2010–2019
Хамтдаа үргэлжлүүлцгээе
2018 оны 4-р сар


Хамтдаа үргэлжлүүлцгээе

Та чуулганы энэхүү хоёр өдөр мэдэрсэн зүйлсээ санан, тунгаан бодох үед таны тэдгээрийг дагах хүсэл эрмэлзэл өсөн нэмэгдэнэ.

Хайрт ах, эгч нар аа, энэхүү түүхэн Ерөнхий чуулганыг өндөрлөх энэ мөчид би та бүхэнтэй хамт Их Эзэнд Түүний удирдамж, сүнслэг нөлөөний төлөө талархлаа илэрхийлэх гэсэн юм. Дуу хөгжим гайхалтай сайхан, сэтгэл сэргэм байлаа. Захиасууд маань сургамжтай байхын зэрэгцээ амьдралыг өөрчлөхүйц байв.

Бид онцгой ариун хуралдайгаар шинэ Тэргүүн Зөвлөлөө дэмжин баталлаа. Мөн хоёр агуу хүнийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгад дуудахын сацуу найман шинэ Далын Ерөнхий эрх мэдэлтнийг дуудлаа.

Дуртай дуулалд маань бидний шинэчлэгдсэн шийдвэр төгс байдал, сорилт, үүрэг даалгаврыг нэгтгэн дүгнэсэн байдаг.

Эзэний үйлийг бүгд хамтдаа үргэлжлүүлцгээе.

Энэ амьдралын дараа бид шагнал хүртэнэ.

Үнэний тулаанд тулалдахдаа хүчирхэг

Үнэний сэлмээ агсъя.

Өстөн чинь элэглэвч бүү ай

Эзэн бидний талд, чи өөдрөг бай

Нүгэлтний үгийг үл тоон, эс анхаарч

Их Эзэнээ л бид дагацгаах болно.1

Би та бүхнийг энэхүү чуулганы захиасыг ирэх зургаан сарын турш ойр ойрхон, бүр дахин давтан судална уу хэмээн хүсэж байна. Эдгээр захиасыг гэр бүлийн үдшээр болон сайн мэдээг заахдаа мөн гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө ярилцахдаа төдийгүй, цаашилбал өөр шашин шүтлэгтэй хүмүүстэй ярихдаа ашиглаж болох арга замыг шамдан эрэлхийл. Энэхүү чуулганаар заасан үнэнийг хайраар хуваалцахад олон хүн хүлээн авах болно. Мөн та чуулганы энэхүү хоёр өдөр мэдэрсэн зүйлсээ санан, тунгаан бодох үед таны тэдгээрийг дагах хүсэл эрмэлзэл өсөн нэмэгдэнэ.

Энэ ерөнхий чуулган тохинууллын нэгэн шинэ эрин үеийг эхлүүлж байна. Их Эзэн бидний нэг нэгнээ халамжилдаг арга замд чухал өөрчлөлтүүдийг хийлээ. Ахимаг насны мөн залуу ах, эгч нар нэг нэгэндээ шинэ мөн илүү ариун нандин арга замаар үйлчлэх болно. Ахлагчдын чуулгууд дэлхий даяарх эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн амьдралыг адислахын тулд хүчирхэгжих болно. Халамжийн нийгэмлэгийн эгч нар залуу эгч нарыг зохих ёсоор томилон, боломжуудаар хангаснаар өөрсдийн гэсэн өвөрмөц, хайраар дүүрэн арга замаар үргэлжлүүлэн тохинуулна.

Бид бүхний дэлхийнхэнд өгч буй захиас энгийн бөгөөд чин сэтгэлийнх билээ. Бидний захиас бол хөшигний хоёр талд байгаа Бурханы бүх хүүхдийг Аврагчдаа ирж, ариун сүмийн адислалыг хүлээн авч, үүрдийн аз жаргалыг мэдэрч, мөнх амьдралыг2 хүлээн авах эрхтэй болоход урих явдал юм.

Эцсийн өргөмжлөл нь бидний зүгээс энэ амьдралдаа Их Эзэний өргөөнд хүлээн авсан ёслол, хийсэн гэрээнүүддээ бүрэн итгэлтэй байхыг шаарддаг. Яг энэ цаг үед бидэнд үйл ажиллагаагаа явуулж буй 159 ариун сүм, барилгын явцдаа байгаа үүнээс ч олон ариун сүм бий. Бид Сүмийн өсөн тэлж буй гишүүдэд ариун сүмүүдийг илүү ойрхон болгохыг хүсдэг. Тиймээс бид дахиад долоон шинэ ариун сүмийн барилгын ажлын төлөвлөгөөг зарлах болсондоо таатай байна. Эдгээр ариун сүм нь дараах газруудад баригдах болно: Аргентиний Салта, Энэтхэгийн Бэнгалуру, Никарагуагийн Манагуа, Филиппиний Кагаяан дэ Оро, Ютагийн Лэйтон, Виржиниагийн Ричмонд, одоогоор тодорхойгүй байгаа Оросын томоохон хот.

Хайрт ах, эгч нар аа, эдгээр ариун сүмийн барилга та нарын амьдралыг өөрчлөхгүй байж болох ч ариун сүмд өнгөрүүлсэн цаг мөч өөрчлөх нь дамжиггүй. Иймээс би та бүхнийг ариун сүмд ороход илүү цаг зав гаргахын тулд хойш тавьж болох зүйлсээ олж тодорхойлоосой хэмээн адисалж байна. Мөн би та бүхнийг гэр орондоо илүү их эв нэгдэл, хайр энэрэлтэй байж, мөнхийн гэр бүлийн харилцаанд илүү ихээр санаа тавих хүсэл эрмэлзэлтэй байгаасай хэмээн адисалж байна. Түүнчлэн би та бүхнийг Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл тань өсөн нэмэгдэж, Түүний үнэнч шавийн хувьд дагах чадвар тань сайжраасай хэмээн адисалж байна.

Эцэст нь би та бүхнийг яг одоо миний хийж байгаатай адил, Бүхнийг чадагч Бурханы ажлыг хийж байгаагаа өөрсдийн гэрчлэлийн дуу хоолойг өргөн хуваалцаасай хэмээн адисалж байна! Есүс бол Христ. Энэ сүм бол Түүний Сүм бөгөөд Тэрээр энэ Сүмийг Өөрийн томилсон үйлчлэгчдээр дамжуулан удирддаг. Би та нарын хүн нэг бүрд хайртай гэдгээ илэрхийлж, энэ бүхнийг гэрчилж байна. Есүс Христийн ариун нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. “Let Us All Press On,” Hymns, no. 243.

  2. Сургаал ба Гэрээ 14:7-д “Бурханы бүх бэлгүүдээс хамгийн агуу бэлэг” хэмээн тодорхойлсон байдаг.