг тэр даруй олоход бидэнд тусалдаг хайлтын хэрэгслийг оновчтой болгосон учраас шүүмжлэгчид энэ үед алдааг засах нь ухаалаг бус гэж хэлдэг. Бусад нь бид “мормончууд” болон “Мормоны Сүм” гэдгээрээ нийтэд танигдсан учраас үүнийгээ хамгийн сайн ашиглах ёстой гэж боддог.

Хэрэв энэ нь хүмүүний байгуулсан байгууллагын худалдааны тэмдэгтийн тухай яриа бол эдгээр тайлбар байж болно. Гэвч энэ нь Их Эзэний Сүм тул энэ чухал хэрэгт бид Их Эзэн рүү харж, Түүний зам хүмүүний замаас хэзээд өөр байсан, өөр байдаг, өөр ч байх болно гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Хэрэв бид тэвчээртэй байж мөн өөрсдийн хийх зүйлийг сайн хийвэл Их Эзэн биднийг энэ чухал даалгаврыг гүйцэтгэхэд удирдах болно. Эцсийн эцэст, Их Эзэн Нифайд далайг гатлан гарах усан онгоц барихад нь тусалсан шиг Түүний хүслийг эрэлхийлдэг тэдгээр хүнд тусалдгийг бид мэднэ.12

Бид эдгээр алдааг засахаар хичээхдээ эелдэг бөгөөд тэвчээртэй байхыг хүсэх болно. Хариуцлагатай мэдээллийн хэрэгслүүд бидний хүсэлтэд хариулахдаа уриалгахан хандах болно.

Өмнөх Ерөнхий чуулгануудын нэгэнд ахлагч Бенжамин Де Хоёс ийм нэгэн тохиолдлын тухай ярьсан. Тэрээр

“Хэдэн жилийн өмнө [хамтрагч бид хоёрыг] Мексик дэх Сүмийн олон нийттэй харилцах албанд үйлчилж байхад радиогийн нэвтрүүлэгт ярилцлага өгөхийг урьсан юм. … [Нэвтрүүлгийн найруулагчдын нэг] [биднээс] ‘Танай сүм яагаад ийм урт нэртэй байдаг юм бэ?’ … гэж асуулаа.

Хамтрагч бид хоёр энэ асуултыг тавьсанд баяртай байлаа. Сүмийн нэрийг ямар нэгэн хүн сонгоогүй, харин Аврагч өгсөн … хэмээн … бид тайлбарласан юм. Нэвтрүүлгийн найруулагч тэр даруй эелдгээр, ‘Бид энэ нэрийг хүндэтгэлтэйгээр хэлэх болно’ гэлээ”13 гэж өгүүлсэн.

Энэ тайлан загвар болж байна. Олон жилийн турш хүлээн зөвшөөрөгдсөн алдаануудыг аажмаар нэг нэгээр нь зөв болгоход хувь хүний зүгээс хамгийн сайн хичээл зүтгэл шаардагдана.14 Дэлхийн бусад хүн зөв нэрээр нэрлэж дуудахыг маань дагаж эсвэл дагахгүй ч байж мэднэ. Гэвч хэрэв дэлхийн ихэнх хүн Сүмийг болон түүний гишүүдийг буруу нэрлээд, бид мөн адил ингэж нэрлэдэг бол сэтгэлээр унах нь бидний хувьд шударга бус байх болно.

Үүнд манай шинэчлэгдсэн загварын удирдамж тус болно. Энд дурдсанаар “Сүмийг нэрийг хамгийн эхэнд дурдахдаа ‘Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм’ гэсэн бүтэн нэрийг ашиглах нь зүйтэй. Товчлох [хоёр дахь] шаардлага гарвал “Сүм” юм уу “Есүс Христийн Сүм” гэдэг нэрийг ашиглаж болно. Түүнчлэн ‘Есүс Христийн сэргээгдсэн Сүм’ гэдэг нэрийг хэрэглэх нь зөв зүйтэй бөгөөд үүнийг дэмжинэ.”15

Хэрэв хэн нэг нь “Та Мормон уу?” гэж асуувал та “Хэрэв та намайг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн үү гэж асууж байгаа бол тийм ээ, би мөн!” гэж хариулж болно.

Хэрэв “Та хожмын үеийн гэгээнтэн үү?”16 гэж хэн нэг нь асуувал та ”Тийм ээ, би мөн! Би Есүс Христэд итгэдэг бөгөөд Түүний сэргээгдсэн Сүмийн гишүүн” хэмээн хариулж болно.

Хүндэт ах, эгч нар минь, Их Эзэний Сүмийн зөв нэрийг сэргээхийн тулд бид хамгийн сайнаараа хичээвэл мөн энэ нь Түүний Сүм болохоор Тэрээр хожмын үеийн гэгээнтнүүдийн17 тэргүүн дээр урьд өмнө хэзээ ч үзэгдэж байгаагүйгээр Өөрийн хүч, адислалуудыг асгах болно гэдгийг би амлая. Бид Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний адислалуудыг үндэстэн, ястан, хэлтэн мөн хүмүүс болгонд хүргэж, Их Эзэний Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлдэхэд туслах Бурханы тухай мэдлэгтэй мөн хүчтэй байх болно.

Тиймээс, нэрэнд юу оршино вэ? Хариулт нь юу вэ гэвэл, Их Эзэний Сүмийн нэрэнд “Бүх зүйл!” орших болно. Есүс Христ Сүмийг Өөрийнхөө нэрээр нэрлэхэд биднийг чиглүүлж удирдсан, учир нь энэ бол Түүний хүчээр дүүргэгдсэн Түүний Сүм юм.

Бурхан амьдыг би мэднэ. Есүс бол Христ. Тэр өнөөдөр Өөрийн Сүмийг удирддаг. Би энэ бүхнийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.

Эшлэлүүд

  1. “Их Эзэн Өөрийн Сүмийн төлөө буюу Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн төлөө илчилсэн нэр хэчнээн чухал болохыг оюун санаанд минь ойлгуулан мэдрүүлсэн юм. Бид өөрсдийн зүгээс Түүний хүсэлд нийцүүлэх ажлыг хийх хэрэгтэй байна. Сүүлийн долоо хоногуудад Сүмийн янз бүрийн алба хэлтэс болон удирдагчид энэ ажлыг гүйцэтгэхийн тулд шаардлагатай арга хэмжээг авч эхлээд байгаа билээ. Ирэх саруудад энэ чухал асуудлын талаарх нэмэлт мэдээллүүдийг өгөх болно. (Рассэлл М.Нэлсон “Сүмийн нэр” [албан мэдэгдэл, 2018 оны 8-р сарын 16], mormonnewsroom.org.)

  2. Сүмийн өмнөх ерөнхийлөгчид үүнтэй адил хүсэлтүүдийг гаргаж байсан. Жишээлбэл. Ерөнхийлөгч Жорж Алберт Смит “Үүнийг Мормоны Сүм хэмээн нэрлэж, Их Эзэний урмыг бүү хугал. Тэрээр үүнийг Мормоны Сүм хэмээн нэрлээгүй” гэж хэлсэн байдаг (in Conference Report, Apr. 1948, 160–61).

  3. Загварын удирдамж—Сүмийн нэр,” mormonnewsroom.org-оос үзнэ үү.

  4. Сургаал ба Гэрээ 115:4

  5. 3 Нифай 27:7–8

  6. Moсе 1:33-ыг үзнэ үү.

  7. Сургаал ба Гэрээ 19:18-ыг үзнэ үү.

  8. Моронай 4:3; Сургаал ба Гэрээ 20:37, 77-г үзнэ үү.

  9. Мормон бол Мормоны Номыг бичсэн дөрвөн гол зохиогчийн нэг бөгөөд бусад нь Нифай, Иаков, Моронай нар билээ. Мормоны Номын сүнслэгээр өдөөгдсөн орчуулагч болох бошиглогч Иосеф Смитийн адил тэд бүгд Их Эзэнийг өөрсдийн нүдээр харсан гэрчүүд юм.

  10. Moрмончууд гэдэг үгийг бүр егөөдлийн нэр томьёонд оруулсан байлаа (History of the Church, 2:62–63, 126-г үзнэ үү).

  11. Бусад зүйрлэл Шинэ Гэрээний үед тохиолдож байсан мэт санагддаг. Төлөөлөгч Паулыг Феликийн өмнө шүүгдэх үед “Назарын бүлэглэлийн толгойлогч” (Үйлс 24:5) гэж хэлсэн. “Назарын” хэмээх үг хэллэгийн хэрэглээний талаар нэгэн нэвтрүүлгийн хөтлөгч “Энэ бол Христэд итгэгчдийг доромжлохдоо өгдөг нэр юм. Есүс Назарынх байсан учраас тэднийг ингэж дууддаг” гэж бичжээ (Albert Barnes, Notes, Explanatory and Practical, on the Acts of the Apostles [1937], 313).

    Үүнтэй адилаар өөр нэгэн хөтлөгч “Бидний Их Эзэн дооглонгуйгаар ‘Назарынх’ гэж нэрлэгддэг байсан шиг” (Matt. xxvi. 71), иудейчүүд шавь нараа мөн ‘Назарынх’ гэх болно. Tэд өөрсдийгөө Христэд итгэгчид юм уу Мессиагийн шавь нар гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдэгджээ (The Pulpit Commentary: The Acts of the Apostles, ed. H. D. M. Spence and Joseph S. Exell [1884], 2:231).

    Үүнтэй холбоотойгоор, ахлагч Нийл А.Максвэлл: “Судрын түүхийн туршид бид бошиглогчдыг хөөхийн тулд нэр төрийг нь гутаахыг мөн тэднийг сулруулахын тулд тэдэнд нэр хаяг зүүхийг байн байн оролдож байсныг хардаг. Гэхдээ ихэнхдээ тэднийг тухайн цаг үеийнхнээр нь үл тоомсорлуулж мөн ертөнцийн түүхэнд зүгээр л үл тоомсорлосон. Эцсийн эцэст, эртний Христийн шашинтнуудыг ‘Назарын бүлэглэл’ (Үйлс 24:5) ч гэж бараг дууддаггүй байв”’ (Үйлс 24:5.)” (“Out of Obscurity,” Ensign, Nov. 1984, 10).

  12. 1 Нифай 18:1–2-ыг үзнэ үү.

  13. Бенжамин Де Хоёс, “Гэгээнтэн гэж дуудагдах нь,” 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 115.

  14. Биднийг бусад хүн юу гэж нэрлэн дуудахад бид ямар ч хяналт тавьж чадахгүй ч өөрсдийгөө хэн гэхийг бүрэн дүүрэн хянаж чадна. Бид энэ Сүмийн гишүүдийн хувьд өөрсдөө хийгээгүй байж, Сүмийн зөв нэрийг хүндэтгэхийг бусдаас хэрхэн хүлээж чадах билээ?

  15. Загварын удирдамж – Сүмийн нэр,” mormonnewsroom.org.

  16. Ариун хүн гэдэг нэр томьёо Ариун Библид олонтоо хэрэглэгдсэн байдаг. Жишээлбэл, ефесчүүдэд бичсэн Паулын захианд тэр ариун хүн гэдэг үгийг бүлэг бүрд дор хаяж нэгийг хэрэглэсэн. Ариун хүн бол Есүс Христэд итгэж, Түүнийг дагахыг хичээдэг хүн юм.

  17. Сургаал ба Гэрээ 121:33-ыг үзнэ үү.