2022
Унадаг дугуйгаар дүрсгүйтсэн нь
2022 оны 3, 4-р сар


Унадаг дугуйгаар дүрсгүйтсэн нь

Найзууд нь үүнийг хөгжилтэй байх болно гэцгээлээ. Гэвч энэ нь зөв биш юм шиг санагдаж байв.

Зураг
three boys sitting by bikes at a park

Сэм толгодын орой руу гарахаар дугуйгаа чадлынхаа хэрээр хурдан жийлээ. Тэр урагшаа зүтгэж байв. Салхи түүний үсийг намируулан хүчтэй үлээж байлаа. Түүний найз Лиам түүний хажууд мөн жийсээр явна.

“Ядарч байна уу?” гэж Лиам асуув.

“Огтхон ч үгүй!” гэж Сэм хариуллаа.

Тэдний найз Эрик аль хэдийн толгодын орой дээрх цэцэрлэгт хүрээлэнд очсон байв.

Komm schon! Алив ээ!” гэж тэр ориллоо.

Сэм, Лиам хоёр толгодын оройд хүрлээ. Хөвгүүд дугуйгаа зогсоолд байрлуулаад, модны доор сууцгаав.

Лиам чулуу авч, шидсэнээ “Уйдаж байх чинь ээ” гэв. Швейцарь дахь тэдний жижигхэн тосгонд очоод байх газар олон байдаггүй байлаа.

“Би ч гэсэн” гэж Эрик хэлэв. Тэр мөчрөөр шороон дээр зурлаа.

“Бид дугуйгаа үргэлжлүүлэн унаж болох юм” гэж Сэм хэллээ.

Лиам царайгаа ярвайлгав. “Бид дандаа л дугуй унадаг шүү дээ.

Ямар нэг зугаатай зүйл хийцгээе л дээ!” гэж Эрик хэллээ. Тэр үсэрч босоод, унадаг дугуйнууд байрлуусан зогсоол руу алхав. Сэм, Лиам хоёр түүнийг дагалаа.

Сэмд эвгүй мэдрэмж төрөв. Заримдаа Эрик, Лиам хоёрын зугаатай гэж бодсон зүйл түүнд зугаатай санагддаггүй байв. Эрик, Лиам хоёр анги дээрээ бусад хүүхдийг шоглож мөн бүдүүлэг үгс хэрэглэх дуртай байлаа. Гэхдээ энэ удаа арай өөр байж магадгүй юм.

Түүнээс гадна, Сэмийн ангид эрэгтэй хүүхэд олон байдаггүй байв. Тэр Эрик, Лиам хоёртой л найзлахгүй бол өөр хэнтэй ч найзлах билээ?

“Бүх дугуйны хийн хошууных нь тагийг авчихъя.” “Тэгээд модны хажууд нууя” гэж Эрик шивнэлээ. Тэр гялалзсан улаан унадаг дугуйны хажууд өвдөглөж суугаад, нэг дугуйны хийн хошууных нь тагийг авчихав.

Лиам инээгээд, “Тийм ээ! Үнэхээр зугаатай юм болно доо” гэж хэлэв.

Сэм санаа алдав. Үгүй дээ. Энэ удаа өөр биш байв. “Мэдэхгүй ээ. Бид зүгээр явах хэрэгтэй байх аа” гэж тэр хэлэв.

Эрик Сэмийн гарыг цохив. “За алив ээ” гэж тэр хэллээ. “Хэн ч хараагүй л байна шүү дээ.

Зүгээр л нэг жижиг эд анги шүү дээ. Байхгүй болсныг нь хэн ч мэдэхгүй дээ” гэж Лиам хэлэв.

Сэм өөрийн таагүй мэдрэмжийг тоохгүй байхыг хичээж байлаа. Дугуйн хийн хошууны тагийг авлаа гээд унадаг дугуйг эвдлэхгүй. Тэр мөрөө хавчаад, толгой дохилоо.

Хөвгүүд гурвуулаа дугуйнуудын хийн хошууны тагийг хурдхан тайлж аваад, мод руу буцаж гүйлээ. Тэд бүх тагийг чулууны доор нуугаад, унадаг дугуйнуудыг ажиглахаар доош суулаа. Лиам, Эрик хоёр хөхрөлдөж байв.

Удалгүй нэг хүн алхан ирж, унадаг дугуйныхаа түгжээг аваад дугуйгаа унан давхин одлоо.

“За харав уу? Тэр анзаарсан ч үгүй” гэж Лиам хэлэв.

Гэхдээ би анзаарсан гэж Сэм бодлоо.

Өдрийн турш Сэм хийн хошууны тагуудын талаар бодохгүй байж чадсангүй. Тэр тэдгээрийг буцааж өгөхийг хүсэж байсан ч унадаг дугуйны эзнийг олох боломжгүй байв. Тэр өвдөглөн суугаад, Тэнгэрлэг Эцэгт энэ тухайгаа хэллээ.

“Надад муухай санагдаж байна. Би үүнийг хийгээгүй байсан ч болоосой. Намайг өршөөгөөч, Тэнгэрлэг Эцэг минь” гэж Сэм хэллээ.

Дараагийн өдөр нь Сэм болон түүний найзууд нөгөө цэцэрлэгт хүрээлэн рүүгээ унадаг дугуйгаа унан дахин явав.

“Дахин нэг удаа хийн хошууны тагуудыг авъя” гэж Эрик хэллээ.

Дахиад ганц удаа гээд Лиам санал нийлэв.

Сэм өөрийн залбирлыг саналаа. Энэ удаа тэр арай илүү зоригтой байв.

“Энэ удаа тэгэх шаардлагагүй гэж би бодож байна” гэж тэр хэллээ.

“Яагаад үгүй гэж?” хэмээн Лиам хөмсгөө зангидаад, “Өчигдөр хэн ч анзаараагүй шүү дээ” гэж хэлэв.

“Хэн нэгэн миний унадаг дугуйгаар оролдохыг би хүсэхгүй байх байсан” гэж Сэм хэлээд, найзууд нь хариу хэлэхээс өмнө унадаг дугуйн дээрээ үсрэн суулаа. “Нарийн боовны газар луу уралдацгаая” гэж тэр хашхирлаа. Тэгээд тэр чадлынхаа хэрээр хурдан жийж эхлэв.

Эрик, Лиам хоёр мөн унадаг дугуйн дээрээ суув.

“Шударга биш байна шүү! Чи түрүүлээд хөдөлчихлөө” гэж Лиам орилов.

Түүний найзууд араас нь жийхэд Сэм инээмсэглэв. Тэр Тэнгэрлэг Эцэгт баярлалаа гэж шивнэж байлаа. Түүнд хамаагүй илүү сайхан мэдрэмж төрөв.

Зураг чимэглэлийг Шэйн Клэстэр

Хэвлэх