Тэргүүн зөвлөлийн гишүүд бол Есүс Христийн төлөөлөгчид юм. Тэд бусад төлөөлөгчийн хамт дэлхий даяар Есүс Христийн тухай зааж, гэрчлэхээр дуудагдсан онцгой гэрчүүд юм. Тэд ойр ойрхон аялж, Сүмийн гишүүд болон бусад хүмүүсийн томоохон цугларалтуудад хандан, тэднийг урамшуулан дэмжиж, Сүмийн удирдагчидтай уулздаг. Тэд дэлхий даяарх Сүмийн сая сая гишүүдэд нөлөөлдөг асуудлуудыг авч хэлэлцэхдээ Есүс Христээс удирдамж эрэлхийлдэг. Эдгээр асуудалд номлолын ажил, хүмүүнлэгийн тусламж, ариун сүмийн үйлчлэл, сайн мэдээг заах болон бусад олон зүйл ордог.
Сүмийн ерөнхийлөгч нь үргэлж ахмад төлөөлөгч буюу Арванхоёр төлөөлөгчийн чуулгын гишүүнээр хамгийн удаан хугацаагаар үйлчилсэн хүн байдаг. Сүмийн ерөнхийлөгчийг нас барахад дараагийн ахмад төлөөлөгч нь Сүмийн ерөнхийлөгч болж, Тэргүүн зөвлөлд өөртэйгөө хамт үйлчлэх зөвлөхүүдийг сонгодог. Арванхоёр төлөөлөгчийн чуулгын бүх гишүүн “бошиглогч, үзмэрч, илчлэгчид” хэмээн дэмжин батлагддаг хэдий ч “бошиглогч” гэдэг нэр томьёо нь Сүмийн Ерөнхийлөгчийг хэлж байгаа юм.
Их Эзэн Тэргүүн зөвлөл болон Арванхоёр төлөөлөгчийн чуулгын сүнсээр өдөөгдсөн захиасуудаар дамжуулан Өөрийн Сүмд заавар өгч, түүний дотор амьдралд тулгардаг сорилт бэрхшээлүүдийг даван туулахад нь гишүүдэд туслах удирдамжийг өгдөг.
Сүмийн анхны бошиглогч Иосеф Смит Тэргүүн зөвлөлийг анх зохион байгуулсан юм.