2000–2009
Томилогдсон газраа зогсогтун
2003 оны 4-р сар


Томилогдсон газраа зогсогтун

Бид нэг ч үнэт бодгалийг алдахгүйн тулд, замаасаа төөрөн одсон хүмүүст тусламжийн гараа сунган, тэднийг аврах болтугай.

Бид энэ үдэш санваарын хүчирхэг бие бүрэлдэхүүний хувьд Чуулганы төвд болон дэлхий даяарх байруудад цуглаад байна. Та нарын зарим нь Аароны, зарим нь Мелкизедек санваартай.

Ерөнхийлөгч Дэвид О.Маккэйн зөвлөхөөр үйлчилж байсан ерөнхийлөгч Стифэн Л.Ричардс “Санваар бол ерөнхийдөө ‘хүмүүнд өгөгдсөн Бурханы хүч’ юм гэж энгийнээр тодорхойлсон. Тэрээр мөн “Үүнийг би зөв тодорхойлолт гэж боддог. Гэхдээ би бодит зорилгынх нь хувьд санваарыг үйлчлэлийн талаас нь тодорхойлох дуртай бөгөөд үүнийг ‘үйлчлэлийн төгс төлөвлөгөө’ гэж байнга нэрлэдэг. … Энэ бол үйлчлэлийн зэмсэг … бөгөөд үүнийг ашигладаггүй хүн алдах магадлалтай. Учир нь үүнийг үл ойшоосон хүн ‘зохистойд тооцогдохгүй’ гэдгийг бидэнд илчлэлтээр хэлсэн байдаг” хэмээн тунхаглажээ.1

Би Солт Лэйк Ситид байдаг Пионер гадсанд байхдаа Аароны болон Мелкизедек санваарыг хоёуланг хүлээн авч, ялангуяа Сургаал ба Гэрээний 20, 84, 107-р хэсгүүдийг заалгаснаар судруудтай дотно танилцсан юм. Эдгээр хэсгээс бид санваарын тухай болон Сүмийн удирдлагын талаар мэдэж авдаг.

Өнөө орой би 107-р хэсгийн “Иймийн тул, эдүгээ хүн бүр өөрийн үүргийг мэдэж аваг, тэрээр томилогдсон албан тушаалдаа бүхий л хичээл зүтгэлээр ажиллаг”2 гэсэн нэг шүлгийг онцолмоор байна.

Ерөнхийлөгч Харолд Б.Лий “Санваартан болсон хүн Их Эзэний төлөөлөгч болдог. Тэрээр дуудлагынхаа талаар Их Эзэний ажил үүргийг гүйцэтгэж байна хэмээн бодох ёстой”3 хэмээн олонтоо заасан.

Түүнчлэн бид эдгээр хэсгээс чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн үүрэг хариуцлагын талаар болон өөрсдөөсөө гадна бусдын өмнө хариуцлага хүлээдэг гэдгийг сурдаг.

Би Сүмийг урьд өмнө байгаагүй тийм их хүчирхэг болсон гэдэгт баттай итгэдэг. Өсвөр үеийнхний маань үйл ажиллагаанд оролцож буй ирц тэднийг итгэлтэй бөгөөд үнэнд бишрэлтэй үеийнхэн гэдгийг нотолдог. Гэхдээ тэдний дунд Сүмийн үүргээ үл ойшооход хүргэдэг өөр бусад ашиг сонирхлыг олж хардаг, замаасаа төөрдөг зарим нэг нь бий. Бид тэрхүү үнэт бодгалиудыг алдах ёсгүй.

Ирээдүйн ахлагчдын маань дунд Сүмийн цуглаандаа ирдэггүйгээс гадна Сүмийн үүрэг даалгавраа биелүүлдэггүй хүмүүсийн тоо өсөн нэмэгдэж байна. Энэ байдлыг засаж залруулах хэрэгтэй. Энэ л бидний үүрэг. Үүрэг хариуцлагыг хойш тавилгүй оноож, хичээл зүтгэл гаргах хэрэгтэй.

Аароны санваарын чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл нь бишопын зөвлөлийн болон чуулгын зөвлөхүүдийн удирдлаган доор тэдэнд тусламжийн гараа сунган, тэднийг аварч чадна.

Их Эзэн “Бодгалийн үнэ цэн Бурханы мэлмийд агуу гэдгийг санагтун; … Мөн наманчилдаг сүнсэнд түүний баяр хөөр хэчнээн агуу их билээ!”4 хэмээн хэлсэн.

Заримдаа уг үүрэг даалгавар дааж давшгүй мэт санагдаж болно. Эртний Гидеон цөөхөн хүнтэйгээ хамт мидианчуудтай болон амалекчуудтай тулалдсан туршлагаас бид эрч хүч, эр зоригийг шинээр олж авч чадна. Гидеон болон түүний цэргүүд хүн хүч, зэр зэвсгийн хувьд хамаагүй давуу хүчтэй хэрхэн тулгарсныг та нар санаж байгаа байх. Хуучин Гэрээн дэх Шүүгчид номд мидианчууд, амалекчуудын нэгдсэн их цэрэг “хөндийд царцаа мэт олноороо ханаран байв. Тэдний тэмээнүүд нь далайн эргийн элс мэт тоо томшгүй олон байв”5 хэмээн цэдэглэгдсэн байдаг. Гидеон хүч чадал гуйн Бүхнийг Чадагч Бурханд ханджээ.

Гайхалтай нь Их Эзэн дайснуудыг нь Гидеоны гарт оруулж өгч, ингэснээр цэргийнх нь тоо дэндүү их өссөн тул тэднийг “Би өөрийн гараар өөрийгөө аварсан”6 гэж сайрхах вий гэсэндээ зөвлөгөө өгсөн байна. Гидеонд хүмүүстээ “Айж сүрдэж байгаа хэн боловч буц, Гилеад уулаас эртхэн холдогтун гэж тунхагла гэв. Ингэхэд хорин хоёр мянган хүн буцаж, арван мянган хүн үлдэв.”7

Харин үүний дараа ч гэсэн Их Эзэн “Ард олон мөн л дэндүү олон байна”8 хэмээн хэлжээ. Тэгээд тэр Гидеонд тэдний ус ууж байгаа маягийг ажиглахыг зааварлав. Усыг амандаа гараараа ойртуулан долоох хүн бүрийг нэг талд гаргаж, өвдөг дээрээ бөхийн ус ууж буй хүмүүсийг түүнчлэн тусад нь байлгав. Их Эзэн Гидеонд “Ус долоогч гурван зуун хүнээр Би та нарыг аварч, мидианчуудыг чиний гарт өгнө. Харин үлдсэн бүх хүнийг гэр гэрт нь хариул”9 гэж айлдав.

Гидеон их цэрэгтээ буцаж очоод, “Босогтун, ЭЗЭН, Мидианы хуаранг та нарын гарт өгчээ”10 гэж тунхаглажээ. Тэгээд тэр гурван зуун хүнээ гурван бүлэгт хуваарилж, хүн бүрийн гарт эвэр бүрээ болон хоосон ваар бариулж, ваарны дотор бамбар хийлгэв. Тэгээд тэр тэдэнд,

“Намайг харж, дуурайн үйлдэгтүн. Харагтун. Би цэргийн хуарангийн захад хүрээд юуг үйлдэнэ, та нар ч мөн адил үйлдэгтүн.

Би болон надтай хамт байгчид бүгд эвэр бүрээ үлээхэд, та нар ч бас хуаранг бүхэлд нь тойрон эвэр бүрээг үлээж дуугарган, ‘ЭЗЭНий төлөө, Гидеоны төлөө хэмээн хашхирагтун’ гэв.” Тэгээд тэр “Намайг дага” гэсэн ба үгчлэн өгүүлбэл, “Би юуг үйлдэнэ, та нар ч мөн адил үйлдэгтүн”11 гэж хэлжээ.

Удирдагчийнхаа дохиогоор Гидеоны цэргүүд бүрээ үлээн хүнгэнүүлж, ваараа цохиж хагалан, “Илд ээ, ЭЗЭНий төлөө болон Гидеоны төлөө” гэж чангаар хашхирав. Сударт энэхүү шийдвэрлэх тулалдааны үр дүнг: “Хүн бүр өөрийн байранд зогсоцгоо[сон]” бөгөөд тулалдаанд ялан дийлсэн хэмээн цэдэглэсэн байдаг.12

Гэрээр багшлах нь өнөө үеийн аврах төлөвлөгөөний нэг хэсэг юм. Ерөнхийлөгч Дэвид О.Маккэй үүнийг ерөнхий эрх мэдэлтнүүдэд танилцуулахдаа “Гэрийн багшлалт бол Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийг харж хандах, урамшуулан дэмжих мөн зааж зөвлөх хамгийн урамтай бөгөөд хамгийн чухал боломжуудын нэг юм. … Энэ бол бурханлаг үйлчлэл, бурханлаг дуудлага. Зүрх сэтгэл, гэр орон бүрд тэнгэрлэг сүнсийг аваачих нь гэрийн багш нарын үүрэг”13 хэмээн зөвлөсөн.

Мелкизедек санваартнуудын хүч дутагдаж буй зарим хэсэгт гадасны ерѳнхийлѳгч болон бишопууд номлолын ерѳнхийлѳгчтэй зѳвшилцсѳнѳѳр идэвх султай болон гэр бүлийнхнийх нь зарим нь гишүүн биш гэр бүлүүдэд айлчлан очиход бүрэн цагийн номлогчдыг ашиглаж болно. Энэ нь гэр орон дахь номлолын уур амьсгалыг сэргээхээс гадна, сүмийг сонирхож байгаа хүмүүсийн талаар баттай мэдээлэл олж авах боломжийг бүрдүүлдэг.

Намайг олон жилийн турш дэлхий даяарх олон гадсаар айлчлах үед, тэнд хэрэгцээ шаардлагын улмаас эсвэл үүрэг хариуцлагынхаа үүднээс хий хоосон санаа зовж суулгүй Их Эзэний тусламжтайгаар ханцуй шамлан гадагш гарч, олон эрийг Мелкизедек санваар хүлээн авах боломжтой болгож мөн эхнэр, хүүхдүүдтэй нь ажиллан, тэднийг ариун сүмд хишиг хүртээж, лацдан холбуулсан гадас, тойргийн удирдагчид олон байсан.

Би хэд хэдэн жишээг товч дурдъя.

Хэдэн жилийн өмнө би Солт Лэйк Сити дэх Миллкрийк гадсанд айлчлахдаа, өнгөрсөн жилийн туршид тэд 100 гаруй ирээдүйн ахлагч ахыг ахлагчаар томилсныг олж мэдсэн. Би ерөнхийлөгч Жэймс Клэггээс амжилтынх нь нууц юу болохыг асуусан юм. Хэдийгээр тэр нэр төр хөөцөлдөхөөргүй даруухан нэгэн байсан ч түүний зөвлөхүүдийн нэг нь ерөнхийлөгч Клэгг асуудлыг олж хараад, ахлагч болох боломжтой ах болгон руу өөрөө утсаар ярьж, уулзах цаг товлож байсан гэдгийг хэлсэн билээ. Уг уулзалтын үеэр ерөнхийлөгч Клэгг Их Эзэний ариун сүм, тэнд онцгойлон болдог авралын ёслол, гэрээнүүдийн талаар ярьдаг байсан ба ярилцлагынхаа төгсгөлд “Та үүрд мөнхөд гэр бүлтэйгээ хамт байж болохын тулд хайртай эхнэр, эрхэм нандин үр хүүхдүүдээ Их Эзэний өргөөнд авч орохыг хүсэхгүй гэж үү?” гэж асуудаг байжээ. Тэд ч санал нийлж, дахин идэвхжүүлэх үйл явц ч өрнөж, үр дүн ч гардаг байв.

1952 онд Рөүз Парк гуравдугаар тойргийн гэр бүлүүдийн ихэнх гишүүний эцэг эсвэл нөхөр нь Мелкизедек санвааргүй, дөнгөж Аароны санваартай байжээ. Л.Брэнт Гөүтэс ах бишопоор үйлчлэхээр дуудагдав. Тэр тойргийн идэвх султай ах Өрнэст Скиннэрийг тойргийнхоо насанд хүрсэн, Аароны санваарын багшийн үүрэг бүхий 29 ахыг идэвхжүүлж, гэр бүлтэй нь ариун сүмд оруулахад туслахыг урьсан аж. Скиннэр ах өөрөө идэвх султай гишүүн байсан болохоор эхэндээ дурамжхан байсан ч эцэст нь чадах чинээгээрээ зүтгээд үзье гэж хэлсэн байна. Тэр идэвхгүй, насанд хүрсэн багш нарын гэрээр өөрийн биеэр айлчилж эхэлсэн бөгөөд санваарын удирдагчдын хувьд орон гэртээ мөн эцэг, нөхөр хүний хувьд гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа олж харахад нь тэдэнд туслахыг хичээж байлаа. Тун удалгүй тэрээр идэвхгүй өөр хэдэн ахыг өөрийн энэ даалгаварт туслуулахаар элсүүлэв. Тэд нэг нэгээрээ дахиж бүрэн идэвхтэй гишүүд болсон бөгөөд гэр бүлтэйгээ ариун сүмд орсон юм.

Нэг өдөр тойргийн бичиг хэргийн ажилтан уг бүлгээс ариун сүмд орох гэж байгаа хамгийн сүүлийн хүнтэй мэндлэхийн тулд хүнсний дэлгүүрийн очероосоо гаран уулзсан байна. Хамгийн сүүлийн хүн гэдгээ тэр хүн хэлээд, “Тэр бүлгийнхэн бүгдээрээ тойрогтоо дахин идэвхжиж, ариун сүм рүү орохыг би харсан. Хэрвээ би ариун сүм хэчнээн үзэсгэлэнтэй мөн бас энэ нь миний амьдралыг хэрхэн эргэж буцалтгүй өөрчлөхийг төсөөлж чадах байсан бол, ариун сүмд лацдагдсан 29 хүний сүүлийнх нь байхгүй л байх байсан” гэжээ.

Эдгээр түүх бүрд дараах дөрвөн зүйл тэднийг амжилтад хүргэсэн. Үүнд:

  1. Идэвхжүүлэх ажил тойргийн хэмжээнд явагдсан.

  2. Тойргийн бишоп ч бас оролцсон.

  3. Шаардлага хангасан, сүнсээр өдөөгдсөн багш нарыг бэлтгэсэн.

  4. Хувь хүн бүрд анхаарал тавьсан.

Ах нар аа, “Та нар бусдадаа үйлчилж байгаа нь та нар зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа”14 хэмээх хаан Бенжамины өгсөн зөвлөгөөг санацгаая.

Бидний тусламж хэрэгтэй байгаа хүмүүст хүрч, тэднийг илүү өндөр, илүү сайн зам дээр гарган аварцгаая. Идэвхтэй байх замаасаа төөрөн гарсан санваартнуудын болон тэдний эхнэр, хүүхдүүдийн хэрэгцээнд анхаарлаа төвлөрүүлье. Бид тэдний зүрх сэтгэл дотроо хадгалж яваа үгсийг буюу

Надад замаа олоход туслан,

Хөтлөн удирдаач.

Түүнтэй амьдрахын тулд би

Юу хийх ёстойг заагаач15 гэх үгсийг сонсож болох юм.

Идэвхжүүлэх нь залхуу хойрго, мөрөөдөгч хүний ажил биш юм. Хүүхдүүд өсөж том болж, эцэг эх нь хөгширдөг ба цаг хугацаа хэнийг ч хүлээдэггүй. Сүнсний өдөөлтийг хойш тавилгүй, дагаж үйлдэх юм бол Их Эзэн замыг нээж өгөх болно.

Үүнд тэнгэрлэг зан чанар болох тэвчээр шаардагддаг. Би бишоп байхдаа нэгэн өдөр эхнэр, хүүхдүүд нь бага зэрэг идэвхтэй нэг хүн рүү утасд гэсэн сүнсний өдөөлтийг хүлээн авч билээ. Харин тэр эр над руу эргэж залгасангүй. Зуны нэгэн халуун өдөр би Харолд Г.Галлакэрын торон хаалгыг тогшлоо. Харолд ах сандал дээрээ суугаад, сонин уншиж байгааг би харав. Түүнийг дээш харалгүй, ‘Хэн бэ?’ гэж асуухад, би

“Бишоп чинь байна. Би тантай танилцаж, гэр бүлийнхэнтэйгээ манай цуглаанд оролцож байгаач гэж гуйх гэж ирлээ” гэж хариулсан юм.

“Үгүй ээ, би толгой өндийх завгүй байгаа” гэж тэр үл тоомсорлосон байдалтай хариулахдаа над руу харсан ч үгүй. Үгийг минь сонссонд би талархаад, босгон дээрээс нь буцав.

Галлакэрын гэр бүл ч удалгүй Калифорни руу нүүсэн юм. Олон жил өнгөрөв. Харин дараа нь намайг Арван хоёрын чуулгын гишүүний хувьд ажлынхаа өрөөнд ажиллаж байхад нарийн бичиг маань над руу залган, “Танай тойрогт амьдардаг байсан Галлакэр ах тантай яримаар байна гэнэ ээ. Тэр миний өрөөнд байна” гэж хэлэв.

“Вэст Тэмпл, 5-р Саут дээрх Виссинг Плэйст гэр бүлтэйгээ амьдардаг байсан Харолд Г.Галлакэр гэдэг хүн мөн эсэхийг асуу даа” гэж лавлахад,

тэр “Тийм ээ, тэр хүн мөн байна” гэж хариулсан юм.

Би ч түүнийг өрөөнд оруулчих гэлээ. Бид хоёр түүний гэр бүлийн талаар сайхан яриа өрнүүлэв. “Олон жилийн тэртээх нэгэн зун таныг гэртээ оруулалгүй бас сандлаасаа ч босолгүй явуулсныхаа төлөө би уучлал гуйхаар ирлээ” гэж хэлэхэд нь би түүнээс Сүмд идэвхтэй байгаа эсэхийг нь асуусан юм. Тэр үл ялиг жуумалзан инээмсэглээд, “Одоо би тойргийнхоо бишопын зөвлөлийн хоёрдугаар зөвлөхөөр үйлчилдэг. Сүмдээ яваач гэсэн таны урилга, миний татгалзсан хариулт намайг ихэд шаналгасан ба би энэ тал дээр ямар нэг юм хийе гэж шийдсэн юм” гэж хариулсан.

Харолдыг нас барахаас өмнө бид хоёр олон ч удаа уулзалдсан. Галлакэрын гэр бүлийнхэн болон тэдний хүүхдүүд Сүмийн олон дуудлагад үйлчилсэн юм. Яг одоо түүний хамгийн бага ач нарын нэг нь бүрэн цагийн номлолд үйлчилж байгаа.

Гэрчлэлийн үр тэр даруй үндэслэн, цэцэглэх нь ховор гэдгийг ажигласнаа би энэ үдэш сонсож байж болох олон номлогчид хандан хуваалцмаар байна. Хүнд хүргэсэн тус цаг нь болоход олон өдрийн дараа ч гэсэн буцаж ирдэг. Гэхдээ л эргэж ирдэг.

Нэгэн орой утас дуугарахад нь автал нэг хүн “Та олон жилийн өмнө Нью Ингланд Номлолд үйлчилж байсан ахлагч Монсоны хамаатан уу?” гэж асуулаа.

Би, үгүй ээ гэж хариулав. Уг хүн өөрийгөө Леонардо Гамбардэлла ах гэж танилцуулаад, олон жилийн өмнө ахлагч Монсон, ахлагч Боннэр хоёр гэр лүү нь утасдаж, өөрт нь болоод эхнэрт нь гэрчлэлээ хуваалцсан талаар дурдсан юм. Тэд үүнийг нь сонссон ч тэдний заасан зүйлсийг амьдралдаа хэрэгжүүлэх юу ч хийгээгүй ажээ. Дараа нь тэд Калифорни муж руу нүүсэн ба 13 жилийн дараа дахин үнэнийг олж, хөрвүүлэгдэн, баптисм хүртсэн аж. Тэгээд Гамбардэлла ах тэдэнтэй анх уулзсан тэр хоёр ахлагчтай холбогдох ямар нэгэн арга зам байгаа эсэх талаар асуун, өөрийнх нь болон эхнэрийнх нь сэтгэлд гүн шингэсэн гэрчлэлийнх нь төлөө талархмаар байгаагаа хэлсэн юм.

Би баримт материалыг шалгаж, уг хоёр ахлагчийг олсон юм. Аль хэдийн гэрлэж, өөрсдийн гэсэн гэр бүлтэй болсон тэдэнтэй би утсаар ярьж, дээр үед гаргасан хичээл зүтгэлийнх нь үр дүнгийн талаар сайхан мэдээ дуулгахад тэдний хэчнээн их гайхсаныг та нар төсөөлж байна уу? Тэд Гамбардэллагийн гэр бүлийнхнийг шууд л санасан. Би тэдэнд өөрсдөө баяр хүргэн, Сүмд тавтай морилно уу хэмээн урих боломж олгохын тулд тэднийг хооронд нь утсаар яриулах ажлыг зохион байгуулав. Тэд хоорондоо утсаар ярьсан бөгөөд баярын нулимс унагацгаасан юм.

Эдвин Маркам ийн бичиглэсэн байдаг.

Хэн ч өөрийн замаар ганцаар явдаггүй

Хамт явагсад нь ах дүүс болдог.

Хажуу дахь хүмүүстээ зориулсан бүхний

Хариу буцаж бидэнд ирдэг.16

Энэ үдэш санваар атгадаг бүх хүн өөрсдийн үүрэг хариуцлагыг мэдэрч, бид бас эртний Гидеоны адил өөр өөрийн томилогдсон газарт зогсон, өөрсдийн Удирдагч Их Эзэн Есүс Христийг мөн Түүний бошиглогч, ерөнхийлөгч Гордон Б.Хинклиг нэгэн хүн адил дагаасай хэмээн би залбирч байна. Бид нэг ч үнэт бодгалийг алдахгүйн тулд, замаасаа төөрөн одсон хүмүүст тусламжийн гараа сунган, тэднийг аврах болтугай.

Есүс Христийн ариун нэрээр, амен.