2014
Бид бэлтгэлтэй байна уу?
Бич 2014


Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг, 2014 оны 9-р сар

Бид бэлтгэлтэй байна уу?

Сүм миний амьдарч мөн үйлчилдэг байсан газарт тахианы аж ахуйн төсөл хэрэгжүүлдэг байсан бөгөөд ажилчдын ихэнх нь орон нутгийн тойргуудын сайн дурынхан байлаа. Энэ төсөл нь ихэнхдээ үр ашигтай байсан бөгөөд бишопын агуулахыг олон мянган өндөг, хэдэн зуун кг тахианы махаар хангадаг байв. Хэдийгээр сайн дурын, хотын аж ахуйн фермерүүд байсан ч гэсэн заримдаа ажлын ачааллаас болоод гар цэврүүтэх байтугай сэтгэл санаагаар унах явдал ч гардаг байлаа.

Бид нэгэн удаа төслийнхөө ажлын хаврын цэвэрлэгээнд Аароны санваартан залуу эрэгтэйчүүдийг цуглуулан оролцуулж байсныг би үргэлж санан дурсах болно. Эрч хүчтэй, урам зоригтой манай залуус нэг дор цугларч, хогийн ургамал, хог хаягдлыг хурдан шуурхай үндсээр нь зулгааж, хурааж мөн шатаасан юм. Бид түүдэг гал дээр шарсан зайдас идэж, ажлаа сайн хийсэндээ баясан, бие биедээ баяр хүргэж билээ.

Харамсалтай нь, нэгэн том асуудал үүссэн юм. Тэрхүү их дуу чимээ, гал зэрэг нь эмзэг мэдрэмтгий 5000 эм тахиаг тун их цочроосны улмаас ихэнхийнх нь өд сөд унаж, өндөглөхөө больсон байлаа. Түүнээс хойш тэднийг илүү их өндөглөдөг болгохын тулд бага зэрэг хогийн ургамал үлдээж байх хэрэгтэй юм байна гэдгийг бид хүлээн зөвшөөрч билээ.

Тусламж хэрэгтэй хэн нэгэнд тусалсан сүмийн ямар ч гишүүн олж авсан туршлагаа мартах юм уу түүндээ хэзээ ч харамсдаггүй. Хичээл зүтгэлтэй, арвич хямгач, бие даасан байх болон бусадтай хуваалцах зэрэг нь бидний хувьд шинэ зүйл биш юм.

Сүм дэх гэр бүл бүр хоол хүнс, хувцас хунар, амьдралын хэрэгцээт бүх л боломжтой зүйлийг нөөцлөх нь агуулахын хамгийн сайн арга гэдгийг бид санаж явах хэрэгтэй. Их Эзэний агуулах нь сүмийн итгэлтэй гишүүдийн цаг хугацаа, авьяас билэг, ур чадвар, энэрэл, ариулан адислагдсан эд материал, санхүүгийн арга хэрэгсэл зэргийг багтаадаг юм. Эдгээр нөөц нь бишопыг тусламж хэрэгтэй хүмүүст туслах боломжтой болгодог.

Бид бүх хожмын үеийн гэгээнтэнг ухаалаг төлөвлөж, арвич хямгач амьдрах, шаардлагагүй хэт их өр зээлээс зайлсхийхэд уриалж байна. Хоол хүнс, хувцас хунар нөөцөлж, өр тавихгүй байснаар тохиолдож болох санхүүгийн хямралыг маш олон хүн даван гарах болно. Гэвч өнөөдөр олонх нь өр зээл хийх, хоол хүнс нөөцлөхгүй байх зэргээр уг зөвлөгөөг үл тоомсорлосоор байна.

Хэдэн жилийн өмнө Тэргүүн Зөвлөлөөс:

“Хожмын үеийн гэгээнтнүүдэд бага багаар мөнгө хадгалснаар зовлон бэрхшээл тохиолдох үед бэлтгэлтэй байх тухай олон жилийн турш зөвлөж ирсэн. Уг зөвлөгөөг дагах нь хэмжээлшгүй их хамгаалалт, сайн сайхан амьдралыг авчрах болно. Гэр бүл болгон чадах чинээгээрээ өөрийн хэрэгцээг хангах үүрэг хариуцлага хүлээх хэрэгтэй.

Бид та бүхнийг дэлхийн хаана амьдарч байгаагаасаа үл шалтгаалан өөрсдийнхөө санхүүгийн нөхцөл байдалд анхаарлаа хандуулж, зовлон бэрхшээлд бэлтгэлтэй байхад зоригжуулж байна. Мөн үрлэг зарлагадаа даруухан байж, өр тавилгүй юм худалдаж авдаг байхад суралцаасай гэж та нараас хичээнгүйлэн хүсэж байна. Өр зээлээ аль болох түргэн буцаан төлж, өөрсдийгөө боолчлолоос чөлөөл. Бага хэмжээний мөнгийг тогтмол хадгалснаар аажмаар санхүүгийн нөөцтэй бол” хэмээн тунхагласныг би давтан хэлье.1

Бид амьдралдаа тохиолдож болох гэнэтийн нөхцөл байдалд бэлтгэлтэй байна уу? Бид ур чадваруудаа хөгжүүлж байна уу? Бидэнд ямар нэг нөөцөлсөн зүйл байгаа юу? Бид Бурханы зарлигуудад дуулгавартай байна уу? Бид бошиглогчдын заасан зүйлсийг дагаж байгаа юу? Бид ядуус болон тусламж хэрэгтэй хүмүүст туслахад бэлтгэлтэй байна уу? Бид Бурханд шударга байна уу?

Өнөөдөр бид бэрхшээлээр дүүрэн цаг үед амьдарч байна. Ирээдүйд юу болохыг тааж мэдэх аргагүй юм. Тиймээс тааж болшгүй зүйлсэд бид бэлэн байх хэрэгтэй. Шийдвэр гаргах цаг ирэхэд бэлтгэх цаг хэдийн өнгөрчихсөн байх болно.

Эшлэл

  1. Тэргүүн Зөвлөл, Бүх зүйл аюулгүйгээр хураагдсан: Гэр бүлийн төсөв (товхимол, 2007).

Энэ захиасаас заах нь

Айлчлан очиж буй хүмүүсийнхээ хэрэгцээг анзаарч, тэдэнд ажил эрхлэх, санхүүгийн болон хүнсний нөөц хийх эсвэл гэнэтийн нөхцөл байдалд илүү бэлтгэлтэй байх зэргээр бие даах чадвартай болоход нь хэрхэн туслах арга замуудын талаар бод. Тэднийг ерөнхийлөгч Монсоны зөвлөгөөг дагахад дэмжлэг үзүүлж, цэцэрлэгжүүлэх, мөнгө санхүүгээ зөв зохицуулах зэрэг мэдлэг чадвараасаа хуваалцах талаар тунгаан бодно уу.