2010–2019
Цагаатгал
Аравдугаар сар 2012


Цагаатгал

Манай гишүүд хийгээд номлогчид хаана байгаагаас үл хамааран бидний чухалчлан өгдөг ганц захиас бол Аврагч Есүс Христэд итгэх итгэл ба найдварын талаар байдаг билээ. Бидний эргэн тойронд маань байгаа зовж шаналж,хүнд ачаа үүрч байгаа тэдгээр хүмүүст би хандан өөрийн захиасыг ярина.

Би 1971 онд Уполо арал дээр шинэ гадас зохион байгуулах үеэр Баруун Самоагийн гадаснуудын чуулганд оролцохоор томилогдсон юм.

Ярилцлагууд хийснийхээ дараа Саваий арал руу гадасны чуулган явуулахаар нэгэн жижигхэн онгоцоор нисэв. Онгоц Фаала дахь зүлэгт талбай дээр газардсан бөгөөд маргааш үдээс хойш нь биднийг Уполо арал руу аваачихаар ирэх ёстой байлаа.

Саваийгаас бидний буцах ёстой байсан өдөр бороо орж байлаа. Онгоц нойтон талбай дээр газарддаггүйг мэдэх учир оройн хэсэг дээрээ онгоцны гүйлтийн зурвас бүхий арлын баруунтаа машинаар хүрч очив. Бид харанхуй болтол хүлээсэн ч онгоц ирсэнгүй. Эцэст нь тэнд хүчтэй шуурга болоод онгоц хөөрөөгүйг радиогоор бидэнд өгсөн мэдээнээс олж мэдсэн юм. Бид завиар явах болсноо эргүүлээд радиогоор мэдэгдэв. Мулифануад бидэнтэй хэн нэгэн нь ирж уулзах ёстой байв.

Биднийг Саваийгийн боомтоос хөдлөх гэж байтал 12 метр урт усан онгоцны ахмад манай номлолын ерөнхийлөгчөөс гар чийдэн байгаа эсэхийг асуув. Аз болоход түүнд гар чийдэн байсан тул түүнээ ахмадад өглөө. Догшин давалгаат далайгаар 21 километр сэлж байж Уполо арлыг гатлав. Энэ арал дээр халуун орны аймшигт шуурга эхэлснийг бидний хэн нь ч анзаарсангүй, харин бид бүр шуургыг сөрөн хөвж явсныг яана.

Бид Мулифануа боомт дээр ирлээ. Тийш очихын тулд усан доорх хад бүхий нарийхан хавцлаар гарах хэрэгтэй болов. Далайн эргийн дээдэх толгодын орой дээрх гэрэл болон арай доохнуур нь харагдах нэмэлт гэрэл хавцлыг зааж өгдөг юм байна. Нэг гэрэл нөгөөгийнхөө дээрээс гэрэлтүүлдэг учир усан онгоц аюултай том хаднуудын дундуур сүлжин, хонгилоор нэвтэрч гардаг ажээ.

Гэвч тэр шөнө тэнд ганцхан гэрэл байлаа. Очих газарт маань хоёр ахлагч биднийг хүлээж байх ёстой байсан ч, тийш очих бидний явдал сунжирсаар л байлаа. Усан онгоц дохио өгөхийг хэдэн цагийн турш хүлээсний эцэст ядарсан, мөнөөх хоёр ахлагч нэмэлт гэрлээ асаахаа мартаад унтчихсан байлаа. Үүнээс болж усан доорх хадны хоорондох хонгилоор явах зам хүндрэлтэй болов.

Ахмад эрэг дээрх дээд гэрлээр баримжаалан чадах чинээгээрээ маневр хийхэд хөлгийн багийн хэн нэг нь зээлдсэн гар чийдэнгээ өмнөх хаднууд руу тусгаж байлаа. Бид давалгаа усан доорх хаднуудыг цохих чимээг сонсон, гар чийдэнгээрээ хаднуудыг гэрэлтүүлэхээр ойрхон зайд ойртож ирэхэд ахмад галзуу мэт орилон буцахыг шаардан ухарна. Тэгээд хонгил дундуурх замыг олохыг хичээн дахин урагшилна.

Ахмад олон удаа оролдсоны эцэст хонгилыг олж чадахгүй юм байна гэдгээ мэджээ. Бидний зорьсон газар бол 64 км-ийн цаана орших Апиа дахь боомт юм. Бид шуурганы аймшигт хүчний эсрэг үнэндээ юу ч хийж чадсангүй. Би тийм тас харанхуй шөнийг харж байснаа огт санахгүй байлаа.

Хөдөлгүүр бүрэн хүч чадлаараа ажиллаж байсан ч, бид бүтэн цагийн турш юу ч хийж чадсангүй. Усан онгоц уул шиг өндөр давалгааг сөрөн хүчлэн зүтгэх тэр хоромд давалгаа буцмагц моторын сэнс ил гарч, хий эргэснээ, зогсчихоод байв. Усан онгоцыг давалгааны нөгөө тал руу гулган ороход сэнс усан онгоцыг бараг л хэдэн хэсэг болтол салгах гэж буй мэт хүчтэй эргэлдэнэ.

Бид тавцангаас шидэгдчихгүйн тулд хоёр гараараа нэг талынх нь хэтэгнээс бариад, хөлийнхөө хуруугаар нөгөө талынх нь хэтэгнээс зууран яг л онгоцны ачааны хучлага мэт хөл гараа алдлан явж байлаа. Марк Литтлфорд ах барьцаа алдсанаас болж шидэгдэн доор байх төмөр бариулд цохиулав. Толгой нь шалбарсан ч, төмөр бариул түүнийг тавцангаас шидэгдэхээс хамгаалсан юм.

Бид тийн цааш хөдөлсөөр, үүр цайхын алдад Апиагийн боомтод арайхийн хүрэв. Аюулгүй байдлын усан онгоцуудыг хооронд нь холбож уясан байлаа. Олон усан онгоц зэрэгцэн зогссоноос болж, зогсоол хаагдсан байв. Бид онгоцныхоо тавцан дээр унтсан хүмүүсийг сэрээхгүйн тулд, тэдний дундуур чимээ гаргалгүй явж өнгөрөв. Бид Песегад ирж хувцас хунараа хатаагаад, шинэ гадас байгуулахаар Вайлуутай руу хөдөлсөн билээ.

Биднийг Мулифануагийн эрэгт хэн хүлээж байсныг би мэдээгүй. Тэдний тухай надад хэлээд хэрэггүй гэж би өөрөө хүссэн юм. Гэвч бид бүгд нэмэлт гэрэлгүйгээр төөрөх байсан нь үнэн билээ.

Бидний дууллын номонд маш эртний бөгөөд тун ховор дуулагддаг ч надад маш их онцгой учир утга бүхий нэг дуулал байдаг.

Эцэгийн минь энэрлийн хурцаар

Эгнэгт биднийг гийгүүлэх гэрэлт цамхагт,

Эрэг дээрх гэрлүүдийг

Ээлжгүй манах үүрэг нь биднийх.

Далайн мандал дээгүүр гэрэлтэж байхаар

Нэмэлт гэрлээ үргэлж асаацгаая.

Доройтож ядарсан, даруухан далайчныг

Дээдлэн энэрч, авран хамгаалцгаая.

Түнэр харанхуй хилэнцэт шөнөөр

Түрэх давалгааны догшин чимээ гаарна.

Төөнөх адил ширтэх хурц нүд,

Тэртээх эргийн гэрлүүдийг ширтсээр байна.

Давалгаанд шидэгдсэн хөөрхий далайчин

Даамай ихээр хичээж явна, боомт руу.

Харанхуйд төөрөхвий хөөрхий тэр,

Хурц гэрэлт дэнлүүгээ сайн манаарай, дүү минь. 1

Би өнөөдөр алдагдсан болон эргэж ирэх замаа олохын тулд нэмэлт гэрлийг хайж яваа хүмүүст хандан ярих болно.

Бид мөнх бус амьдралд төгс төгөлдөр байж чадахгүй нь анхнаасаа ойлгомжтой байсан. Хуулийг огт зөрчилгүйгээр амьдрахыг биднээс хүсэн хүлээгээгүй юм.

“Учир нь эгэл хүн бол Бурханы дайсан, мөн Адамын уналтаас тийм байсаар ирсэн, мөн тэрээр Ариун Сүнсний таталтанд автагдан, эгэл хүмүүнээ орхиж мөн Их Эзэн Христийн цагаатгалаар гэгээнтэн болж, ... үүрд мөн үргэлж тийм байх болно.”2

Агуу Үнэт Сувдаас бид “[Бурханы Хаант улсад] ... цэвэр ариун бус зүйл ... оршиж чадахгүй”3 гэдгийг ойлгодог бөгөөд үүний тулд нүгэл үйлдсэн хүмүүст наманчилж, Тэнгэр дэх Эцэгийнхээ өмнө дахин нэгэнтээ очихдоо зохистой болох арга зам өгөгдсөн билээ.

Амьдралаа төгс төгөлдрөөр авч явсан, ямар ч гэм нүгэл үйлдээгүй Зууч, Гэтэлгэгч сонгогдож, “харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэй хэний ч төлөө хуулийн шаардлагуудыг хангаж, тэрээр нүглийн золиос болгон өөрийгөө өргө[сөн билээ]; мөн хуулийн бүх шаардлагууд өөр хэний ч төлөө хангагдаж чадахгүй.”4

Цагаатгалын ач холбогдлын талаар Алмагаас бид “Учир нь цагаатгал хийгдэх нь зайлшгүй юм; ... эс бөгөөс бүх хүн төрөлхтөн гарцаагүй мөхөх ёстой.”5гэдгийг ойлгож авдаг.

Хэрэв та нар алдаа гаргадаггүй бол та нарт Цагаатгал хэрэггүй байх байсан. Бид бүгд л жижиг эсвэл ноцтой аль нэг байдлаар алдаа гаргадаг. Хэрэв та бид дахин харанхуйд байхгүйн тулд бүх алдаагаа хэрхэн арилгахыг олж мэдэх агуу хэрэгцээ бид бүгдэд байх л болно.

“[Есүс Христ] бол дэлхийн гэрэл хийгээд амь амьдрал болой.”6 Бид Түүнд болон Түүний сургаалуудад анхаарлаа төвлөрүүлснээр бид сүнслэг байдлын аюулгүйн боомт уруу удирдагдах болно.

Итгэлийн Тунхагийн гуравт, “Христийн Цагаатгалаар дамжин Сайн мэдээний хуулиуд хийгээд ёслолуудад дуулгавартай байснаар бүх хүн төрөлхтөн аврагдана гэдэгт бид итгэдэг”7 гэсэн байдаг.

Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит ингэж сургасан юм: “Хүн өөрийн гэм нүглийг өршөөж чадахгүй; тэд өөрсдийгөө нүглийнхээ үр дагавраас цэвэрлэж чадахгүй. Хүн нүгэл үйлдэхээ болиод, ирээдүйд зөвийг хийж чадах ч, зөвхөн тэдний үйлдэл нь Их Эзэний өмнө л зохистой [болоход] хүлээн авагдах ёстой юм. Өөрсдөө засаж залруулах нь тэдэнд боломжгүй мэт санагдаж байгаа, өөрсдөдөө болон бусдад хийсэн буруу зүйлсийг хэн засаж чадах вэ? Есүс Христийн Цагаатгалаар дамжин наманчлагчийн гэм нүгэл угаагдах болно; хэдийгээр тэдгээр нь хүрэн улаан боловч ноос шиг цагаан болгогдох болно [Исаиа 1:18-г үзнэ үү]. Энэ бол та бидэнд өгөгдсөн амлалт юм.”8

Бид Цагаатгалын талаар Их Эзэн үүнийг хэрхэн хийж гүйцэтгэснийг мэдэхгүй. Харин зовлон зүдгүүрийн ариун талбар болох Гетсеманигаас эхлэн Голготад төгсгөл болсон аймшигт өвдөлтийн нэг хэсэг нь цовдлолтын харгис тамлалт байсан гэдгийг мэднэ.

Лукын номонд ингэж тэмдэглэсэн байдаг:

“Тэр тэднээс чулуу шидэх зайтай холдон, өвдөг сөгдөөд ингэж залбирав.

“Эцэг минь, хэрэв Та хүсэж байгаа бол энэ аягыг Надаас зайлуулаач. Гэвч миний хүсэл бус, харин Таны хүсэл биелэгдэг гэв.

“Тэгтэл тэнгэрээс тэнгэр элч Түүнд үзэгдэн, Түүнийг тэнхрүүлж байлаа.

“Тэр зовж, шаналж байсан тул маш шаргуу залбирч байлаа. Түүний хөлс нь цусны дусал мэт газарт дусалж байв.”9

Одоогийн байдлаар Аврагч Гетсеманий цэцэрлэгт юуг тэсэж гарч байснаа Өөрийн үгээр илэрхийлсэн миний хэлж чадах ганц л тохиолдол байна. Илчлэлтэд ингэж бичсэн байдаг:

“Учрыг болгоогтун, хэрэв тэд наманчлах аваас, тэд зовохгүй байж болохын тулд Бурхан, би бээр бүхний төлөө эдгээр зүйлүүдийг амссан билээ;

“Гэвч хэрэв тэд үл наманчлах аваас, бүр миний адилаар тэд зовох ёстой;

“Бүр бүхнээс хамгийн агуу Бурхан намайг өвдөхийн улмаас дагжин чичрэх, мөн сүв бүрээс цус шүүрсэн билээ.”10

Амьдралдаа хэзээ ч тийшээ явах хэрэггүй байсан газар руу явсан, мөн хэзээ ч хийх хэрэггүй зүйлийг хийсэн тохиолдол та нарт байж мэднэ. Хэрэв та нар гэм нүглээс эргэж, бүрэн наманчлалын замыг дагасан бол амар амгаланг нэг л өдөр мэдрэх болно.

Бидний хийсэн буруу зүйл юу болохоос, бидний үйлдэл хэн нэгнийг хэр зэрэг их гомдоосноос үл хамааран, бүх буруу зүйлс алга болно. Миний хувьд бүх судрууд дахь хамгийн гайхамшигтай үгс бол, “Болгоогтун, нүглүүдээ наманчилсан тэрээр, мөнхүү тэр нь өршөөгддөг ажгуу, мөн Их Эзэн, би бээр тэдгээрийг цаашид санах нь үгүй”11 хэмээн сударт өгүүлсэн Их Эзэний үгс билээ.

Бидэнтэй нэгдэх бүгдийг бид хүлээн авч, өөрсдийн туршлагаар дамжуулан тэдэнд гэм нүглээ наманчилж, Христийн цусаар цэвэр болгогдож, амьдралынхаа эцэст хөшгөөр дамжин гарах боломжийг олгох нь Есүс Христийн сайн мэдээ болон Цагаатгалын зорилго юм. 12

Энэ бол Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн дэлхий даяар хийдэг зүйл бөгөөд харанхуйд байгаа болон замаа алдсан хүмүүст бидний өргөх Гэрэл юм. Манай гишүүд хийгээд номлогчид хаана байгаагаас үл хамааран бидний чухалчлан өгдөг ганц захиас бол Аврагч Есүс Христэд итгэх итгэл ба найдварын талаар байдаг билээ.

Ерөнхийлөгч Жозеф Фиелдинг Смит “Аяны зам тань алс хол, хэцүү мэт санагдана уу?” дууллын үгийг бичсэн юм. Тэр миний дотны анд байлаа. Үүнд Аврагчийн сургаалыг дагахаар эрэлхийлж буй хүмүүст урам зориг, амлалт агуулагдсан байдаг:

Аяны зам тань хүнд бөгөөд өгсүүр,

Алс хол юм шиг хэцүү санагдана уу?

Өргөс хийгээд хатгадаг мод замд тань байна уу?

Өндөрт мацаж, өдрийн халуунд

Өндийж босохоор зүдэрч явахад тань

Үзүүртэй хад хөлийг тань зүсэв үү?

Үүрэх ёстой ачаандаа дарагдан байхдаа,

Үргэлж сэтгэлээр унаж, гунигт автан,

Үүрдийн Сүнс тань ядарч туйлдана уу?

Дахин өргөхийг хүчилсэн ачаа тань

Даагдашгүй хүнд мэт санагдана уу?

Дарамтыг тань хуваалцах хэн ч алга мэт байна уу?

Нэгэнт эхэлсэн хүнд аяндаа

Найдвар итгэлээ бүү алдаарай;

Таныг дуудсаар буй Нэгэн бий.

Тиймээс баяртайгаар дээш хараад,

Түүний гараас атгаарай;

Тэр таныг шинэ өндөрлөгүүдэд—

Aдын зовлон бэрхшээл эцэс болох,

Ариун нандин газруудаар удирдана,

Тэгээд амьдрал тань нүглээс чөлөөлөгдөнө.

Тэнд гуниг зовлон үгүй учир,

Таны нулимс үл урсана.

Түүний гараас атгаад, дотогш ор.13

Есүс Христийн нэрээр, aмeн.